Японы эрх баригч эвсэл парламентын сонгуульд ялагдсан нь АНУ-ын эрх баригчдын сэтгэлийг түгшээж байна

Л.Батбаяр | Zindaa.mn
2024 оны 10 сарын 29

Японы Либерал Ардчилсан нам болон “Комэйто” намын бүрэлдэхүүнтэй эрх баригч эвсэл аравдугаар сарын 27-нд болсон парламентын сонгуульд ялагдсан нь АНУ-ын эрх баригчдын сэтгэлийг түгшээж байна Японы Nikkei сонин мэдээлсэн байна.

Уг сонинд мэдээлснээр, эрх баригч эвсэл парламентын нөлөө бүхий доод танхимд олонхын суудлаа алдсан нь АНУ-ын засаг захиргаа, Төрийн Департамент болон тагнуулын байгууллагууд Вашингтоны үзэж байгаагаар “алтан үедээ байгаа Америк-Японы цэргийн эвсэлд” учруулж болзошгүй эрсдэлүүдийг яаралтай горимоор үнэлж эхлэхэд хүргэжээ. “Улс төрийн эмх замбараагүй байдал” нь батлан хамгаалах чадвараа бэхжүүлэх төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхэд Япон улсад саад учруулж болзошгүй гэж АНУ болгоомжилж байгаа аж.

Японы эрх баригч эвсэл нь олонх болоход шаардлагатай 233 суудлаас нийтдээ 215 суудал авсан ба ЛАН дангаараа 191 суудал авсан юм. Энэ сонгуулиар сөрөг хүчний намууд парламентад нийлбэр дүнгээр 250 суудал авчээ. Сөрөг хүчин дотроос хамгийн олон буюу 148 суудлыг ерөнхий сайд асан Ёшихико Нода даргатай Үндсэн хуулийн ардчилсан нам авсан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top