ОРШИЛ
Нийгмийн шилжилт, ороо бусгаа цагийн зурхай дээрээс бид соён гэгээрүүлэх ажлаа гээчихээд хөдөлсөн цагаас хойш 30 дахь оны босгоор давжээ. Хүмүүний сэтгэлд хамгийн ойр хүрэх соёл урлаг, уран зохиол, дэлгэцийн бүтээл нь соён гэгээрүүлэхээсээ илүүтэй урсгал чиглэл, элдэв “изм” нэрээр солио гажууд автсан. Тэр хэрээр уран бүтээлчид нийгмийн сэтгэлгээнд өөрөөр, шинэ төрхөөр хүрэх арга замаа хар бараан зүйлтэй уяад авсан нь нийгмийг соён гэгээрүүлэх бус улам бусармаг зүйл рүү татах болсныг нуух хэрэггүй. Бидний хараан зүхээд байгаа социалист нийгэмд соён гэгээрүүлэх ажил мөн чанараараа явж байсан гэхэд болно. Мэдээжийн хэрэг гэрэл сүүдэр, алдаа оноо байсан байж таарна. Гэхдээ л “Хөхөө гэрлэх дөхлөө” киног үзсэн залуус атар газрыг эзэмшиж, “Гэрлэж амжаагүй явна” кино үзсэн залуус уурхайд ажиллаж, “Загийн алим”-ыг үзсэн залуус илгээлт өвөртлөн хөдөөг зорьж байсан түүх халуунаараа байна. Энэ бол нийгмийн хаана нь хэн хэрэгтэй байгааг урлагаар татан, соён гэгээрүүлж байсан захын нэгэн жишээ.
Өнөөдөр нийгмийн бүхий л салбарт соён гэгээрүүлэх ажил дутагдаж байгааг юу юунаас харж болно. Бид гучаад жилийн тэртээгээс төрөө өөрсдөө сонгодог тогтолцоонд шилжиж, энэ цагаас хойш найм дахь удаагийн сонгууль өгөх гэж байна. Тодотгож хэлбэл, өөрсдөө долоон удаа сонгууль өгч долоон төр байгуулсан ч төрөө хараан зүхэж иржээ. Өөрсдөө сонгосон түшээдээр бүрдсэн төрөө өөрсдөө хараасаар ирсэн байна. Эдийн засгийн уналт, эмх замбараагүй байдал, нийгэмд гарч буй буруу үзэгдэл гээд бүхий л зүйлийг төрд хаяглаж ирсэн нь үнэн. Эсвэл мөнгөгүйн зовлон руу түлхдэг үзэгдэл өнөөдөр ч байсаар байна. Энэ бүхний үндсэн суурь нь боловсролын тогтолцоо байж таарна. Монгол Улсын боловсролын салбарт олон шинэчлэл хийгдэж, төрөл бүрийн хөтөлбөр орж ирсэн ч үндсэн суурь нь буруу явааг эрдэмтэн мэргэд дуулгадаг. Нийгмийн бүхий л салбарт соён гэгээрэх, ард түмнээ ухамсартай байлгах үндсэн асуудал нь боловсролын суурь тогтолцоо.
Гэхдээ хүн ёсны эх оронч ёсны агуулга тэргүүлж байж сая оршин тогтнох ёстойг дуулгаж байгаа юм. Зөвхөн англи хэл сурч, хэдэн аргын тоо бодсноор бий болчихгүй байх. Тэгэхээр бидэнд, тэр тусмаа нийслэлчүүдэд хамгийн ойр байгаа утаа, агаарын бохирдлыг эхлээд авч үзье.
АГААР, ХӨРСНИЙ БОХИРДОЛД СОЁН ГЭГЭЭРҮҮЛЭХ АЖИЛ ДУТАГДСААР
Шилжилтийн үеийн эмх замбараагүй байдал, хэт их эрх чөлөөнд хөтлөгдсөн зарим иргэд суурин иргэншил сонгон хүрээнд ирж суурьшсан. Улаанбаатар хот руу чиглэх нүүдэлд ямар нэг хязгаарлалт тавиагүй, алдаатай хот төлөвлөлт, хөдөө орон нутгийн иргэдийг нутагт нь амьдруулах тал дээр төрөөс ямар нэг бодлого бариагүй гэх мэт олон шалтгаалах зүйлээс үүдэн хөрс, агаарын бохирдол хэрээс хэтэрсэн гэж үзэх судлаачид байдаг. Иргэд дурын нэг газар хашаа хороо хатгаж, хог шороогоо зоргоор хаядаг. Гарт тааралдсанаа түлдэг гэх мэт олон талын шалтгаантай гэж үзэх ч бий.
Гэтэл нөгөө талд төрөөс тодорхой бодлого байгаагүй, иргэдийнхээ ахуй амьдралд чиглэсэн ямар нэг бодит ажил хийгээгүй гэсэн тайлбар хийж байгааг ч тунгаах учиртай. Энд онолын хэмжээний том том зүйл ярих хэрэггүй байх. Тэр нь ч миний хийх ажил биш. Гагцхүү агаар, хөрсний бохирдолд төрийг буруутгасаар ирсэн ч иргэд бидний буруу чамгүй бий. Хамгийн сүүлийн жишээ татахад Улаанбаатар хот руу түүхий нүүрс оруулахыг хориглож, Шахмал түлшний үйлдвэр байгуулснаар утаа 30 гаруй хувьтай буурсан үзүүлэлттэй байна. Гэтэл өнөөх л мэдээлэл сурталчилгааны ажил хийгээгүйгээс болж эрдэнэт хүний амь олноор эрсэдсэн явдал гарсан. Үүний цаана өнөөх л соён гэгээрүүлэх ажил байхгүйг харуулсан хэрэг.
Соён гэгээрүүлнэ гэхээр зөвхөн хэдэн мянгаар нь уран зохиолын ном хэвлэн тарааж, хэдэн зуугаар Улаанбаатарын гэр хорооллоор бүжиглэж жүжиглээд явахыг хэлэхгүй л дээ. Энэ мэтээс харахад бид нийгмийн системд оруулж буй ололт амжилтаа соён гэгээрүүлээгүйгээс болон харлуулж, үр дүнгүй болгож байгаа хандлага харагдах аж. Нөгөө талд төрөөс утга зохиол, дэлгэцийн бүтээлийг хаясан. Хэрвээ соён гэгээрүүлдэг төртэй байсан бол юуны өмнө иргэдэд хүрч болох нэг сайхан кино хийгээд шахмал түлшээ хэрэглээнд нэвтрүүлэхийн өмнөтгөл болгон үзүүлэх хэрэгтэй байв. Түүнээс утааны эсрэг мянган онол бичсэн ном тарааж, утаа хортой гэсэн кино үзүүлээд соён гэгээрнэ гэдэг тун хүнд. Харах ч үгүй. Үзэх ч үгүй. Үүний оронд авьяаслаг уран бүтээлчдээс бүрдсэн баг сайн зохиолд тулгуурлан тодорхой дүртэй, хайр сэтгэлтэй, эцэг эхийн энэрэлтэй, хөнгөн гунигтай, хүн зоны уламжлалт амьдралтай бүрэн хэмжээний бүтээл байж сая соён гэгээрүүлэх ажил болдог аж. Өнөөдөр гудамж, талбайд ил задгай хогоо бүү хая гэсэн бичиг захиасаас эхлээд олон зүйл байгааг үгүйсгэсэн хэрэг биш. Хорт утаа ялгаруулдаг зүйлээр галаа бүү түл, түлшээ зааврын дагуу түл хэмээн захиж, хориглож байгааг үгүйсгэсэнгүй. Гагцхүү соён гэгээрүүлэх ажил гэдэг тэс өөр зүйл байдгийг л нийгэм өөр харуулах төдийгүй шаардаж эхэлжээ.
МАЛ АЖ АХУЙН САЛБАРТ СОЁН ГЭГЭЭРҮҮЛЭХ АЖИЛ ХИЙГДЭХ ЦАГ БОЛСОН
Нийслэлчүүдийг агаар, хөрсний бохирдол ярьж суухад орон нутагт бэлчээр хомсодсон үзэгдэл аль эрт бууриа засжээ. Энэ оны мал тооллогоор Монгол Улсын мал сүргийн тоо толгой 70 саяд хүрсэн сайхан мэдээ байгаа ч цаад талдаа бэлчээрийн даац хэтэрсэн, мал бэлчээргүй болж байгаа гэх муу мэдээтэй зуузай холбож байна. Юуны өмнө мал аж ахуйн салбараа эдийн засгийн эргэлтэд оруулаагүй, экспортын бүтээгдэхүүн болгож чадахгүй, гадаад зах зээлд холбохгүй байгаагийн бурууг төрд тохох хүн олон байгаа байх. Үүнтэй ч санал нийлэхээс өөр аргагүй. Гэхдээ өнөөх л өмнөх нийгэмд гээж үлдээсэн соён гэгээрүүлэх ажил энэ салбарт үгүйлэгдэж байгааг дурдах учиртай. Цас бороо үл ажран, дөрвөн цагийн эргэлтэд мал сүргээ адуулж байгаа малчдаа буруушааж, мал сүргээ битгий өсгө гэсэн хэрэг биш. Дэлхий ертөнцийн насжилт, хүн амын өсөлт, эдийн засгийн үр ашиг, ахуй амьдрал, малын чанар гээд олон талаас нь бодож зохицуулах зүйл энэ салбарт бий.
Хамгийн энгийн жишээ дуулгахад ерээд оноос “Мянгат малчин”, “Улсын сайн малчин”, сум, аймгаас эхлээд Улсын тодотголтой “Алдарт уяач”, “Манлай уяач” хэмээх цол олгож эхэлсэн. Үүнийг буруутгаж байгаа хэрэг биш. Гагцхүү мал сүргээ мянга хүргэсэн малчин бүрт цол тэмдэг олгож, аймаг хотлоороо алдаршуулж байсанд нэгэн том шалтгаан бий. Тухайн “Мянгат малчин”-ы сүрэгт сохор доголон мал байсан ч тоонд оруулан тооцож байсанд учир бий. Ихэс дээдэс нь манай “Мянгат малчин” хэмээн цээжийг нь өргөж байснаас тэдний мал сүрэг эдийн засагт ямар өгөөжтэй, “Мянгат малчин” маань шинэ залуу малчдадаа, айл саахалтдаа ямар нөлөөтэй юм. Бэлчээр усандаа хэрхэн яаж хандах тухай нэг ч тооцоо байсангүй. Мал сүргээ өсгөсөн гэх цаасан малгай нь яван явсаар нөхцөл байдлыг өөр тийш эргүүлж байна. Өнөөдөр мянган малтай ч эдийн засгийн эргэлтэд оруулчих 200 малгүй өрх байж байгааг нуух хэрэггүй.
Магадгүй “Малаа битгий өсгө” гэж хэлэх Монгол хүн байхгүй байх. Тэр тусмаа ард олноос сонгогдож байгаа УИХ-ын гишүүд, дарга нарыг тэгэж хэлбэл малчид гомдож туниад сүйд болж таарна. Тэгээд ч тойргоос сонгогдож байгаа гишүүд мэдэхийн дээдээр мэдэж байгаа ч ийн хэлэх эрхгүй хүмүүс. Тэдэнд сонгогдож л байвал бэлчээрийн даац, малын чанар юуны хамаа байх вэ.
Уг нь тэд олон малтны цол тэмдэг гардуулан давхилдаж байхаар дэлхийн нийтийн анхааралд орж буй Баянхонгор аймгийн Жинстийн цагаан ямааны ноолуур, махны илүү ашигтай Сүхбаатар аймгийн илүү нугаламтай хонь, мах, сүүний өндөр ашигтай Сэлэнгийн үхэр өсгө хэмээн хэлж явах учиртай. Тэр тусмаа нүүдлийн мал аж ахуйн уламжлалт арга технологийг хадгалах, түүнийг хэрхэн цааш авч явах талаар ярих нь зүйд нийцэх болов уу. Агуулгаараа бол Жинстийн цагаан ямааны ноолуур танай ямааны ноолуураас хоёр дахин өндөр үнэтэй байна, Сүхбаатар аймгийн гурван хонь танай дөрвөн хоньтой тэнцэж байна гэдгийг ухуулан таниулах ёстой. Шахаж шаардахгүй ч тулга тойрсон яриа болгох хэрэгтэй. Энэ талын уран зохиол, ном товхимол, дэлгэцийн бүтээл орон нутагт дэлгэрүүлсэн ч болохгүй зүйл алга. Олон улсын зах зээлд өндөр ашиг шимтэй мал сонирхож байна, нарийн ширхэгтэй ноолуур, сарлагийн чанартай хөөвөр сонирхож байгааг дуулгах хэрэгтэй. Түүнээс бус Улаанбаатар руу хэрхэн мал оруулах, “Хүчит шонхор”-ын лангуун дээр мах хэрхэн борлуулах тухай ухуулга огтхон ч хэрэггүй. Өнөөдөр 1000 малтай “Сумын сайн малчин” нөхөр “Улсын аварга малчин” Дорж шиг 5000 малтай болж, таван малчинтай болохыг хүсэж байгаагаас гадаад зах зээлд малынхаа ашиг шимийг гаргаж, орлого олох тухай нэг ч бодохгүй байна. Тэр тусмаа мал сүргээ өндөр ашиг шимтэй, чанартай болгож, зах зээлд өрсөлдөх чадвараа дээшлүүлэх тухай хэзээ ч тунгаахгүй. Үүнийг бодогдуулах, тунгаах ажиллагаа ч явуулахгүй байна. Соён гэгээрүүлэх ёстой өндөр хэргэмтнүүд сум, аймаг, улсын хэмээн эрэмбэ дараа бүхий шагнал урамшуулал гардуулан давхилдахаас үл хэтэрнэ.
Сэтгэгдэл ( 0 )