ЗИНДАА 2020.01.13 | Өнөөдрийн онцлох ТАВАН СЭДЭВ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 01 сарын 13

#1 ЭНЭТХЭГ УЛС МОНГОЛЫН КОКСЖИХ НҮҮРСИЙГ ИМПОРТЛОХ ХЭЛЭЛЦЭЭ ХИЙЖ БУЙГАА МЭДЭГДЛЭЭ

Төр, хувийн хэвшил хүч нийлээд хэчнээн сая тонн нүүрс олборлолоо гээд хил давуулан экспортлох хэмжээ Хятадаас хамаардаг. 42 сая тонн  нүүрсний экспорт хийнэ гээд төсөвтөө  тусгачихсан ч төлөвлөгөө тасалдаж буй талаар Zindaa.mn  өмнө нь мэдээлсэн.

Тэгвэл Энэтхэгийн Газрын тос, Байгалийн хийн сайд Дармендра Прадхан Энэтхэг улс Австралиас авдаг коксжих нүүрсний импортоо бууруулж, Монголоос илүү сайн чанарын коксжих нүүрс авч, гангийн үйлдвэрлэлдээ ашиглана хэмээн мэдэгдсэнийг "Колката" уламжиллаа.  Тэрбээр “Энэтхэг улс коксжих нүүрсний импортоо цөөн улс орноос хараат байлгахаас татгалзаж байгаа. 2030-2031 он гэхэд 300 сая тонн металл үйлдвэрлэх зорилт дэвшүүлсэн. Энэ зорилгодоо хүрэхийн тулд гангийн үйлдвэрлэлийн гол түүхий эд болох коксжсон нүүрсийг боломжийн үнээр импортлохоор ажиллаж байна. Австралийн нүүрсний чанар сайн. Гэхдээ илүү өндөр чанарын коксжих нүүрсийг боломжийн үнээр  импортлохын тулд Монголын засгийн газартай хэлэлцээ хийж байна. Энэтхэгийн Засгийн газар уг асуудлаар Оросын эрх баригчидтай яриа хэлэлцээ хийж, тээвэрлэлтийн асуудлыг шийдэх боллоо” хэмээн мэдээлжээ.

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ


#2 З.БАЯНСЭЛЭНГЭ: ЭМЭГТЭЙ ХҮН 50 ГАРУЙ ХОНОГ ХОРИГДОНО ГЭДЭГ ХҮНД ШҮҮ ДЭЭ
 

Барилга, хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгэтэй ярилцлаа. Тэрбээр 2016 онд Барилга хот байгуулалтын сайдаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашигласан хэргээр АТГ-д шалгагдаад багагүй хугацаа өнгөрч байгаа билээ.


-Та хуулийн байгууллагаар шалгагдаад удаан хугацаа өнгөрлөө. Тухайн үед яг ямар асуудал болоод таныг албан тушаалаа урвуулсан хэрэгт буруутгах болов?

-Төрөөс иргэдийг түрээсийн орон сууцад хамруулах ажлыг аль 2002 оноос ярьж байсан юм билээ. Энэ асуудал удаа дараагийн УИХ, Засгийн газар дээр яригдаж явсаар байгаад 2015 онд Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед нэлээд эрчимтэй хэлэлцэж, миний өмнөх Барилга, хот байгуулалтын сайд энэ асуудлыг хөөцөлдөөд явж байсан байдаг. Би 2015 оны аравдугаар сард Барилга, хот байгуулалтын сайдаар томилогдсон даруйдаа нэлээн хэдэн ажил эхлүүлсэн. Түүний нэг нь Түрээсийн орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлэх явдал байсан. Засгийн газрын тэргүүний өгсөн чиглэлийн дагуу ажлын хэсэг гарч ажилласан. Үе үеийн Засгийн газрын тулгамдсан асуудал нь агаарын бохирдлыг багасгах, гэр хорооллыг орон сууцжуулах асуудал байдаг. Түрээсийн орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлэх ажил нь АН-ын мөрийн хөтөлбөрт тусгагдсан байсан.

Хот, хөдөөгийн нийлсэн 1500 айлыг түрээсийн орон сууцад оруулах ажлыг идэвхтэй зохион байгуулсан. Хөдөө орон нутагт орон сууцны түрээс нэг метр квадрат нь 4000, хотод 5500 байхаар тусгаж, 30-40 метр квадрат орон сууцад айл өрхүүдийг хамруулж оруулсан. Хотод гэхэд төрийн захиалгаар бариулсан “Буянт ухаа 1”, “Буянт ухаа 2” хорооллуудад иргэдийг түрээсээр оруулсан. Хамгийн сүүлд Түрээсийн орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний талаар Засгийн газрын тогтоолыг хэлэлцсэн. Тэр тогтоолын төслийг боловсруулах Ажлын хэсэг гараад би ахалж ажилласан. Сүхбаатар дүүргийн Хангай хотхонд “Бэрэн” группийн барьсан барилгаас 223 айлын орон сууцыг Төрийн өмчийн түрээсийн орон сууцны санд төвлөрүүлэх Засгийн газрын тогтоол гарсан. Үүнтэй холбоотойгоор намайг шалгаж байна.

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ


#3 ХӨӨН ХЭЛЭЛЦЭХ ХУГАЦАА ДУУССАН АВЛИГЫН 13 ХЭРГИЙГ СЭРГЭЭН ШАЛГАНА 

УИХ-ын чуулганы өнгөрсөн баасан /2020.01.10/ гарагийн хуралдаанаар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн баталсан билээ.

Хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь баталснаар авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн ч хэргийн хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан хэргүүдийг сэргээн шалгах эрх зүйн орчин бүрдэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, 2017 оны долдугаар сарын 01-ээс хойш хэргийн хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан "цагаан захтан"-уудын хэргийг сэргээн шалгахаар болж байна. 

Хэргийн хөөн хэлэлцэх хугацаа нь дуусаж, шүүхийн шатанд хэрэг нь хэрэгсэхгүй болж авлига, албан тушаалын 13 хэрэг байгаа талаар Улсын Ерөнхий прокурорын орлогч М.Чинбат ярьжээ.

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ


#4 ХАКҮХО: ОЯКАТА БОЛЖ, ДЭВЖЭЭ НЭЭХ ЭРХТЭЙ БОЛСОНДОО БАЯРТАЙ БАЙГАА

Японы нийслэл Токио хотын Кокүгикан ордонд өчигдөр /2020.01.13/ сүмо бөхийн Хацү башё эхэллээ. Энэ тэмцээнд Монголын 23 бөх барилдаж байна. Тэмцээний өмнө их аварга Хакүхотой Японы “PRESIDENT” сэтгүүлийн сурвалжлагч уулзан ярилцжээ.


-Японы иргэншил авсанд баяр хүргэе?

-Баярлалаа. Үнэхээр баяртай байна.

-Таны хувьд иргэншлээ солино гэдэг маш том шийдвэр байсан байх?

-Монгол орныхоо иргэншлийг алдахаас өөр аргагүй болсон ч Японы иргэн болох гэсэн хүсэл нь илүү байлаа.

-Ояката болохын тулд Японы иргэн болохоос өөр зам байхгүй. 43 түрүүлсэн таныг заавал иргэншлээ солилгүйгээр ояката болгох хэрэгтэй гэх хүмүүс ч их олон байсан шүү?

-Үнэнийг хэлэхэд Японы иргэн болоогүй байхдаа дохён дээр гарч барилдахад их түгшүүртэй байлаа. Хэрэв том гэмтэл авбал зодог тайлна. Ингээд Сүмогийн холбооноос сална гэсэн үг. Би Энхо, Ишиүра гэсэн өөрийн шавьтай хүн. Зодог тайлсан хойноо ояката болж, шавь нартаа зааж, сургах хэрэгтэй. Японы иргэн болж, ояката болохгүй бол тэдний итгэл найдварыг хөсөрдүүлнэ гэсэн үг. Хадан асганы ирмэг дээр зогсож байгаа мэт л байлаа. Гэмтээд тэмцээнд оролгүй сууж байхад ч “Зодог тайлах” гэсэн хоёр үг толгойноос гарахгүй, унтаж чадахгүй үе их байсан. Харин иргэншлээ сольсны дараа сэтгэл амарч, сайн унтдаг болсон. Гэмтлээ ч, зодог тайллаа ч ояката болох зам нээлттэй болсон болохоор стресс байхгүй. Урьд өмнө мэдэрч байгаагүй нэг тийм мэдрэмж төрөөд.

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ


#5 ДЭД САЙДЫН ОХИН ДАХИН ХАР ТАМХИНЫ ХЭРЭГТ ХОЛБОГДЛОО


Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газраас  өчигдөр буюу нэгдүгээр сарын 12-ны өдөр гүйцэтгэх ажил явуулж, хар тамхи хэрэглэсэн хэсэг бүлэг этгээдийг дайчлан баривчиллаа.

Тодруулбал, нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр “Viva city” хороолол орчимд байрлах нэр бүхий зочид буудлаас мансуурсан этгээдүүдийг саатуулж, хэргийн газраас метамфетамин буюу ”мөс” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис, хар тамхи татах хэрэглэлүүдийг эд мөрийн баримтаар хураан авсан байна. Улмаар дээрх этгээдүүдээс биологийн шинжилгээ авахад мансуурсан болох нь тогтоогджээ.

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top