УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр /2020.02.07/ Бүгд Найрамдах Солонгос Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ли Ё Хунгийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар УИХ-ын дарга Г.Занданшатар "БНСУ нь Монгол Улсын гуравдагч хөрш төдийгүй худалдаа, эдийн засгийн харилцааны чухал түнш орон. Сүүлийн жилүүдэд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНСУ-д, Солонгосын талаас БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ён Монгол Улсад айлчилсан. БНСУ-ын Засгийн газрын Хөгжлийн албан ёсны тусламж Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд тодорхой хувь нэмэр оруулж ирсэн. Зээл, тусламжийн үр өгөөжийг дээшлүүлэх, нийгэмд чиглэсэн үр ашигтай төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх талаар хоёр улсын Засгийн газар анхаарч ажиллах нь зүйтэй" гэв.
Мөн УИХ-ын дарга Монгол Улс, БНСУ-ын “Иж бүрэн түншлэл”-ийн харилцааг “Стратегийн түншлэл”-ийн түвшинд шат ахиулан хөгжүүлэх талаар Төрийн тэргүүн нарын түвшинд тунхаглахад чиглэсэн бэлтгэл ажлыг хангах талаар Элчин сайдын зүгээс хүчин чармайлт гарган ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ. Түүнчлэн хоёр улсын худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, “Стратегийн түншлэл”-ийн харилцааны түвшинд дүйцүүлэн хүргэх талаар хамтран ажиллах нь нэн чухал гэдгийг онцлон тэмдэглэсэн юм.
БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ён "Монгол Улсад айлчилсан нь хоёр улсын харилцааг нэг шат ахиулсан ач холбогдолтой байсныг Элчин сайд Ли Ё Хунг хэлээд энэ айлчлалын хүрээнд яригдсан хоёр орны ард түмний найрамдал, харилцан ойлголцлыг бэхжүүлэхэд чиглэсэн олон арга хэмжээг зохион байгуулах болон бусад асуудлыг хэрэгжүүлэх чиглэлээр анхаарал хандуулан ажиллах болно" гэлээ. Тэр дундаа БНСУ-ын Ерөнхий сайдын айлчлалын үеэр хоёр улсын харилцааг “Стратегийн түншлэл”-ийн түвшинд шат ахиулан хөгжүүлэхээр тохирсныг 30 жилийн ойн хүрээнд хэрэгжүүлэхээр ажиллаж байгаагаа дуулгасан юм.
Үргэлжлүүлэн талууд Зүүн хойд Азид энх тайван, тогтвортой байдлыг бэхжүүлэх, аюулгүй байдлын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар байр сууриа илэрхийлж, санал солилцлоо. Мөн цаг үеийн шинэ нөхцөлд тулгуурлан талууд эдийн засаг, бизнесийн харилцаагаа өргөжүүлэн, экспорт, импортыг нэмэгдүүлэх чиглэлээр санаачилгатай, хамтран ажиллах нь зүйтэй хэмээн санал нэгдэв. УИХ-ын дарга Г.Занданшатар БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ён-ы Монгол Улсад хийсэн айлчлалын үеэр хоёр талын иргэд харилцан зорчих нөхцөлийг хөнгөвчлөх, хэтдээ харилцан визгүй зорчих зорилгоор замын зураглал гаргахаар тохирсон асуудлыг хөндсөн бөгөөд ноён Ли Ё Хунг Элчин сайдаар ажиллах хугацаандаа энэ чиглэлээр бодит үр дүн гаргахаар чармайх болно гэлээ.
Сэтгэгдэл ( 0 )