Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээрийг батлах тухай хуулийг баталлаа

2019 оны 12 сарын 13

Улсын Их Хурлын 2019 оны намрын ээлжит чуулганы (2019.12.12) нэгдсэн хуралдаан 15 цагт 28 минутад эхэлж, Өмгөөллийн тухай хуульд хэсэгчлэн, хамт баталсан Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн зарим бүлэг хүчингүй болсонд тооцох тухай хуульд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хориг-ийг хүлээн зөвшөөрөх эсэх асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэв.

Ерөнхийлөгчийн хориг, Байнгын хороодын санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн М.Билэгт, Б.Пүрэвдорж, Н.Учрал нар асуулт асууж тодрууллаа. Өмгөөллийн тухай хуулиар “Өмгөөлөгчдийн холбоо”-г байгуулж буй ч хоригт дурдагдаж буй шиг Хуульчдын холбоог татан буулгах асуудал дээрх хуульд огт тусгагдаагүй гэдгийг Ц.Мөнх-оргил гишүүн хэллээ. Эдгээр холбооны үйл ажиллагаа, гишүүнчлэлийн татвар зэргийг давхардуулахгүй байх зохицуулалт хийнэ гэдгийг хэллээ. Нэг чиглэлийн гэж тодотгоод байгаа хэдий ч хийж буй ажил, чиглэл нь өөр, нөгөөтэйгүүр Хуульчдын холбооны зарим шийдвэр Үндсэн хуулийн зохицуулалттай, Ерөнхийлөгчийн зарлигаас давсан зохицуулалттай байх нөхцөл үүссэн талаар тэрбээр дэлгэрэнгүй тайлбарласан. Өмгөөллийн тухай хуулийн гол зорилго бол иргэдийн хууль зүйн туслалцаа авах, өөрийгөө өмгөөлөх эрхийг хангах бөгөөд үүний тулд эрх зүйн зохицуулалт шаардлагатай байсан. Өмгөөллийн тухай хууль болохоос өмгөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хууль биш гэдгийг анхаарах нь зүйтэй. Өмгөөлөгчдийг хариуцлагажуулах, иргэд эрх, хүний үндсэн эрхийг хамгаалахад шаардлагатай механизм нь “Өмгөөлөгчдийн холбоо”-г бие даан байгуулах нь зүйтэй хэмээн үзсэн болохыг Ц.Мөнх-оргил гишүүн хэлж байв. Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар хоригийг хүлээн авах боломжгүй гэдэг байр суурийг тодорхой хэлж, НҮБ-аас 1990 онд батлагдсан “Өмгөөлөгчийн үүргийн талаарх зарчим”, Олон Улсын барын холбооны дүрэмд ч эдгээр зохицуулалт бий гэдгийг тайлбарласан юм. 

Ийнхүү гишүүд үг хэлж, байр сууриа илэрхийлсний дараа Байнгын хорооны саналаар санал хураалт явуулахад Өмгөөллийн тухай хуульд хэсэгчлэн, хамт баталсан Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн зарим бүлэг хүчингүй болсонд тооцох тухай хуульд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хориг-ийг хүлээн авах боломжгүй хэмээн гишүүдийн олонх үзлээ. Иймд энэ талаарх Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлах санал хураалт явууллаа. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 72.1 хувь нь дэмжсэн тул Улсын Их Хурлын тогтоол батлагдав. 

Дараа нь Инновацийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Дээд боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулж, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал танилцууллаа.  

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр асуулт асууж, ажлын хэсгээс тайлбар, мэдээлэл авсан юм. Үргэлжлүүлэн Байнгын хорооны дэмжсэн, дэмжээгүй зарчмын зөрүүтэй саналын томъёолол нэг бүрээр санал хураалт явуулан шийдвэрлээд эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр харъяалах Байнгын хороонд шилжүүллээ. 

Чуулганы нэгдсэн хуралдаан Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан нарын 11 гишүүн өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын 2019-2024 оны “Стратегийн төлөвлөгөөг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэн шийдвэрлэв. Төслийн үзэл баримтлалын талаарх Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан танилцуулсан. 

Монгол Улсын Их Хурал 2002 онд стратеги төлөвлөгөө баталсан байдаг. Үүнд 5 стратегийн зорилтын хүрээнд 54 арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Улсын Их Хурлын стратеги зорилтууд нь богино, дунд, урт хугацааны бизнес төлөвлөгөөгөөр зохицуулагдана гэж тусгасан боловч дунд, урт хугацааны бизнес төлөвлөгөөг баталж хэрэгжүүлээгүй аж. Улсын Их Хурлын стратеги төлөвлөгөөнд тусгасан стратегийн зорилтууд, түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээг 2002 оноос хойш Улсын Их Хурлын Тамгын газар зөвхөн тухайн жилийн үйл ажиллагааныхаа төлөвлөгөөнд тусган, хэрэгжүүлж ирсэн байна. 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн Улсын Их Хурлын даргын захирамжаар 2002 оны энэхүү стратеги төлөвлөгөөг шинэчлэн боловсруулах ажлын хэсгийг Улсын Их Хурлын дэд даргаар ахлуулан байгуулсан юм. Монгол Улсын Их Хурлын 2019-2024 онд хэрэгжүүлэх стратеги төлөвлөгөөг шинэчлэн боловсруулахад Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Их Хурлын тухай хууль, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль, Улсын Их Хурлын 2002 оны 22 дугаар тогтоолоор батлагдсан “Монгол Улсын Их Хурлын стратеги төлөвлөгөө”, уг төлөвлөгөөнд Улсын Их Хурлын Тамгын газраас хийсэн хяналт, шинжилгээ, үнэлгээний тайлан болон Олон улсын парламентын холбооны зөвлөмж, стратеги төлөвлөгөө боловсруулах гарын авлага, мөн өндөр хөгжилтэй болон хөгжиж буй зарим орны парламентын стратеги төлөвлөгөөний жишиг, туршлага, стратеги төлөвлөлтийн онолын чиг хандлагын талаар тоймлон судалж, дээрх эрх зүйн акт баримт бичгийг мэдээллийн эх сурвалж болгон ашигласан байна. 

Монгол Улсын Их Хурлын стратеги төлөвлөгөө агуулгын хувьд алсын хараа, эрхэм зорилго, тэдгээрийг хэрэгжүүлэх явцад баримтлах үнэт зүйлс, стратегийн зорилго, зорилтууд, тэдгээрийг хэрэгжүүлэх арга хэмжээ, хүрэх үр дүнгийн тодорхойлолт, хэрэгжилтийн эрсдлийн үнэлгээ зэрэг бүрэлдэхүүнтэй байна. Монгол Улсын Их Хурлын 2002 онд батлагдсан стратеги төлөвлөгөөнөөс 2002 онд батлагдсан стратегийн зорилго, зорилтууд, тэдгээрийг хэрэгжүүлэх арга хэмжээний цар хүрээний хувьд илүү өргөн агуулгатай, Олон улсын парламентын холбоо, НҮБ-ын зөвлөмж, гадаад орнуудын парламентын стратеги төлөвлөгөөний бүтэц, загварыг судлан өөрийн орны парламентын онцлогтой холбон шинэчилж байгаагаараа онцлогтойг танилцуулгад дурдсан. 

Монгол Улсын Их Хурлын 2019-2024 оны стратеги төлөвлөгөөний төсөлд 6 зорилго, 11 зорилт, 67 арга хэмжээ тусгагджээ. Хүрэх үр дүн нь

  1. Монгол Улсын Их Хурлын хууль тогтоох үйл ажиллагааг төгөлдөржүүлж, түүний чанар үр нөлөөг зорилгыг хэрэгжүүлж, хууль тогтоох үйл ажиллагаа сайжирч, түүний эрх зүйн орчин төлөвшнө. 
  2. Улсын Их Хурлын хянан шалгах үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлж, хуулийн хэрэгжилт түүний үр нөлөөг үнэлэх байнгын тогтолцоог бүрдүүлж, чадавхжуулах болно. Үүний үр дүнд парламентын хяналт сайжирч, хуулийн үр нөлөө дээшилсэн байна. 
  3. Улсын Их Хурал төлөвлөлтийн чиг үүргээ үр дүнтэй хэрэгжүүлж, үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг хангаж, парламентад итгэх ард түмний итгэлийг бэхжүүлэхийн төлөө ажиллана. Үүний үр дүнд Улсын Их Хурлын үйл ажиллагаа илүү нээлттэй, ил тод, хариуцлага сайжирч, Улсын Их Хуралд итгэх иргэдийн итгэл нэмэгдэх болно. 
  4. Улсын Их Хурлын гадаад харилцааг хөгжүүлж, парламент хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлнэ. Энэхүү зорилгыг хэрэгжүүлснээр олон улсын тавцанд Монгол Улсын Их Хурлын нэр хүнд дээшилж, байр суурь бэхжсэн байна. 
  5. Улсын Их Хурлын чадавхийг бэхжүүлж, үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлнэ. Парламент үр дүнтэй ажиллах дэд бүтцийг бүрдүүлж чадавх нь бэхжсэн байна. 
  6. Парламентын ажлын мэргэшсэн алба Улсын Их Хурлын Тамгын газрын чадавхийг дээшлүүлж, үйл ажиллагааны эрх зүйн үндсийг боловсронгуй болгон олон улсын жишигт хүргэхийн төлөө ажиллана. Ингэснээр Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын чадавх бүх талаар сайжирч, цахим парламент төлөвшсөн байна гэлээ. 

Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Хаянхярваа танилцуулсан бөгөөд Байнгын хорооны гишүүд хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзсэн байна. 

Төсөл санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар үг хэлж, санал хэлсэн. Ингээд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 56.4 хувь нь “Улсын Их Хурлын 2019-2024 оны Стратеги төлөвлөгөөг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.

Үргэлжлүүлэн Засгийн газар өргөн мэдүүлсэн Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж, энэ талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлах хамгаалахын сайд Н.Энхболд, Байнгын хорооны санал дүгнэлтийг Улсын Их хурлын гишүүн А.Ундраа танилцуулав. 

Ази, Номхон далайн бүс нутгийн хөгжиж буй орнууд зах зээлийн хүрээгээ тэлэх, үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, дотооддоо үйлдвэрлэх боломжгүй, эсхүл үйлдвэрлэхэд өндөр өртөгтэй бараа бүтээгдэхүүнийг хөнгөлөлттэй нөхцөлөөр авах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилгоор 1975 онд Бангкокийн хэлэлцээрийг байгуулж, 2005 онд Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээр /АНДХХ/ болгон өөрчилсөн. Тус хэлэлцээр Бангладеш, БНХАУ, Энэтхэг, Лаос, БНСУ, Шри Ланка зэрэг 6 гишүүн оронтой.

Хэлэлцээрийн бүтцийн хувьд АНДХХ нь 3 хавсралтаас бүрдэх бөгөөд 1 дүгээр хавсралтад Үндэсний хөнгөлөлтийн жагсаалт, 2 дугаар хавсралтад гарал үүслийн дүрэм, 3 дугаар хавсралтад гишүүн улс хооронд үйлчилгээний болон барааны худалдааг хөнгөвчлөх, хөрөнгө оруулалтыг дэмжих тухай ерөнхий хэлэлцээрүүд тус тус багтсан. Түүнчлэн, 2017 оны 1 дүгээр сард Бангкок хотноо болсон АНДХХ-ийн Удирдах зөвлөлийн хуралдаанаар хэлэлцээний 4 дүгээр үе шатыг эцэслэж, үндэсний хөнгөлөлтийн жагсаалтыг шинэчлэн баталж, гарал үүслийн шалгуурын тухай журамд нэмэлт, өөрчлөлт оруулсан.

Дээр дурдсан хавсралтууд болон нэмэлт, өөрчлөлт нь АНДХХ-ийн гишүүн улс хоорондын экспорт, импортын бараанд тусгай хөнгөлөлтийг олгож, барааны болон үйлчилгээний худалдаан дахь саад тотгорыг арилгах, хөрөнгө оруулалтын урсгалыг нэмэгдүүлэх чиглэлд хамтын ажиллагааны механизмыг бий болгох чухал ач холбогдолтой юм. Одоогийн байдлаар хэлэлцээрийн оролцогч улсууд нийт 4 удаагийн тарифын хэлэлцээгээр 10.000 гаруй бараа бүтээгдэхүүний татварыг харилцан бууруулах үүргийг хүлээсэн байна.

Монгол Улс АНДХХ-т нэгдэн орох хүсэлтээ 2009 онд илэрхийлсэн бөгөөд Засгийн газрын 2011 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн хуралдаанаар хэлэлцээрт нэгдэн орох хэлэлцээг эхлүүлэхийг Засгийн газрын холбогдох гишүүдэд даалгасан. Үүний дагуу АНДХХ-ийн гишүүн улсууд өөр хоорондоо хөнгөлөлттэй тарифаар солилцдог бараа бүтээгдэхүүнээс манай улсад үйлдвэрлэх боломжгүй болон өндөр өртөгтэй үйлдвэрлэгдэх 366 нэр төрлийн барааг сонгон авч үндэсний хөнгөлөлтийн жагсаалтыг гарган 2013 онд Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж дэмжсэн.

Манай Улсын гадаад худалдааны нийт бараа эргэлтийн 64,7 хувь, экспортын 90 хувь, импортын 30 хувийг АНДХХ-ийн гишүүн орнууд тус тус эзэлдэг. Уг хэлэлцээрт нэгдэн орсноор гадаад худалдааны зах зээлийг тэлэх таатай орчин бий болох бөгөөд манай экспортын бараа, бүтээгдэхүүн БНХАУ, БНСУ-ын зах зээлд дунджаар 40%-ийн хөнгөлөлт эдлэх боломж бүрдэх юм. Түүнчлэн, Монгол Улс БНХАУ, БНСУ- тай чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах боломжийг судалж байгаа энэ үед эхний ээлжинд хөнгөлөлттэй тарифыг хэрэглэж, үр дүнд суурилсан шийдвэр гаргахад таатай боломж бүрдэнэ.

Монгол Улс ДХБ-ын гишүүнээр 1997 онд нэгдэн орсон боловч одоогоор апиваа бүс нутгийн интеграцид хамрагдаагүй байна. Манай улс Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээрийн гишүүн болж, бүс нутгийн интеграцид нэгдэх нь эдийн засаг, улс төрийн хувьд хийх томоохон алхам болох аж. 

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, соёрхон батлах нь зүйтэй гэж үзсэн байна. 

Төсөл санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асуух, үг хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн тул санал хураалт явууллаа. Санал хураалтад оролцсон 38 гишүүний 24 буюу 63.2 хувь нь дэмжснээр Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээрийг соёрхон батлах тухай хууль батлагдав. 

Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгээр чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжиллээ. Төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ танилцуулсан. 

Монгол Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Х.Баделхан, Д.Дамба-Очир, Б.Дэлгэрсайхан нараас 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Хот суурины усан хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хэлэлцээд төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн юм. Байнгын хороо хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн хуралдаанаар хийсэн. Хэлэлцүүлгийн явцад гишүүдээс тодорхой санал гараагүй бөгөөд Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслийг дэмжиж, нэгдсэн хуралдаанд оруулан анхны хэлэлцүүлгээр батлуулах нь зүйтэй гэж үзжээ. 

Санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр асуулт асууж, тодруулга хийсний дараа санал хураалт явууллаа. Ингээд хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах Байнгын хорооны саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олон дэмжсэн тул Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг батлах санал хураалт явуулсан юм. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 64.1 хувийн саналаар дээрх хууль батлагдав. 

Хуралдааны төгсгөлд Далай ашиглах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэсэн. Төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, Эдийн засгийн байнгын хорооны санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ танилцууллаа. 

Монгол Улсын нэгдэн орсон далай ашиглахтай холбоотой олон улсын гэрээ, конвенцийн дагуу Олон улсын далайн байгууллагаас Монгол Улс далбааны эзэн улсын эрх үүргээ хэрхэн хэрэгжүүлж байгаад аудитын шалгалт хийхэд олон улсын гэрээ, конвенцид заасан шаардпага, хяналтын дүрэм, журмыг биелүүлээгүй нь далайн тээврийн салбар хөгжиж буй Монгол Улсын хувьд хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, олон улсын гэрээ, конвенцид заасан зайлшгүй биелүүлэх хэм хэмжээг үндэсний хууль тогтоомжид тусгах, бүртгэлтэй хөлөг онгоцны буюу далбааны эзэн улсын хяналтын механизмыг бүрдүүлэх шаардлага бий болжээ.

Хууль санаачлагч нь олон улсын дүрмийн тухай конвенциудад заасан шаардлагыг хангуулах, үзлэг, оношлогоонд хамруулах, гэрчилгээ олгох, далбааны эзэн улсын хяналт, шалгалтыг хэрэгжүүлэх, даатгал, далайн боомт ашиглалттай холбоотойгоос гадна хөлөг онгоц далайг бохирдуулсан, хөлөг онгоцны бүртгэл, техникийн хяналтын үйл ажиллагааны дүрэм, журмыг зөрчсөн, далайчны хөдөлмөрийн харилцаатай холбоотой болон олон улсын гэрээ, конвенцийн шаардлагыг биелүүлээгүй, хууль тогтоомжийг зөрчсөн этгээдэд хүлээлгэх хариуцлагатай холбогдсон зохицуулалтыг хуульд шинээр тусгах, холбогдох бусад хууль тогтоомжийн зөрчлийг арилгах зайлшгүй шаардлагатай гэж үзэж хуулийн төслийг боловсруулжээ.

Байнгын хорооны хуралдаанаар төслийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, хариулт авсан бөгөөд төслийн талаар тодорхой санал гаргаагүй байна. 

Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дээрх хуулийн төслийн үзэл баримтлалыг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзжээ. 

Төсөл санаачлагчийн илтгэл болон Байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан, Ц.Мөнх-оргил, Ж.Энхбаяр нар асуулт асууж, Гадаад хэргийн сайд болон Зам, тээврийн хөгжлийн сайд, холбогдох мэргэжилтнүүдээс хариулт, тайлбар авсан юм. 

Ингээд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 53.7 хувь нь хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороо, Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top