Хоккейчин, хөгжмийн зохиолч, эдийн засагч Михаил Мишустин

2020 оны 01 сарын 17

ОХУ-ын Төрийн Дум өчигдөр /2020.01.17/ Михаил Мишустиныг ОХУ-ын Ерөнхий сайдаар баталлаа. Михаил Мишустин гэж хэн бэ?  
 

Михаил Мишустин 

Намтар, боловсрол

Михаил Мишустин 1966 оны гуравдугаар сарын 3-нд Москвад төрсөн. Багаасаа шинжлэх ухаанд дуртай байсан бөгөөд 1989 онд “Станкин” технологийн их сургуулийг төгсөж, инженер болсон. Гурван жилийн дараа энэ сургуульдаа аспирант болсон юм. Дараа нь Мишустин гадаадын дэвшилтэт мэдээллийн технологийг ОХУ-д нэвтрүүлэх зорилготой Олон улсын компьютерын клубт ажиллаж байлаа. 1998 онд клубийнхаа тэргүүн болсон ч тэр жилдээ төрийн албанд орж, Татварын албаны тэргүүний туслахын ажилд шууд томилогдсон юм.

2003 онд Михаил Мишустин Г.В.Плехановын нэрэмжит эдийн засгийн академид “ОХУ дахь татварын системийн механизм” сэдвээр цол хамгаалж, 2010 онд “ОХУ-ын татварын систем” сэдвээр эдийн засгийн ухааны доктор болсон.

Төрийн алба, бизнес

Төрийн албанд ороод хэдэн сарын дараа Михаил Мишустин Татварын дэд сайд боллоо. Энэ албан тушаалдаа 2004 он хүртэл ажиллаж, дараа нь Эдийн засгийн онцгой бүсийг удирдах агентлагийн даргаар томилогджээ.

2008 онд өөрийн хүслээр төрийн албанаас гарж, бизнес эрхэлж эхэлсэн. Хөрөнгө оруулалтын “UFG Capital Partners” комисст ажиллаж, “UFG Asset Management” компанийн удирдагч болсон юм.  

2010 оны дөрөвдүгээр сард төрийн албанд эргэн ирж, Холбооны татварын албаны дарга болсон. Энэ албан тушаалд ороод хэлсэн анхны үг нь “Бохир мөнгө, мэдээлэлтэй тэмцэх” байв. Түүний үед цахимаар татвар төлөх боломжтой болсон.
 

Хувийн амьдрал

Михаил Мишустин гурван хүүхэдтэй. Түүний эхнэр Владлена нөхрөөсөө 10 насаар залуу. Тэр Олон улсын компьютерын клубийн үүсгэн байгуулагчдын нэг. Одоо яг юу хийдэг нь тодорхой бус ч 2012-2018 онд 600 сая рублийн орлого мэдүүлсэн байлаа. 2009 онд Владлена “DecaDancе” клубийн эзэн болсон ч гурван жилийн дараа клуб хаагдсан. 2016 онд “Forbes” сэтгүүл Владленаг “ОХУ-ын төрийн албан хаагчдын хамгийн баян  эхнэр” жагсаалтад оруулсан байлаа. Алексей Навальный түүнийг мөрдөн шалгахыг уриалж байв. Сүүлийн арван жилд тэдний гэр бүл нэг тэрбум рублийн орлоготой байжээ. Тэд Москвад орон сууц, Москвагийн ойролцоо 800 кв.метр талбайтай байшинтай, хэд хэдэн машинтай. Мишустин ОХУ-ын хамгийн баян төрийн албан хаагчдын нэг гэж тооцогддог. Авлига, татвараас зайлсхийсэн бизнес эрхлэгчидтэй холбоотой гэж сэжиглэгддэг.

Хүүхдүүд нь ямар ажил эрхэлдэг нь тодорхой бус.
 

Хобби

Шинэ Ерөнхий сайдын гол хобби нь хоккей. Багаасаа хоккей тоглодог байсан бөгөөд ОХУ-ын Хоккейн холбоо, ЦСКА багийн удирдах зөвлөлд багтдаг. В.Путины байгуулсан Шөнийн хоккейн лигт тоглодог.
 


Бас нэгэн хобби нь хөгжим. Хөгжмийн зохиолч гэвэл та итгэхгүй байх. Григорий Лепст зориулан, “Настоящая женщина”, “Зола" дууны аяыг нь зохиосон. Төгөлдөр хуур сайн тоглодог.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top