Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Аймаг нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, Засаг дарга нарын зөвлөгөөн”-д оролцож, Засгийн газрын үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлтийг товч танилцуулж, зарим үүрэг даалгаврыг өглөө. Энэ үеэр аймгуудын Засаг дарга нар орон нутгийнхаа байдлыг танилцуулсан юм.
Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболд: Хөвсгөл аймаг “Хөгжсөн Хөвсгөл 2030” урт хугацааны хөгжлийн бодлогоо тодорхойлоод байна. Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хангах тал дээр аймгийн хэмжээнд тодорхой ажлууд хийж ажиллалаа. Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны биелэлт 90 хувьтай гэж дүгнэгдсэн. 2020 онд Засаг даргын үйл ажиллагааны биелэлтийг бүрэн хангах боломж бий. Өнгөрсөн хугацаанд улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалттай ажлуудыг амжилттай хэрэгжүүлсэн. 2019 онд 109.7 тэрбум төгрөгийн ажлыг, 58.6 тэрбум төгрөгийн батлагдсан төсөвтэйгөөр хэрэгжүүллээ. Мөн орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалт 8.4 тэрбум төгрөгийн ажлуудыг зохион байгуулж ажиллаа. 2019 онд бид төсвийн хэтрэлт, алдагдалгүй байх зорилт тавьсан нь үр дүнд хүрлээ. Төсвийн ил тод байдлаар тэргүүлж, санхүүгийн зөрчилгүй аймаг болсон. Олон улсын байгууллагуудаас хамгийн их хөрөнгө оруулалт авсан аймаг боллоо. Аймгийн төвийн Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх ажлыг 9.1 тэрбум төгрөгийн төсвөөр эхлүүлсэн. Мөн 20 сая ам.долларын тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төслийг хэрэгжүүлж байна. Хөвсгөл аймгийн урт хугацааны хөгжлийн бодлоготой уялдуулж, Хөвсгөл аймгийг эко аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлэх Засгийн газрын түүхэн шийдвэр гарсан. Үүнтэй холбоотойгоор 34 ажил хийх үүрэг хүлээн ажиллаж байна. 2020 онд бид иргэдийнхээ амьдрах, ажиллах орчин нөхцөлийг сайжруулах чиглэлээр анхаарч ажиллана.
Сэтгэгдэл ( 0 )