#1 ТЭСЭЖ ҮЛДСЭН НЭГ ЖИЛ
Өмнөх засгийн тендерийн олсон дээр өндийж, өөрийн засгийн ЖДҮ-ийн гинжинд бүдрэх дөхсөн “Сүх” сайд суудалтайгаа мэнд үлдсэний нэг жилийн ой тохиож байна.
Намынхан нь түүхэн үнэнтэйгээ сөргөлдөн байж түүний засгийг унагааж эс барав. Тэр үлдэхдээ ЖДҮ хуссан гишүүдтэйгээ хариуцлага тооцож, олигархуудын хуудуутай авсан өмчийг ард түмэнд нь өгнө гэх итгэлтэйгээр ширээгээ чанга цохиод, зандан модон сандал дээрээ үлдсэн билээ. Энэ хугацаанд юу болов. Түүхий нүүрсээ хориглоод, шахмал түлш түлүүлэхээр болов. ЖДҮ жинхэнэ байндаа туссан ч “хуссан” гишүүдтэйгээ хариуцлага тооцож чадаагүй. Тостын нурууг тэнийлгэж бүхлээр нь тусгай хамгаалалтад авсан ч гар дүрсэн намынхаа гишүүнд тодорхой хариуцлагаа тооцоогүй. Боловсруулах үйлдвэр, цэвэрлэх байгууламж аль хэдийнээ гараанаас гарч, том төсөл олон улсын зах зээл дээр арилжаалагдах хүлээлттэй сууна.
#2 САЙД АСАН Б.БАТЗОРИГИЙН ХЭРГЭЭР ПРОКУРОР ЭСЭРГҮҮЦЭЛ БИЧЛЭЭ
Хүнс, хөдөө аж ахуйн сайд асан, УИХ-ын гишүүн, яллагдагч Б.Батзориг нарын долоон хүнд холбогдох эрүүгийн 1802 00488 0258 дугаартай хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан өнгөрсөн долоо хоногийн даваа гараг буюу арваннэгдүгээр сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж, шийдвэрээ гаргасан билээ.
Тодруулбал, тус шүүх хуралдаанд яллагдагч Д.Энхбат, С.Төгсбилэг, Б.Мөнхтулга, Э.Чагнаасүрэн, Ч.Хашчулуун, В.Одхүү, Б.Батзориг нар болон тэдгээрийн өмгөөлөгч нараас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.15-д заасан үндэслэлээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэх талаар гаргасан хүсэлтээсээ татгалзаж, яллагдагч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, Эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан тул шүүх хүсэлтийг хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 болон 17.5 дугаар зүйлийн 4-т заасан ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж үзэн, Шүүхийн тухай хуулийн 31.4 дүгээр зүйл болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.2, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон дээрх яллагдагч нарт холбогдох хэргийг Нийслэлийн Прокурорт буцааж шийдвэрлэсэн юм.
#3 Н.ЗОЛЖАРГАЛЫН ШҮҮХ ХУРАЛД ГЭРЧИЙГ АЛБАДАН ИРҮҮЛЭХЭЭР БОЛЖЭЭ
Өнгөрөгч 2018 оноос эхлэн Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргалыг авлига, албан тушаалын хэрэгт холбогдуулан Авлигатай тэмцэх газар /АТГ/-аас шалгаж эхэлсэн байдаг. Түүнийг хүү багатай зээл олгосон, Австри улс руу их хэмжээний мөнгө шилжүүлж, орон сууц худалдан авсан зэрэг асуудлаар мөрдөн шалгах ажиллагаа явуулж байсан.
Тодруулбал, Н.Золжаргал нь арилжааны банканд зээл олгохдоо тогтоосон хэмжээнээс бага хүүтэй зээл олгосон нь тогтоогдож, хэргийг эргэн хянах хүсэлтийг мөрдөх албанаас Монголбанканд гаргаж байсан юм. Улмаар АТГ-аас Австри улс руу санхүүгийн хамтарсан мөрдөн шалгах ажиллагаа явуулах даалгавар хүсэлтээ өгсний дараа, энэхүү хэрэгтэй холбоотой нотлох баримтууд ирүүлснийг хавтаст хэрэгт хавсарган хэргийг прокурорт шилжүүлсэн байдаг. Улмаар прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан”, 22.10 дугаар зүйлд заасан “Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн”, 18.6 дугаар зүйлд заасан “Мөнгө угаасан” хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлээд байгаа билээ.
#4 З.БАЯНСЭЛЭНГИЙН ХЭРГИЙГ ТУСГААРЛАЖ, БУСДЫГ НЬ ҮРГЭЛЖЛҮҮЛЭН ШҮҮНЭ
Барилга, хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгийг өнгөрөгч аравдугаар сарын 21-ний өдөр цагдан хорих шүүхийн шийдвэр гарсан.
Өнгөрсөн хугацаанд түүнийг хэрэг шийдвэрлэх явцад саад учруулсан гэх үндэслэлээр ШШГЕГ-ын харьяа Урьдчилан хорих 461 дүгээр ангид саатуулж байсан юм. Түнийг ийнхүү хоригдож байхад төрсөн дүү нь нас барсан учраас тэрбээр дүүгийнхээ ажил явдалд оролцохоор батлан даалтад гарах хүсэлтээ шүүхэд хүргүүлсэн ч түүний хүсэлтийг шүүх хангаагүй билээ. Улмаар З.Баянсэлэнгэ, М.Болортуяа нарын 11 хүнд холбогдох хэргийг шүүх хурал өчигдөр 10:00 цагаас Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлж, шүүгдэгч З.Баянсэлэнгэ хорих ангиас хуралд оролцохоор ирээд байсан. Хуралдааны явцад түүний хэргийг тусгаарлаж, З.Баянсэлэнгийг үргэлжлүүлэн хорих шийдвэр гаргасны дагуу тэрбээр хорих анги руу буцсан юм.
#5 ЦЭЦИЙН ДАРГЫГ СОНГОХ ХУРАЛДААН ХОЙШЛОГДЛОО
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн даргад нэр дэвших, дэвшүүлэх, сонгох асуудлыг өнөөдөр /2019.11.29/ хэлэлцэх байсан Үндсэн хуулийн цэцийн нийт гишүүдийн хуралдаан хойшлогдлоо. Учир нь Үндсэн хуулийн цэцийн нэр бүхий гишүүн хүндэтгэн үзэх шалтгаанаар хүрэлцэн ирээгүй учраас хуралдааныг хойшлуулсан байна.
Цэцийн нийт гишүүдийн хуралдааныг ирэх даваа гарагт буюу 2019 оны арванхоёрдугаар сарын 02-ны өдрийн 11.00 цагаас хийхээр товлосон гэж Цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.
Сэтгэгдэл ( 0 )