Иранд Украины онгоцыг сөнөөсөн хүмүүсийг шийтгэнэ

2020 оны 01 сарын 16

Ираны нийслэл Тегеранаас энэ сарын 8-нд Киевийг чиглэн хөөрсөн “Boeing 737-800” онгоц хоёр минутын дараа сүйрсэн билээ. Онгоцонд байсан 176 хүн бүгд амиа алдсан харамсалтай ослын дараа Иран улс “Украины онгоцыг сөнөөсөн хэргээр шийтгэл хүлээх шаардлагатай хүмүүсийг шийтгэх ёстой” гэж мэдэгдлээ.
 


Тус улсын Ерөнхийлөгч Хассан Роухани “Энэ үйл явдалд хариуцлага хүлээх ёстой. Үйл явцыг дэлхий хянаж байх болно” гэв. Украины онгоц осолдсон хэргийн мөрдөн байцаах ажиллагааны үеэр уржигдар Иранд буруутай хүмүүсийг баривчлах ажиллагаа эхэлсэн байна. Тус улсын эрх баригчид Украины зорчигч тээврийн нисэх онгоцыг сөнөөсөн хэрэгтэй холбоотойгоор хэд хэдэн хүнийг баривчилсан талаар Ираны Дээд шүүхийн албан ёсны төлөөлөгч Голям Хоссейн Исмаили мэдээлжээ. Тэрбээр “Дээрх хэрэгт буруутай хүмүүсийг бид баривчилсан. Гэхдээ мөрдөн шалгах ажиллагаа дөнгөж эхний шатандаа явж байна” гэжээ. Украины онгоц АНУ-ын цэргүүдийн байрлаж буй Иракийн баазуудад Иран улс пуужингийн цохилт өгснөөс хэдхэн цагийн дараа осолдсон юм. Украины “Boeing 737-800” онгоцыг Исламын Бүгд Найрамдах Иран Улсын агаарын довтолгооноос хамгаалах систем алдаа гарган сөнөөснөө хүлээсэн билээ. Ираны эрх баригчид эхэндээ энэ таамгийг няцааж байсан ч Украины онгоц байрлал болон хэлбэрээрээ дайсны объекттой адилхан байсан учир андуурч пуужин харвасныг хүлээн зөвшөөрсөн юм.

Тусгай шүүх бүрэлдэхүүн байгуулъя гэв

Ираны Дээд шүүхийн албан ёсны төлөөлөгч Голям Хоссейн Эсмайлигийн мэдээлснээр Ираны Зэвсэгт хүчний ерөнхий штаб гамшгийг шалгах комисс байгуулжээ. Түүний хэлснээр комисс анхны тайлангаа аль хэдийн гаргасан байна. “Нарийн мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж, зарим хүмүүс баривчлагдсан” гэж Эсмаили ярьжээ.

Мөн Исламын Бүгд Найрамдах Улсын Ерөнхийлөгч Хассан Роухани телевизээр ярихдаа энэ хэрэгт буруутай бүх хүн хариуцлага хүлээх ёстойг цохон тэмдэглэв. “Энэ тохиолдолд ямар ч түвшинд гэм буруутай эсвэл хайхрамжгүй хандсан хүн шударга ёсны өмнө нүүр тулах нь манай ард түмэнд маш чухал юм” гэж Роухани “The New Arab” сонинд мөн ярьжээ. Түүний хэлснээр, Украины онгоц сүйрсэн хэргийн нөхцөл байдлыг шалгахын тулд тусдаа шүүх бүрэлдэхүүн байгуулах ёстой аж. “Шүүхийн систем нь ахлах шүүгч, олон арван шинжээчдийн оролцоотойгоор тусгай шүүх байгуулах ёстой...Бүх дэлхий энэ үйл явцыг хянах болно” гэж Ираны Ерөнхийлөгч онцолжээ.

Хариу үйлдэл

Украины онгоц сүйрэх үеэр нисгэгчид ослын дохио өгч ч амжаагүй юм. Олон улсын иргэний нисэхийн байгууллага мөрдөн байцаалтын ажиллагаа дуустал эмгэнэлт явдлын шалтгааны талаарх элдэв таамаглалаас зайлсхийхийг уриаллаа. Ираны эрх баригчид Зэвсэгт хүчинд хийсэн дотоод шалгалтынхаа үеэр хүний ​​алдааны улмаас хөөргөсөн пуужин онгоцыг сүйрэлд хүргэсэн болохыг олж мэджээ. Исламын хувьсгалыг хамгаалагчдын корпус энэхүү эмгэнэлт явдлын хариуцлагыг бүхэлд нь хүлээжээ. Корпусын Цэрэг-сансрын хүчнийг командлагч, бригадын генерал Амир Али Хажизадегийн хэлснээр агаарын довтолгооноос хамгаалах систем нь онгоцыг далавчит пуужин гэж тодорхойлсон байна. “Иргэний нисэх хүчин ослын шалтгааныг пуужин гэж хараахан мэдэгдээгүй байгаа тул тэд энэ талаар мэдээлэл өгөөгүй байна. Энэ талаар би лхагва гарагийн өглөө олж мэдсэн. Уг үйл явдлыг шалгахаар Зэвсэгт хүчний ерөнхий штабын баг байгуулагдсан. Энэ талаар мэдээлж байсан хүмүүс тусгаарлагдсан тул бидэнд юу ч хэлэх хориотой байсан” гэж Хажизаде Украины онгоцны ослын шалтгааныг тодруулах ажил хойшлогдсоныг тайлбарлажээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Иранд 52 зорилтот байд цохилт өгнө гэж заналхийлсний улмаас Ираны агаарын довтолгооноос хамгаалах хүч өндөржүүлсэн бэлэн байдалд байсан юм. Сануулахад, Украины онгоцны сүйрэл энэ сарын 8-ны өглөө, Иран улс “Тарчлагч Сулеймани” гэх ажиллагаа явуулсны дараахан болсон. Ираны зэвсэгт хүчин хөрш Ирак дахь АНУ-ын цэргийн байгууламжуудад хэд хэдэн пуужингийн довтолгоо хийсэн билээ. Ийм байдлаар Тегеран Ираны цэргийн гол стратегич Касем Сулейманийн аминд хүрсэн АНУ-ын цэргийн цохилтод хариу үйлдэл үзүүлсэн юм.

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровын хэлснээр Ираны цэргийн командлагчийг хөнөөсөн нь олон улсын хууль ёсны болон хүний ёсны ​​хил хязгаараас давсан бөгөөд Вашингтоны “хууль бус үйлдлүүдийн нэг” аж. Тегеран энэ сарын 14-нд Сулейманийг хөнөөсөн хэргээр АНУ-ын эрх баригчид болон цэргийнхнийг Гааг дахь Олон улсын эрүүгийн шүүхэд өгөх талаарх мэдээлэл гарчээ. Үүний зэрэгцээ Украины Олон улсын агаарын тээврийн компанийн ерөнхийлөгч Евгений Дыхне Ираны эрх баригчдыг агаарын орон зайгаа хаагаагүй гэж дээрх осолд буруутгав. “Тэд олон улсын гэрээгээ зөрчиж, гол үүргээ биелүүлээгүй, аюулгүй байдлыг хангаагүй. Бид биелүүлсэн, харин тэд биелүүлээгүй” гэж Евгений Дыхне ярьж байна.

Украины онгоц руу хоёр пуужин харважээ

“New York Times” сонин цахим хуудсандаа Украины онгоцыг хоёр пуужингаар харваж буй дүрс бичлэгийг байршуулжээ. Дүрс бичлэгээс үзвэл, онгоц руу эхлээд нэг пуужин харваж, 23 секундын дараа хоёр дахь пуужин харвасны дараа онгоц агаарт нэг минут орчим эргэлдээд гал гарч, өндрөө алдаж эхэлсэн байна.

Ираны Исламын хувьсгалыг хамгаалагчдын корпус энэ сарын 8-нд сүйрсэн Украины иргэний агаарын тээврийн онгоцыг Ираны агаарын довтолгооноос хамгаалах системийн пуужинд оногдож буй дүрс бичлэгийг нийтэлсэн гэх хүнийг баривчилжээ. Түүнд үндэсний аюулгүй байдалд хохирол учруулсан хэргээр ял оноож болзошгүй байгаа аж. Харин дээрх дүрс бичлэгийг нийтэлсэн сэтгүүлч буруу хүн баривчилсан гэж мэдэгджээ. Дүрс бичлэгийг анх нийтэлсэн сэтгүүлч Нариман Гариб түүний эх сурвалж аюулгүй байдалд байгаа бөгөөд өөр хүнийг баривчилсан гэсэн байна.

Үүнтэй зэрэгцэн Украины онгоцыг унагасныг эсэргүүцсэн жагсаалд оролцсон 30 хүнийг баривчилснаас гадна осолтой холбоотой хэргээр нэмж хэд хэдэн хүнийг саатуулжээ.

Оюутнуудын эсэргүүцэл

Иранд Тегеран болон Исфахан хотын их, дээд сургуулийн оюутнууд Украины онгоцыг сүйрүүлсэн явдлыг эсэргүүцэн жагсаж байна. Тэд мөн Тегераны дэглэмийг эсэргүүцэж байгаа юм. Жагсаал өнгөрсөн амралтын өдрүүдэд Тегеран төдийгүй Бабол, Керманшах, Амол, Табриз зэрэг олон хотод болжээ. Олон мянган жагсагч Ираны дээд удирдагч Аяатолла Али Хаменей болон Тегеран дахь Исламын хувьсгалыг хамгаалагчдын эсрэг уриа лоозон хашхирч, цагдаа нар тэдний эсрэг нулимс асгаруулагч хий ашигласан байна. Эсэргүүцлийн үеэр олон газарт цус асгарсан байжээ. Цагдаагийнхан гал нээгээгүй гэж мэдэгдэж байгаа ч буун дуун сонсогдож байсан гэж олон улсын зарим хэвлэлд мэдээлсэн байлаа.

Олон улсын туслалцаа

Сүүлийн үеийн мэдээгээр Украины онгоцны ослоор амиа алдсан зорчигчдыг таних, тогтоох ажлыг Канадын цагдаа нар хийнэ гэжээ. Зорчигчдын хэн болохыг тогтоох ажилд Канадын Үндэсний цагдаагийн газар оролцохоор болсон тул амиа алдсан хүмүүсийн ДНК-гийн дээжийг Иранаас Канадад хүргэх аж.

Түүнчлэн АНУ, Ираны хооронд үүссэн хурцадмал байдлыг намжаахад Япон улс дипломат хүчин чармайлт гаргана гэлээ. Гэхдээ Америк юмуу Европын цэргийн ажиллагаанд оролцохгүй гэдгээ Японы Батлан хамгаалахын сайд Таро Коно мэдэгдэв. Тэрбээр Япон улс бүс нутаг дахь хурцадмал байдлыг намжаах, нөхцөл байдлыг тогтворжуулахад тууштай дипломат хүчин чармайлт гаргана гэдгийг хэлээд “Японы цэргүүдэд хилийн чанадад олон улсын цэргийн ажиллагаанд оролцохыг зөвшөөрдөггүй үндсэн хуулийн хязгаарлалт бий” гэв.

“Boeing 737 MAX” онгоц үйлдвэрлэхийг зогсоожээ
 


“Boeing 737 MAX” загварын хоёр нисэх онгоц өнгөрсөн онд осолдсонтой холбоотойгоор тус компанийн зорчигч тээврийн нисэх онгоцны нийлүүлэлт 50 гаруй хувиар буураад байгаа аж. АНУ-ын нисэх онгоц үйлдвэрлэгч “Boeing” компаниас уржигдар гаргасан мэдэгдэлд дурдсанаар, 2019 онд 380 арилжааны нисэх онгоц нийлүүлснийг 2018 оныхтой харьцуулахад 53 хувиар буурсан үзүүлэлт аж. Мөн 2018 онд хамгийн өндөр борлуулалттай нисэх онгоцоор шалгарсан “737” загварын нисэх онгоцнуудын борлуулалт 78 хувиар буурчээ. “737 MAX” онгоц 2018 оны аравдугаар сард Индонезид, 2019 оны гуравдугаар сард Этиопт осолдож 300 гаруй зорчигч амиа алдсан юм. Эдгээр ослын дараа энэ загварын нисэх онгоцны үйлдвэрлэлийг өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас эхлэн бууруулсан байдаг. АНУ “737 MAX” загварын онгоц дахин нислэг үйлдэхийг хэзээнээс зөвшөөрөх нь тодорхойгүй байгаа учир “Boeing” компани дээрх загварын онгоцны үйлдвэрлэлээ энэ сараас зогсоожээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top