БНАСАУ хүнд даацын тийрэлтэт пуужингийн систем туршсан нь үндэсний батлан хамгаалах чадавхаа бэхжүүлэхэд чиглэсэн гэж шинжээчид үзэж байна. Мөн хэлэлцээрийн үйл явцад АНУ-д нөлөөлөх гэсэн оролдлого гэв. Мэргэжилтнүүд Пеньян цөмийн туршилт хийхээс татгалзсаны дараа Вашингтонтой хийсэн яриа хэлэлцээ саяхан зогсонги байдалд орсон. Хойд Солонгосын тал үүнийг хангалттай тодорхой алхмууд хийсэн гэж үзэж байгаа бөгөөд америкчууд “бүх зүйлийг нэг дор” авахыг хичээж байна гэжээ. Шинжээчдийн үзэж байгаагаар 2019 оны эцэс хүртэл БНАСАУ эрс алхам хийхгүй аж. Ирэх жил нөхцөл байдал харилцан адилгүйгээр өөрчлөгдөж магадгүй ч буулт хийх төлөв байгаа гэнэ.
БНАСАУ өнгөрсөн пүрэв гарагт тодорхойгүй төрлийн пуужин харвасан талаар Өмнөд Солонгосын Штабуудын дарга нарын хорооноос мэдээлсэн билээ. Уг тодорхойгүй төрлийн пуужин Япон тэнгист унажээ. Японы эрх баригчид тус тэнгист байгаа хөлөг онгоцнууддаа сэрэмжтэй байхыг анхааруулсан юм.
Тэгвэл БНАСАУ Үндэсний батлан хамгаалах академийн бэлтгэлийн бааздаа “хэт том тийрэлтэт пуужингийн хэрэгсэл” туршсан гэж БНСУ мэдээлжээ. Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун тийрэлтэт пуужингийн систем харвах туршилтад биечлэн оролцсон гэж мэдээлсэн байна. Энэ нь БНАСАУ-ын цэргийн техникийн давуу тал болон пуужингийн системийн найдвартай ажиллагааг бататгасан гэж өмнөдүүд мэдээлжээ. Өмнөд Солонгосын штабын дарга нар Япон тэнгис рүү тийрэлтэт пуужингийн системээс хоёр богино зайн тусгалтай пуужин хөөргөсөн болохыг батлав. Өмнөд Солонгосын цэргийнхэн пуужингууд 380 км зайг туулсан гэсэн бөгөөд нислэгийн дээд өндөр нь 97 км байжээ.
“Ёнап” агентлагийн мэдээлснээр дээрх туршилт нь ийм төрлийн пуужингийн системийн дөрөв дэх туршилт юм. Үүнээс өмнө өнгөрсөн наймдугаар сарын 24, есдүгээр сарын 10, аравдугаар сарын 31-нд ийм төрлийн туршилтыг хийжээ. Шинэ туршилтын дараа Өмнөд Солонгос, Япон болон АНУ-ын төлөөлөгчид утсаар ярьж, Пеньяны үйлдлийг хэлэлцсэн байна. Оросын Шинжлэх ухааны академийн Алс Дорнодын хүрээлэнгийн Солонгос судлалын төвийн тэргүүлэх судлаач Евгений Кимийн хэлснээр, БНАСАУ АНУ-тай байгуулсан гэрээгээ зөрчилгүй гаднын аюул заналаас өөрийгөө хамгаалах шийдвэрээ харуулжээ. Цөмийн туршилт хийгээгүй гэж шинжээч үзэж байна. “Эдгээр туршилтууд нь Хойд Солонгос бүрэн бууж өгөхгүй гэдгээ харуулж байна. Энэ бол БНАСАУ улс орныхоо батлан хамгаалах хүчийг улам бүр бэхжүүлэх болно гэдгийг гадаад ертөнцөд үзүүлж буй дохио юм. Магадгүй тэд хүнд пуужингаас татгалзаж магадгүй ч 500 км хүртэлх зайг туулах пуужин үйлдвэрлэх болно” гэж тэрбээр дүгнэв. Үүний зэрэгцээ, Кённамын их сургуулийн Алс Дорнод судлалын хүрээлэнгийн профессор Ким Дон Ёп туршилтын үеэр БНАСАУ-ын удирдагч дэргэд нь байгаа нь эрэг орчмын галын систем бараг бүрэн ажиллаж байгааг илтгэж магадгүй гэж үзэв. Шинжээч Пеньяны бүх үйлдлийг Вашингтонтой хэлэлцээрийн явцад шахалт үзүүлэх оролдлоготой холбохгүй байхыг уриалжээ. “Би Хойд Солонгосын аливаа үйлдлийг АНУ-д шахалт үзүүлж байна гэж тайлбарлахаа зогсоосой гэж хүсэж байна” гэж Ким Дон Ёп хэлээд БНАСАУ-ын хөгжлийн шинэ стратегийн үзэл баримтлалыг боловсруулах явцад батлан хамгаалах чадвараа хадгалахын зэрэгцээ эдийн засгийн хөгжилд шилжих сонирхолтой байгаа гэж тайлбарлав. Үүнтэй холбоотойгоор Пеньян “уламжлалт зэвсгээ” сонгон авч шинэчилж байгаа аж.
Хэлэлцээрийн бэрхшээл
БНАСАУ болон АНУ хэд хэдэн удаа хэлэлцээ хийж, Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах талаар ахиц дэвшил гаргахыг хичээсэн билээ. АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп, Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун нар гурван удаа уулзсан юм. Тэд 2018 онд Сингапурт анх удаагаа уулзаад хэлэлцээрийн үр дүнд хамтарсан баримт бичигт гарын үсэг зурсны дагуу Пеньян Вашингтоны аюулгүй байдлын баталгааны оронд цөмийн зэвсгээс ангижрах үүрэг хүлээсэн гэхэд болно. Энэхүү уулзалтын дараа БНАСАУ цөмийн туршилтаа зогсоосон ч Вашингтон Хойд Солонгосын аюулгүй байдлын баталгааг хангаагүй, хориг арга хэмжээгээ сулруулаагүй учир цөмийн зэвсгээс татгалзах үйл явц зогсонги байдалд орсон. АНУ, Хойд Солонгосын удирдагчдын хоёр дахь уулзалт өнгөрсөн хоёрдугаар сард Ханойд болсон ч дээд хэмжээний уулзалт амжилтгүй болов. Тэд хамгийн сүүлд өнгөрсөн зургаадугаар сарын 30-нд Хойд болон Өмнөд Солонгосын хоорондох цэрэггүй бүс дэх Панмүнжомд уулзсан юм. Трамп, Ким нар цөмийн зэвсгээс ангижруулах асуудлаарх хэлэлцээг үргэлжлүүлэхээр тохиролцсон. Энэ асуудлаарх ажлын хэсгүүдийн түвшний шинэ дээд хэмжээний уулзалт өнгөрсөн аравдугаар сарын эхээр Шведэд болсон ч Хойд Солонгосын тал шийдвэртэй алхам хийгээгүй, АНУ ямар ч бүтээмжтэй санал боловсруулалгүйгээр өндөрлөжээ. Үүний дараа Пеньян АНУ "БНАСАУ-тай холбоотой дайсагнасан бодлогыг бүрэн бөгөөд эргэлт буцалтгүй орхих арга хэмжээ авах хүртэл” Вашингтонтой яриа хэлэлцээгээ үргэлжлүүлэх бодолгүй байгаагаа мэдэгдсэн билээ. Хойд Солонгосын үзэж байгаагаар америкчууд 2019 оны эцэс гэхэд үүнийг хийх ёстой. “Бид Америкийн талд асуудлыг шийдвэрлэх арга замыг тодорхой зааж өгсөн учир яриа хэлэлцээний цаашдын хувь заяа нь АНУ-ын байр сууринаас хамаарна. Эцсийн хугацаа энэ оны эцэс хүртэл” гэж БНАСАУ-ын Гадаад хэргийн яамны мэдэгдэлд дурджээ.
Уулзах алхам
Хойд Солонгосын Гадаад хэргийн яамны тусгай элчин төлөөлөгч Ким Мён Гил өнгөрсөн сарын дундуур АНУ-ын БНАСАУ-ын асуудал эрхэлсэн төлөөлөгч Стивен Биганыг хоёр улсын хооронд хэлэлцээ хийх хүсэлтийг гуравдагч улсаар дамжуулан хэлсэн гэжээ. Доналд Трамп энэ талаар “Твиттер”-ээрээ дамжуулан Ким Жон Унд хандан “Удахгүй уулзъя” гэж бичсэн билээ.
Тэрбээр Хойд Солонгосын удирдагчтай ярилцахад бэлэн байгаа бөгөөд “БНАСАУ асуудлыг хэлэлцээрийн замаар шийдвэрлэх боломжтой бол АНУ хаана ч, хэзээ ч яриа хэлэлцээ хийхэд бэлэн байна” гэжээ.
Үүний дараа АНУ БНАСАУ-тай яриа хэлэлцээгээ хэвийн болгох талаар тодорхой практик алхмуудыг хийж эхэлсэн. Пентагоны тэргүүн Марк Эспер АНУ болон Өмнөд Солонгос өнгөрсөн арван нэгдүгээр сарын сүүлчээр хийх байсан хамтарсан цэргийн сургуулилтыг хойшлуулсныг мэдэгдсэн юм. Батлан хамгаалахын сайдын хэлснээр энэ алхам нь Вашингтоны зүгээс “дипломат хүчин чармайлтад таатай уур амьсгалыг бий болгоход чиглэсэн” алхам аж.
Байр сууриа бэхжүүлэх нь
Зарим судлаачийн үзэж буйгаар Хойд Солонгос болон АНУ харилцан буулт хийх шинэ систем рүү шилжжээ. Ким Жон Ун оны эцэс хүртэл Сингапурт өгсөн амлалтаа биелүүлсээр байх ч Америкийн Ерөнхийлөгчийн хариу арга хэмжээ харагдахгүй бол тэр цөмийн туршилт хийж эхэлнэ гэж шинжээчид үзэж байна. АНУ одоохондоо шаардлагатай хэмжээгээр зохих арга хэмжээ аваагүй гэж БНАСАУ үзэж буй. Хойд Солонгос одоо АНУ-аас шинэ хандлага хүлээж байна. Үүний зэрэгцээ Солонгосын хойгийн байдал хоёр улсын хэлэлцээр эхлэхээс өмнө илүү тайван болжээ. Гэхдээ АНУ өөр алхам хийхгүй бол цөмийн зэвсгээс ангижрах боломжгүй аж.
Сэтгэгдэл ( 0 )