Г.Занданшатар: Тодорхойгүй шалтгаанаар саналууд солигдсон тул сонгуулийн хуулийг маргааш батална

Автор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 19

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан нарын зургаан гишүүний өргөн барьсан Сонгуулийн тухай хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн ч маргаантай асуудал үүссэн тул УИХ-ын дарга хуралдааныг маргааш хүртэл хойшлууллаа. Учир нь Төрийн байгуулалтын байнгын хорооны дэмжсэн саналуудыг чуулганы нэгдсэн хуралдаанаар нэг бүрчлэн батлах явцад зарим зүйл, заалт өөрчлөгдсөний улмаас гишүүдийн дэмжлэгийг авч чадаагүйгээр барахгүй зарим гишүүдийн хооронд маргаан дэгдээсэн юм.  

Иймд Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт “Сонгуулийн хуулийг ингэж батлахгүй ээ. Хэлэлцээд ярилцаад орж ирсэн саналууд унаад эхэлж байна. Бушуу туулай борвиндоо баастай гэж ингэж яарч сонгуулийн хуулийг батлахгүй. Ажлын хэсэг дахиж хуралдъя, байнгын хороо хуралдъя. Ийм байдалтай байж болохгүй. Зарим санал алга болсон байна. Ажлын хэсэг дээр алдаа гарч байх шиг байна. Бие бие рүүгээ дайраад асуудал шийдэгдэхгүй” гэсэн бол УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан “Хүмүүс ойлголцолгүй саналыг унагачихлаа. Төрийн байгуулалтын байнгын хороо дахин хуралдаж гарцаагүй хайрцагласан саналуудаа оруулж ирье. Заавал өнөө шөнө дуусгах гээд байх албагүй шүү дээ” хэмээн байр сууриа илэрхийллээ.  

Үүнд УИХ-ын дарга Г.Занданшатар “ Сонгуулийн хуулийг маргаан, зөрчилгүй, улс төрийн намуудын зөвшилцлийн хүрээнд, холбогдох байгууллагуудын саналд үндэслэн эцэслэн батлах ёстой. Өнөөдрийн байнгын хороон дээр дэмжсэн саналууд тодорхойгүй шалтгаанаар солигдсон болон алга болсон байна. Бушуу туулай борвиндоо баастай. Маргааш хуралдаж сонгуулийн тухай хуулиа батална. Тиймээс өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөснийг мэдэгдье” гэснээр чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top