БНХАУ-ын ПАРЛАМЕНТЫН ЧУУЛГАН нээгдлээ

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 03 сарын 05

Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Хурлын жил бүрийн ээлжит чуулган өнөөдөр /2021.03.05/ өглөө нээгдлээ. Чуулганы гол асуудал нь БНХАУ-ын нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх 14 дүгээр таван жилийн төлөвлөгөөг батлах явдал юм. Чуулган нэг долоо хоног үргэлжилж, энэ сарын 11-нд өндөрлөх юм.

Ирэх таван жилийн төлөвлөгөөнд БНХАУ-ын үйлдвэрлэлийн бааз суурийг боловсронгуй болгох, зах зээлийн харилцааны субъектүүдийн бие даасан байдлыг хангах замаар Хятадын хөгжлийн дотоод хүчин зүйлсийн үүргийг нэмэгдүүлэх, үндэсний батлан хамгаалах, зэвсэгт хүчний шинэчлэлийг хурдасгах зэрэг гол зорилтуудыг тусгажээ. Түүнчлэн, хэт том хотуудын агломерацыг бий болгох асуудалд гол анхаарлаа хандуулах гэнэ. Том хотуудад суурилсан кластерууд бүс нутгийн өсөлтийн хөдөлгүүр болох ёстой.

Ирэх таван жилийн төлөвлөгөөнд мөн Хятадын барууны технологиос бие даасан байдлыг хангах зорилгоор өндөр технологийн салбарыг дэмжих зорилт тусгагджээ.

2020 оны арваннэгдүгээр сард БНХАУ-ын дарга Ши Жиньпин 14 дүгээр таван жилийн сүүлч гэхэд Хятад улс өндөр орлоготой улс болж, 2035 он гэхэд үндэсний эдийн засаг, нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээг хоёр дахин нэмэгдүүлнэ гэж мэдэгдэж байсан билээ. Үүний тулд Хятад улс ДНБ-ний жилийн өсөлтийн түвшинг таван хувьд барих ёстой гэж шинжээчид тооцоолжээ.

2021-2025 онуудад БНХАУ-ын Засгийн газраас байгаль хамгаалах чиглэлээр авах арга хэмжээний дүнд 2030 он гэхэд нүүрсхүчлийн хийн ялгаруулалтыг багасгасан үзүүлэлтээр тэргүүлж, 2060 он гэхэд нүүрсхүчлийг тэг ялгаруулалттай орон болох зорилт тавиад байна.

Үүний сацуу Хятадын парламент Хонконгийн сонгуулийн тогтолцоог шинэчлэх асуудлыг хэлэлцэхээр төлөвлөж байна. Энэ чиглэлээр авч буй Бээжингийн алхмыг барууны ертөнц Хонконгийн өөртөө засах эрх, ардчиллыг улам хүчтэй атгаж буй “төмөр барьц” гэж нэрлээд байгаа билээ.  

Хятадын өмнөө тавьсан зорилгодоо хүрэх замд хүн амын хөгжлийн нөхцөл байдал ноцтой асуудал болно гэж үзэж  байна. 1970-аад оны дунд үеэс Хятад улс “нэг гэр бүл-нэг хүүхэд” бодлогыг хэрэгжүүлсэн. Хүн ам нь хурдацтай хөгширч байгаатай холбогдуулан Хятадын эрх баригчид 2016 онд бүх гэр бүлд хоёр хүүхэдтэй болох зөвшөөрөл олгосон ч “бэби бүүм” болоогүй. Төрөлт дөрвөн жил дараалан буурч, сүүлийн 60 жилд гараагүй доод хэмжээнд хүрээд байна. Энэ нь эрүүл мэндийн үйлчилгээ, боловсролын өндөр зардалтай холбоотой гэж үздэг. Нөхцөл байдал өөрчлөгдөхгүй бол 2050 онд гэхэд Хятад улсад 60-аас дээш настай хүмүүсийн тоо 487 саяд буюу хүн амын 35 хувьд хүрэх юм. Тиймээс тус улсын Засгийн газар төрөлтийг нэмэгдүүлэх талаар тодорхой шийдвэр гаргах юм.

Улс төрийн тоймчид мөн нэг асуудалд онцгой анхаарал хандуулж байна. 2022 онд Ши Жиньпиний Хятадын Коммунист Намын Төв хорооны даргын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болно. Хятадын улс төрийн уламжлалыг үл харгалзан нам, засгийн “Олимп ууланд” залгамжлагч гарч ирээгүй л байна. Тиймээс Ши Жиньпин гурав дахь бүрэн эрхийн хугацаанд үлдэх магадлалтай гэж шинжээчид таамаглаж байна.

Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Хурлын чуулганы үеэр гол гол авто зам, Тяньаньмэний төв талбай, Ардын хурлын ордныг хатуу хамгаалалтад аваад байна. Түүнчлэн, улаан тууз бүхий сайн дурынхан нийгмийн хэв журмыг сахиулахад гар бие оролцож байна. Тусгай анги нэгтгэл, хуягт машин дайчлахаас гадна аюулгүй байдлыг хангах үүднээс нийслэл хот руу орж ирж буй урсгалыг хатуу хянаж байна. Үүний зэрэгцээ хотын төвийн агаарын орон зайг мөн хатуу хамгаалж  байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top