Японы Ерөнхий сайд намын фракцаасаа гарлаа

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 12 сарын 08

Японы Ерөнхий сайд Фүмио Кишида өчигдрийг хүртэл даргалж байсан “Котикай” фракцаасаа гарчээ. Тус фракц олон жилийн турш орлогоо нуун дарагдуулсан, гишүүд нь хувь хүртдэг байсан гэх хэрэг дуулиан дагуулаад байна.

Токиогийн прокурорын газар эрх баригч Либерал ардчилсан намын таван фракцын намд цуглуулсан хандивын мөнгийг нуун дарагдуулсан гэх хэргийн шалгаж байна. Хандив цуглуулах арга хэмжээний тасалбарыг гол төлөв Японы бизнесийн хүрээнийхэн худалдан авдаг байна. Хандив цуглуулах энэхүү тогтолцоо нь улстөрч, фракцуудыг хахуульдах нэг хэлбэрийн хахууль болгохгүйн тулд нэг оройд цугларсан хандив 200 мянган иен буюу 1.3 мянган ам.доллароос дээш гарвал тайланд тасалбар худалдан авсан хүмүүсийн нэр болон хандивын хэмжээг бичдэг хуультай.

Гэтэл Японы Ерөнхий сайд агсан Шинзо Абэгийн фракц таван жилийн хугацаанд олон сая иений хандивыг ил болголгүй, нуун дарагдуулсан байна. Тэр бүү хэл тухайн улстөрч хуулиар тогтоосон хэмжээнээс давсан хандив цуглуулбал түүнд тодорхой хувийг нь олгодог байсныг шалгалтаар тогтоожээ. Энэхүү мөнгийг мөн намын санхүүгийн баримт бичиг болон улстөрчийн тайланд дурддаггүй байжээ. Абэгийн фракцад хэдэн арван гишүүн хэдэн арван сая иений хувь хүртдэг байсан нь тогтоогдсон байна.

Ийм хэрэгт сайд нарын танхимын ерөнхий нарийн бичгийн дарга, Кишидагийн “баруун гар” гэгддэг Хироказү Мацүно холбогдоод байна. Тэрбээр Абэгийн фракцад удирдах албан тушаал хашиж байсан тул энэ талаар мэдэхгүй байсан байх учиргүй гэж үзэж байна. Сүүлийн хэдэн хоног Мацүногийн уламжлалт ёсоор зохион байгуулдаг хэвлэлийн бага хурлын үеэр сэтгүүлчид энэ талаар асуулт тавих болсон ба тэрбээр хариулахаас зайлсхийдэг байна. Үүнтэй холбогдуулан сөрөг хүчнийхэн түүнийг энэ хэргийн талаар тодорхой тайлбар хийхгүй бол огцрох ёстой гэж шаардаж байна. Тэртээ тэргүй нэр хүнд нь унаад буй Кишидагийн Засгийн газарт энэ нь хүнд цохилт болно гэж үзэж байна. Сөрөг хүчнийхэн мөн хувь хүртсэн хэрэгт сэжиглэгдэж буй Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн сайд Ясүтоши Нишимүраг огцруулахыг шаардаж байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top