Хятадууд үүдээ түр “хааж”, Монголын нүүрсний экспорт тасалдах нөхцөл байдал үүсээд буйг өнгөрсөн сарын 20-ны өдөр zindaa.mn мэдээлж байсан.
Тэгвэл энэ оны сүүлийн өдөр гэхэд 42 сая тонн нүүрс экспортлох Монгол Улсын Засгийн газрын төлөвлөгөө тасалдах нь тодорхой болж байна. Гаалийн ерөнхий газрын мэдээллээр арваннэгдүгээр сард манай улс 2.45 сая тонн нүүрс экспортолж, нүүрсний нийт экспортын хэмжээ 34.8 сая тонн болсон ч үлдсэн нэг сарын хугацаанд 7.2 сая тонн нүүрс гаргах бодит боломж манай улсад байхгүй. Оны эхний арваннэгэн сарын гүйцэтгэл болох 34.8 сая тонн гэсэн хэмжээ өмнөх жилийнхээс дөрвөн хувиар өссөн үзүүлэлт боловч төсөвт орлого төвлөрүүлэх хэмжээнд тооцсон төсөөлөлтэй жишиж үзэхэд доогуур байна.
Энэ оны эхний есөн сард 28.6 сая тонн, аравдугаар сарын байдлаар 32.3 сая тонн, арваннэгдүгээр сарын тооцооллоор 34.8 сая тонныг экспортолсон нь нийт дүнгээр өсөлт боловч сүүлийн гурван сард экспорт уруудсан.
Ер нь бол өнгөрсөн 2018 оны нөхцөл байдал давтагдаж байна. БНХАУ оны эцэс гэхэд нүүрсний импортоо хумих нь тодорхой байсан. Энэ жил 300 сая тонн нүүрс импортоор авах төлөвлөгөөтэй тус улс тооцсондоо хүрчихсэн тул манай улс энэ арванхоёрдугаар сард барагтай л бол борлуулалт хийж чадахааргүй нөхцөл байдалтай байна.
Магадгүй тонн нүүрсний хилийн үнээ уруудуулж байж бага хэмжээний экспорт хийхийг үгүйсгэх аргагүй. Уг нь чулуун нүүрсний хилийн дундаж үнэ аравдугаар сард өнгөрсөн жилийнхээс 6 орчим ам.доллароор нэмэгдэж 85 ам.доллар болсон юм.
За тэгээд сүүлийн гурван сарын давтамжид тулгуурлаад, арванхоёрдугаар сарын экспортыг өнгөрсөн сарынхаас 25 хувиар бууруулаад тооцож үзэхэд 1.5 сая тонн орчмын тооцоо гарч байна.
Хэрэв 1.5 сая тонн нүүрс энэ сард урагшаа гаргаж чадвал нийт экспортын хэмжээ 36.3 сая тонн болох юм. Тэгэхээр цаана нь 5.7 сая буюу 6 орчим сая тонн нүүрсний экспорт тасалдахаар тооцоологдож байгаа юм.
Бид эндээ нүүрсний экспортын төсөөллийг хэчнээн өндөр тооцлоо гээд өмнөд хөршийн нүүрсний салбарын бодлогоос манай экспорт хамаарна гэдгийг дахиад сануулъя. Жил бүрийн өдийд давтагдах цикл маягийн энэ үйл явцыг, өмнөд хөршийн бодлогыг тооцож, төлөвлөж төсвийн төслөө зурж сурах шаардлага бидэнд тулгарч байна.
Нэмж хэлэхэд, нүүрсний салбар дахь манай өрсөлдөгчдийн нэг нь ОХУ. Тус улс БНХАУ руу хийх нүүрсний экспортоо 55 сая тоннд хүргэх бодлого баримталж байгаа. Энэ жилийн экспорт нь өмнөх оынхоос бараг гучин хувиар нэмэгдээд буй.
Тэгвэл манай улс Тавантолгой ордынхоо өрсөлдөх чадварыг Тувагийн Элегест ордын ард оруулах үйл явцыг дэмжээд байгаа. Бүр тодруулбал, Элегест ордын нүүрсийг БНХАУ руу хүргэх Кызыл-Курагино чиглэлийн төмөр замыг Ерөнхийлөгч Х.Баттулга болон бусад нөхдүүд илтэд дэмжиж буй нь Тавантолгойн нүүрсээ хэрхэн яаж Хятад болон бусад зах зээлд хүргэх вэ гэдгээ шийдэн ядаж буй манай тухайд нийцгүй л дүр зураг юм.
Сэтгэгдэл ( 0 )