Иран Украины иргэний агаарын тээврийн онгоцны ослын хэрэг дээр Киевтэй хамтран ажиллахаас татгалзжээ. Украинд дамжуулсан “Aseman Airlines” агаарын тээврийн компанийн нисгэгч, Тегераны олон улсын нисэх онгоцны буудлын диспетчертэй ярьсан ярианы бичлэгийг задалсан тул ийм шийдвэр гаргасан гэж Ираны тал тайлбарлажээ.
Энэ бичлэгийг Украины “Боинг” онгоц сүйрэх үед хийсэн гэж таамаглаж байгаа бөгөөд бичлэг дээр нисгэгч пуужин хөөргөхтэй адил тод гялбааг харсан тухай диспетчерт мэдээлжээ. Энэ яриа эхлэхээс өмнө диспетчер Украины онгоцтой холбоо тогтоохоор хэд хэд оролдож буй нь мөн бичигдсэн байна.
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Тегеран онгоцны ослын шалтгааныг эртнээс мэдэж байсныг нотлох бичлэг бий хэмээн мэдэгдэж байсан бөгөөд хожим нь YouTube болон тус улсын мэдээллийн хэрэгслүүдээр нисгэгч, диспетчерийн яриаг цацсан.
Ираны иргэний агаарын тээврийн байгууллагын хэлтсийн дарга Хасан Резайефар ослыг шалгаж буй шинжээчдэд дамжуулсан бичлэгийг задруулсан нь олон улсын хэм хэмжээг зөрчиж байна гээд үүнээс хойш Иран ямар нэгэн материал Киевт дахин шилжүүлэхгүй гэж мэдэгджээ.
Украины иргэний агаарын тээврийн онгоц энэ оны нэгдүгээр сарын 8-нд Тегераны олон улсын нисэх онгоцны буудлаас хөөрснөөс хойш хэдхэн минутын дараа осолдсон билээ. Ослын улмаас нийт 176 хүн амиа алдсан. Ираны эрх баригчид онгоцыг пуужингаар харваж унагасныг осол болсноос хойш олон хоногийн дараа хүлээн зөвшөөрсөн юм.
Сэтгэгдэл ( 0 )