Японы парламентын ээлжит бус сонгуульд Ерөнхий сайд Санаэ Такаичигийн тэргүүлсэн Либерал ардчилсан нам /ЛАН/ ялалт байгуулжээ.
Санал хураалтын дүнгээр, ЛАН парламентын доод танхимын 465 суудлаас нийт 316 суудал авчээ. Сонгуулиас өмнө эрх баригч нам 198 суудалтай байсан билээ. Ингэснээр Санаэ Такаичи дээд танхимын хоригийг үл харгалзан, өөрийнхөө бодлого, санаачилгыг хэрэгжүүлэх, тэр бүү хэл Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулах боломжтой боллоо.
Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш Японы улс төрийн нам парламентынхаа доод танхимд гурваны хоёроос илүү хувийн санал авсан анхны тохиолдол болж буйг NHK онцолжээ.
“Сонгуулийн амлалтаа хувиралтгүй биелүүлэхэд анхаарлаа төвлөрүүлэх онцгой хүнд үүрэг даалгавар бидэнд оногдож байна” гэж Такаичи мэдэгджээ.
Ээлжит бус сонгуулиар гол сөрөг хүчин болох Төвийн шинэчлэлийн эвсэл 167 суудлаасаа 49 суудалтай болж, байр суурь нь суларчээ.
Японы ээлжит бус сонгууль сүүлийн 36 жилд анх удаа өвлийн улиралд болсноороо онцлог билээ. Санал хураалтад нийт 4.6 сая хүн оролцсон нь 2024 оны сонгуулийн ирцтэй харьцуулахад 2.5 хувиар буурчээ. Энэ нь цаг агаарын байдалтай холбоотой гэж үзэж байна. Тус улсад их хэмжээний цас орсны улмаас төмөр замын 37 чиглэл, 54 нислэг цуцлагдаад байв. Мөн 2026 он гарснаас хойш Токио хотод анх удаа цас оржээ.

Сэтгэгдэл ( 0 )