Түүхэн өөрчлөлт хийсэн парламент, түүчээлж манлайлсан спикер

Автор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 03

ЭНЭ ПАРЛАМЕНТ ОЛОН ЖИЛ ЯРИГДСАН ҮНДСЭН ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТИЙГ ХИЙЖ ЧАДЛАА

Төрийн эрх барих дээд байгууллагын даргаар Г.Занданшатар сонгогдоод нэгэн жилийн нүүр үзжээ. Нэг жил нь хэдийгээр ахархан хугацаа ч энэ парламент түүхэнд үлдэхүйц үйл явдлын түүчээ болж, иргэд олон нийт гэрч нь  болон үлдэж байна. Өнгөрөгч хугацаанд Хууль тогтоох дээд байгууллагаасаа эхлээд төрийн дунд, бага шатанд хариуцлагын тогтолцоо бий болох, ард түмэн, амьдралын хөрсөн дээр буусан хууль, тогтоомжууд батлагдахаас эхлээд олон эерэг үзүүлэлт нийгэмд бий боллоо. Юу юуны өмнө энэ парламентын хийсэн түүхэн ажил бол удтал яригдсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт юм.

Монгол Улсад Ардчилсан Үндсэн хууль батлагдсанаас хойш гучаад жилийн нүүрийг үзэх гэж байна. Энэ хугацаанд хуульд байгаа алдаа дутагдлыг засах, нэмж сайжруулах тухай яриа гарч, хөдөлгөөн хүртэл өрнүүлж байсан ч өөрчилж чадаагүй. Тиймдээ ч бидний амжилт, ололтоос гадна дэлхийн даяаршил, хүний ухамсар, нийгмийн хөгжлөөс улбаалсан хүндрэл, бэрхшээлтэй чамгүй тулгарч ирсэн гэдэгтэй маргах аргагүй. Шинэ тутам ардчилал хөгжиж буй орнуудын жишгээр явж байсан монголчуудад цаг хугацаа хэрэгтэй байсан ч арай л алгуурласан байдгийг ч улс төр судлаачид сануулдаг.

Олон намын систем, олон ургалч үзэлтэй энэ нийгэмд Үндсэн хууль өөрчилнө гэдэг тийм ч амар ажил биш. Үндсэн хуулийн гол үзэл санаа болох ард түмний засаглах эрх алдагдсан, байгалийн баялгийн үр өгөөжийг иргэддээ тэгш хүртээх, зүй зохистойгоор ашиглах бодлого гажуудсан, засаглалын тогтолцооны хяналт, тэнцэл зохистой биш гээд олон зүйлийг засах, сайжруулах шаардлага зүй ёсоор тулгарч байсан ч улстөржилт, үл ойлголцлоос шалтгаалан хуулиа өөрчилж чадалгүй эдүгээ хүрсэн. Харин энэ удаагийн парламент зоримог алхам хийж, 20 гаруй жил өрнөсөн ч шийдэлд хүрээгүй асуудалд цэг тавьж чадлаа. Улс орон, ард түмэн, Монголын ирээдүйд нэн чухал энэ асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар гар, сэтгэл нийлэн ажиллалаа хэмээн олон нийт үзэж буй.

Тэр тусмаа Хууль тогтоох дээд байгууллагыг тэргүүлэн ажиллаж байгаа Г.Занданшатарын манлайлал, зүтгэл чухал нөлөө үзүүлснийг онцлон дурдаж байгаа юм. Тэрээр УИХ-ын дарга болохоосоо өмнө Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд санаа тавьж,  Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийг санаачлан батлуулж, хэлэлцүүлэг, уулзалт, эрдэм шинжилгээний хурлууд зохион байгуулж, өөрчлөлт зайлшгүй болох тухай  үндэслэлүүдийг дэвшүүлж, эрдэмтэн мэргэд, хуулийн салбарынхантай нягт хамтран ажиллаж байв. Улмаар УИХ-ын даргаар сонгогдсон эхний өдрөө тэрээр Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хийх нь миний зорилго хэмээн тунхагласан юм. Хавар, зун, намар гээд гурван улирал дамнан өрнөсөн энэ том үйл хэрэгт Г.Занданшатарын улстөрчийн хат, мэдлэг боловсрол, хүлээц тэвчээр, мэдрэмж шийдэл онцгой үүрэг гүйцэтгэсэнтэй хэн ч маргахгүй биз ээ.

Тэрээр “парламент, эрдэмтэн судлаачид, улс төрийн намууд, иргэд гээд бүхий л төлөөллийг нэг зорилгын дор нэгтгэн зангидаж чадсан нь энэхүү үр дүнгээр баталгаажив.   Өөрчлөлтөөр Үндсэн хуулийн 28.5 хувь буюу 70 зүйлийн 19 зүйл, 36 заалтыг хөндсөн. УИХ-ын дарга Г.Занданшатар “Сүүлийн 20 гаруй жилийн турш, гурван парламент дамжин яригдсан Үндсэн хуулийн өөрчлөлт, шинэчлэлийг энэ удаагийн парламент 158 хоногийн турш тасралтгүй хэлэлцэн баталлаа. УИХ эрдэмтэн судлаачидтайгаа зөвлөлдөж, улс төрийн нам, иргэний нийгмийнхэнтэй хэлэлцэж, ард түмэндээ танилцуулж, санал бодлыг нь авч, бүхий л түвшний ойлголцол зөвшилцлийг ханган ажилласны үндсэн дээр Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт орууллаа” гэж хэлсэн нь нөр их ажлаа дүгнэж хэлсэн үг юм.

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр төрийн алдагдсан нэр хүнд эргэж сэргэхээс гадна нийгмийн олон салбарт эерэг өөрчлөлт гарна гэж ард түмэн хүлээсэн нь талаар болсонгүй. Парламентын хийгээд төрийн албаны сахилга, хариуцлага, ёс зүй сайжирч, Засгийн газар тогтвортой ажиллаж, бодлогоо хэрэгжүүлэх боломж бүрдэж, шүүх засаглал хараат бус, шударга ажиллах боломжтой болж, нутгийн удирдлагын тогтолцоо боловсронгуй болох нь Монголын нийгмийн шаардлага, ард түмний хүсэмжлэл мөн билээ.

Байгалийн баялгийн ашиглалт ард түмэндээ ил тод байж, түүнээс олох орлого, хуримтлагдах өгөөжийг тэгш, шударгаар иргэддээ хуваарилах, түүнд ирээдүй хойч үеийнхнээ ч орхигдуулахгүй байх, ашигт малтмалыг хайх, олборлох, ашиглах үйл ажиллагаа нь иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хөндөхгүй байх нэн чухал өөрчлөлт хуульд орсон. Энэ бол Монголын ард түмний хүсэлт, шаардлага байсан юм. Учир нь ард түмний мэдэлд байх ёстой байгалийн баялаг цөөн, эрх мэдэлтэй хэсгийн гарт төвлөрч, хэдхэн гэр бүл, гаднынхны баяжих хэрэгсэл болж ирсэн нь хэний ч мэдэх асуудал. Үндсэн хуулийн энэхүү өөрчлөлт эрх зүйн хувьсгалыг араасаа дагуулна гэж эрхэм Спикер удаа дараа мэдэгдсэн. Энэ бол Үндсэн хуульд оруулсан  суурь өөрчлөлтүүд нийгмээ эрүүлжүүлэх, шударга ёсыг тогтоох, хуулиар засаглах шинэчлэл өөрчлөлтийн эх үндэс болно гэсэн үг юм. Тиймээс Монгол Улсын иргэн бүр Үндсэн хуульдаа оруулсан нэмэлт, өөрчлөлтийг хэрэгжүүлэхийн төлөө зүтгэх ёстой болж байна.

 

ХАРИУЦЛАГЫН ТОГТОЛЦОО БҮРЭН УТГААРАА ХЭРЭГЖИЖ ЭХЛЭВ

Цохон тэмдэглэхээс аргагүй нэг зүйл бий. Учир нь Г.Занданшатар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж ахуй цагтаа Төрийн албанд хариуцлагын тогтолцоог бий болгох гэж тодорхой ажлууд хийж эхэлсэн. Ийнхүү УИХ-ын даргаар сонгогдсон нь энэ ажлаа амжилттай үргэлжлүүлэхэд томоохон алхам болсон юм. Тиймээс тэр парламентын шинэчлэлийг эхлүүлж, гишүүдийн ирц, үг хэлэх, санал хураахыг хурууны хээгээр бүртгэдэг болсноор хуралдааны ирц дунджаар 60 илүү хувьд хүрсэн. Мөнхүү  “Монгол Улсын Их Хурлын стратеги төлөвлөгөө”-г шинэчлэн баталж, Парламентын судалгааны хүрээлэн байгуулсан бол Төрийг удирдах үйл хэрэгт иргэдийг оролцуулах, иргэний мэдэх эрхийг хангах зорилгоор нийтийн сонсгол 10 гаруй, нээлттэй хэлэлцүүлэг 50 гаруйг зохион байгуулсан байна. Урьд өмнө 30 орчим гишүүн цуглаад байхгүй нэгнийхээ кнопыг даран санал өгснөөр хууль батлагдаж байсан бол өнөөдөр энэ байдалд цэг хатгасан нь олны талархлыг хүлээжээ. Энэ нь тодорхой эрх ашгийн төлөө хэдхэн гишүүн өөрийн хүссэнээр хууль баталж ирсэн бусармаг явдлыг таслан зогсоосон юм. Ингэснээр парламент болон төрийн албаны сахилга, хариуцлага, ёс зүй сайжирч, Засгийн газар тогтвортой ажиллах, бодлогоо хэрэгжүүлэх боломж бүрдсэн билээ.

АМЬДРАЛЫН ХӨРСӨН ДЭЭР БУУСАН ХУУЛЬ, ТОГТООМЖ, ШИЙДВЭРҮҮД

Энэ удаагийн парламент бодлогын чанартай олон хууль тогтоомж баталснаас гадна, ард иргэд, тэдний амьдралын хөрсөн дээр буусан хууль тогтоомж, шийдвэрүүд батлан гаргалаа. Тухайлбал, Жижиг дунд үйлдвэрлэл хөгжих тал дээр байнга асуудал дагуулсаар ирсэн. Үүний хамгийн том  гацаа нь татварын тогтолцоо байсан юм. Тэгвэл энэ салбарт татварын шинэчлэл хийж, нэг хувийн татварын тогтолцоо нэвтрүүллээ. Жилийн 300 сая төгрөг хүртэл орлоготой аж ахуйн нэгж нэг хувийн татвар төлөх бол борлуулалтын орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс доош аж ахуйн нэгжүүдийн төлсөн татварын 90 хувийг хөнгөлөх буюу буцаан олгох болсон нь жижиг дунд бизнес эрхлэгчдэд том боломж байв.

Нэг жилийн богино хугацаанд маш олон хууль тогтоомж гарснаас дурдвал “Ахмад настнууддаа ач санаж, тэтгэврийн зээлийн хүүг тэглэх хууль”-ийг батлан гаргаснаар баялгийн өгөөжийг иргэддээ тэгш, шударга хуваарилах Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн үзэл санаа дагалдах хуулиар ийнхүү хэрэгжиж эхлэв. Хууль хэрэгжиж эхэлсэн цагаас хойш байгалийн баялгийн ашиглалт ард түмэндээ ил тод байж, түүнээс олох орлого, хуримтлагдах өгөөжийг тэгш, шударгаар иргэддээ хуваарилах, түүнд ирээдүй хойч үеийнхнээ ч орхигдуулахгүй байх нэн чухал үйл явц өрнөж байна. Оюутолгойн ордын ашиглалтаас Монголын ард түмэнд ногдох өгөөжийг нэмэгдүүлэх, Монгол хүн Монгол газар, Монголын баялагтаа эзэн байх зарчмыг хэрэгжүүлж, “Оюутолгойн ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” шийдвэр гарсан билээ. Тэгвэл хорт хавдрыг эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоо, шинжилгээнд Монгол Улсынхаа нийт иргэдийг үнэ төлбөргүй хамруулах эрх зүйн орчныг бүрдүүлж, иргэдийн эрүүл мэндэд анхаарсан хууль тогтоомжууд батлуулжээ. Мөн Хүүхдийн мөнгийг хүсэлт гаргасан хүүхэд бүрт хүртээхээр болж, дэлхийн 180 гаруй оронд амжилттай хэрэгжиж байгаа хүүхдийн хоолны жишиг хөтөлбөрийг улс орондоо хэрэгжүүлэх боломж бүрдүүлэн, Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийг баталсан нь өдгөө амжилттай хэрэгжиж эхэллээ. Хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нэг удаа нөхөн төлүүлэхээр хуульчилж, дөрвөөс дээш хүүхэд төрүүлсэн гэх мэт хөнгөлөлттэй нөхцөлөөр эрт тэтгэвэрт гарч, бага тэтгэвэр авдаг байсан эхчүүдийн тэтгэврийг нэмэгдүүллээ. Эдгээр асуудал нь өнөөдрийн нийгэмд нэн тулгамдаад байсан асуудал юм. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжих хүрээнд тодорхой эрх зүйн орчин байсангүй. Энэ төрлийн хууль урьд өмнө байгаагүй биш байсан, гагцхүү хөрсөн дээр буусан, нийгэмд хүрч үйлчлэх хэмжээний сайн хууль байгаагүй гэдэгтэй бид санал нийлнэ. Харин энэ удаагийн парламент “Эх оронч худалдан авалтыг дэмжих хууль” баталсан. Жишээ нь Тендерийн шинэ хуулиар дотоодын үйлдвэрээс худалдан авах боломжтой барааг импортын бараанаас тусад нь багцлах, дотоодын үйлдвэрлэлээр хангах боломжтой худалдан авах ажиллагаанд гадаадын этгээд оруулахыг хориглосон нь нүдээ олсон зүйл байв. Нэг чухал зүйл гэвэл Засгийн газрын тусгай санд хяналт тавьж тэдний ажиллагааг жигдэлснээр Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн зээл олголтод олон жилийн турш бугшсан бусармаг байдлыг энэ парламент илчилж, ил гарган, сангийн журам, зээл олголтод өөрчлөлт оруулсан нь зээл жинхэнэ эздэдээ очдог болоод байна. Олон ч тусгай лицензийг цуцалж, стратегийн орд газрыг төрийн эзэмшилд авсныг бид мэднэ.

 

МАЛЧДАА МАРТААГҮЙ ПАРЛАМЕНТ

Монгол Улс бол мал аж ахуйн орон. Өдгөө манай улсын мал сүрэг 70 сая толгойд хүрч, энэ хэрээр хүн амын чамгүй хувь нь мал аж ахуй эрхэлдэг төдийгүй энэ салбар ч манай эдийн засгийн нэгэн хөшүүрэг болдог билээ. Тиймээс мал аж ахуй, малчдад чиглэсэн сайн хууль тогтоомж байнга хэрэгтэй байсаар иржээ. Энэ хүрээнд малчдын тэтгэвэр тогтоолгох насыг таван жилээр урагшлуулан, малчнаар ажиллаж шимтгэл төлсөн нэг жилийг 1.5 жилээр тооцохоор болсон. Эрх зүйн хүрээнд “Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль”, “Малын генетик нөөцийн тухай хууль”-ийг баталснаар мал эмнэлгийн тогтолцоог сэргээн, олон улсын жишигт нийцүүлэх, гадаад зах зээлд мал, амьтны гаралтай бүтээгдэхүүнийг экспортлох, түүхий эд, бүтээгдэхүүнээс олох орлогыг нэмэгдүүлж, малчдын амьжиргааг дээшлүүлэхэд чухал хөшүүрэг боллоо. Энэ тухай ч малчид өөрсдөө сэтгэгдлээ хуваалцаж байгааг мэдээллээс тодорхой харж болно. Малчдын ахуй амьдрал, орлогод нөлөөлөхүйц хууль тогтоомж батлагдан мөрдөж байгаа бол тэдний эрүүл мэндэд ч анхаарсан хууль гарч, саяхан малын хулгайтай тэмцэх тал дээр чангатгасан хууль баталсан. Үүгээр өнчин ишиг хулгайлсан ч ял оноох хуулийн зохицуулалт хийсэн, мал хулгайлсан л бол ял авах, давтан буюу бүлэглэн үйлдсэн бол илүү чанга шийтгэл оноож, нэг ч малчныг хохироохгүй байх эрх зүйн шинэ нөхцөл бүрдүүлэв.

 

ХӨӨН ХЭЛЭЛЦЭХ ХУГАЦААГААР ЯЛ ЗАВШИХ ЯВДЛЫГ ТАСЛАН ЗОГСООВ

Г.Занданшатар дарга авлигын эсрэг тэмцлийг хүчтэй болгох, иргэд, төрийн бус байгууллагуудын санаачилга, нийтийн оролцоо, идэвхийг дэмжин урамшуулах, авлигыг илчлэхэд эдийн засгийн хөшүүрэг хэрэглэх зорилгоор “Авлигын эсрэг хуульд нэмэлт оруулах тухай” хуулийн төсөл санаачлан батлуулсан. Авлигын асуудлаар иргэн, байгууллагаас ирүүлсэн мэдээлэл хуульд заасан журмаар шалгагдан, тогтоогдсон бол тухайн асуудлыг мэдээлсэн этгээдэд Авлигатай тэмцэх газарт хураагдсан бэлэн мөнгө болон эд хөрөнгийн нийт үнийн дүнгийн 10 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг Засгийн газраас тогтоосон журмын дагуу олгож байхаар уг хуулийн төсөлд тусгажээ. Урамшуулалд улсын төсвөөс нэмэгдэл зардал гарахгүй бөгөөд улсын орлого болгон хураасан хөрөнгөөс санхүүжүүлэх аж. Энэхүү санаачилга авлигыг таслан зогсоох, авлигачидтай хийх тэмцлийг үр дүнд хүргэхэд чухал алхам болно гэж иргэд дэмжиж байна. Нөгөө талаар авлига, албан тушаалын гэмт хэрэгт ял завших байдал хэрхэвч байж таарахгүй гэсэн зарчмыг баримталж, Эрүүгийн тухай, Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай зэрэг хуулиудад өөрчлөлт оруулснаар хөөн хэлэлцэх хугацаагаар ял завших явдлыг таслан зогсоов.

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зулгуйгаас ангид бай(66.181.161.126) 2020 оны 02 сарын 03

Ёоооо ёоо энэ новшийн бөгс долоогчдын нийтлэлийг харахаар уур хүрэх юмаа. Чаавас ингэж бич гээ юм байх даа.......

0  |  0
иргэн(202.21.115.126) 2020 оны 02 сарын 03

Өөрийгөө захиалж бичүүлсэн юм уу? хаашаа юм.Эсвэл жинхэнэ долдой байна.

0  |  0
Иргэн(103.212.119.120) 2020 оны 02 сарын 03

Амьдралгүй хууль батлаад ,өөрийгөө хоосон магтуулаад , удахгүй их салхинд ойчих гэж байж.

0  |  0
Top