УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдөр /2019.12.05/-ийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан нарын зургаан гишүүний 2018 оны арванхоёрдугаар сарын 2-нд өргөн мэдүүлсэн Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа “Сонгуулийн хуулийг хэлэлцэх явцад засаж залруулах зүйл гарах байх. Хуулийн төслийн 75.2.2-оос эхлээд 75.2.5 хүртэлх заалтуудад тогтолцоог заажээ. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр бид ийм хэлбэрийг томьёолж оруулж ирсэн боловч унагасан. Гэтэл Сонгуулийн хуулиа оруулж ирэхдээ Үндсэн хуулийн өөрчлөлтөөр дэмжээгүй хувилбараа оруулж байгаа нь Үндсэн хууль зөрчсөн үйлдэл болохгүй юу. Хэрэв тийм бол Сонгуулийн тухай хууль өргөн барих нь ёс зүйгүй асуудал. Хэдхэн хоногийн өмнө Үндсэн хуулиа баталж, алга нижигнүүлэн ташчихаад буцаагаад Үндсэн хуульдаа нулимж байгаа юм биш биз. Мөн том тойргоор 26 хүний жагсаалт гаргана гэсэн байна. Хувь хүн энэ жагсаалтад орно гэвэл яах вэ. Та намаас өрсөлд гэж болохгүй. Бие даагч хүн улсын хэмжээнд өрсөлдөнө гэвэл хэрхэн хандах вэ. Түүнчлэн сонгуулийн хандивын заалтууд шинэчлэгдээгүй харагдаж байна. Биет хөрөнгийг ашиглуулж болно гэсэн илүү зүйл нэмсэн бололтой. Хандив гэдэг зүйлд бид хэрхэн хандах вэ. Намын санхүүжилтийг хэрхэн цэгцлэх вэ. Би өнгөрсөн сонгууль шиг зүйл болох вий гэж болгоомжилж байна. Сонгуулийн хандив босгох гэж схем зурж ярьчхаад өнөөдөр хилсээр хоёр нөхрийг шоронд хийчихсэн. 1500 гаруй төрийн албан хаагчдаас мэдүүлэг авч мөнгөөр ажилд орсон гэдэг нь нотлогдоогүй байхад яг тийм заалтаар яллах гэж байгаад гэнэт хальт үсрээд шал өөр зүйл ангиар Ц.Сандуй, А.Ганбаатар нарыг дөрөв, дөрвөн жилээр яллаад шоронд суулгачихсан. Хэрэв бид хуулиа боловсронгуй болгохгүй бол цаашдаа нам, олон нийтийн төлөө зүтгэж явсан хүмүүс шоронд ордог үүд хаалга хэвээр үлдэх юм биш биз дээ. Ер нь сонгуулийг худалдаж авдаг тогтолцоог өөрчлөх заалт оруулж болохгүй юу. Жишээлэхэд, сонгуулийн бүрэн эрхийн хугацаанд УИХ-ын гишүүнд төлбөргүй хандив, үйлчилгээ үзүүлж болохгүй гэх заалт оруулмаар байна. Тэгсэн цагт УИХ-ын гишүүн элдэв долоон зүйл нэхүүлээд байхгүй, яг хуулийнхаа хүрээнд ажлаа хийх боломж бүрдэнэ гэж бодож байна” хэмээн лавлав.
Үүнд УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан “Бие даагч улс 26-д нэр дэвших боломж байхгүй. Улс нэг тойрог гэсэн тогтолцоонд нам болон эвслүүд нэр дэвшүүлэх эрхтэй. Бие даагчид жижиг 50 тойрог дээрээ нэр дэвшинэ. Өмнөх сонгуулийн үеэр ч бие даагч нарын асуудал том тойрог дээр хаалттай байсан. Мэдээж бидний санал болгож байгаа хувилбар хамгийн төгс биш. Сонгуулийн тогтолцоо болгон сул талтай байдаг. Энэ тогтолцоогоор хүнд өгсөн саналыг намд өгснөөр хувь тэнцүүлж хуваарилахад жижиг намуудын олон санал авсан хүмүүсийн эрх ашиг хөндөгдөх асуудал байдаг. Бусад улсад үүнийг зохицуулсан байдаг. Голландад 25-аас дээш хувийн санал авсан бол дараалал харгалзахгүйгээр жагсаалтад ордог тогтолцоо бий. Харин санхүүжилтийн хувьд ил тод байх ёстой гэж байгаа. Үндсэн хуульд улс төрийн намын зохицуулалтыг оруулсан. Сонгуулийн хуулийн дараа цаг алдалгүй Улс төрийн намын тухай хуулийг хэлэлцэх учиртай. Ажлын хэсгийн С.Бямбацогт гишүүн ахалж байгаа. Энэ хуулиар улс төрийн нам ямар санхүүжилттэй байх нь тодорхой болно. Хуулийн төсөлд бид зардлын дээд босго тавьж байгаа. Газар нутгийн хэмжээ, сонгогчдын тооноос шалтгаалсан зардлуудыг Аудитын ерөнхий газар, Сонгуулийн ерөнхий хороо хамтарч зардлын босгыг батлах зохицуулалт орсон. Таны хэлсэнчлэн мөнгөний сонгууль болдог гэдэгтэй санал нэг байна. Цаашид сонгуулийг зардал багатай, шударга явуулах вэ гэдэг эрмэлзлээр ажилласан” хэмээн тайлбар хийлээ.
Байнгын хорооны хуралдаан үргэлжилж байна.
Сэтгэгдэл ( 0 )