Японы Ерөнхий сайд парламентын доод танхимыг тараалаа

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 14

Японы шинэ Ерөнхий сайд Кишида Фүмиогийн санаачилгаар тус улсын парламентын доод танхим болох Төлөөлөгчдийн танхимыг тарааж, ээлжит бус бүх нийтийн сонгууль явуулахаар боллоо. Төлөөлөгчдийн танхимын дарга Тадамори Ошима Японы эзэн хаан Нарүхитогийн доод танхимыг тараах тухай зарлигийг хоёр танхимын нэгдсэн хуралдаан дээр уншив.

Өнөөдөр /2021.10.14/ өглөө Японы Засгийн газар парламентын доод танхимыг тараах тухай шийдвэр гаргаж, Японы эзэн хаанд хандан энэ шийдвэрийг батлах тухай хүсэлт хүргүүлсэн юм.

Ингэснээр Японы дайны дараах түүхэнд анх удаа бүх нийтийн сонгууль доод танхимын гишүүдийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсны дараа болох бөгөөд доод танхим тарсан өдрөөс санал хураалтын өдөр хоорондын хугацаа хамгийн богино болж байна гэж Киодо агентлаг онцолжээ.

Засгийн газрын тэргүүнийг сонгох, улсын төсвийн тухай хууль батлах давуу эрх эдэлдэг Төлөөлөгчдийн танхимын өмнөх сонгууль 2017 оны аравдугаар сарын 22-нд болж, гишүүдийнх нь дөрвөн жилийн бүрэн эрхийн хугацаа энэ сарын 21-нд дуусгавар болох ёстой байв. Доод танхимын 465 суудлын 305 нь эрх баригч Либерал ардчилсан нам, Комэйто намын эвсэл бүрдүүлж байв.

Бүх нийтийн сонгууль нь Кишидад цар тахлаас улмаас суларсан дэлхийн гурав дахь том эдийн засгийг сэргээх, коронавирусний халдварын эсрэг хариу үйлдлийг өргөжүүлэхэд чиглэсэн бодлогоо олон нийтээр дэмжүүлэх боломж олгоно гэж Киодо агентлаг онцолжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top