Сингапур улстай хийх олныг хамарсан арга хэмжээгээ цуцлахыг уриалав

Автор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 11

Бүгд Найрамдах Сингапур Улсад 2020 оны хоёрдугаар сарын 11-ний өдрийн байдлаар шинэ төрлийн коронавирусээр өвчилсөн тохиолдол 45 бүртгэгдээд байна. 5.6 сая хүн амтай улс энэхүү тоог аюултай хэмжээнд хүрч байна гэж үзэж байгаа бөгөөд хоёрдугаар сарын 7-ноос Өвчний дэгдэлтийн хариу урвалын системийн байдлын хэмжээг улбар шар түвшинд шилжүүлжээ.

Нийт хүн амын 35 хувийг гадаад улсын иргэд эзэлдэг Сингапур Улсын хувьд үүсээд буй шинэ төрлийн коронавирусын халдварт өвчний эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээнийхээ талаар Сингапур дахь Дипломат корпусын төлөөлөгчдөд мэдээлэл өгөв. Сингапурын тал аль болохоор нээлттэй байж, тус улсад үүссэн нөхцөл байдал болон төрийн байгууллагын зүгээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох чиглэлээр авч буй арга хэмжээг танилцуулсан байна.

Түүнчлэн Дипломат төлөөлөгчийн газруудыг зайлшгүй шаардлагатайгаас бусад тохиолдолд олныг хамарсан хурал цуглаан, арга хэмжээ, хүлээн авалт зэргийг зохион байгуулахгүй байх, хугацаа товлогдсон арга хэмжээнүүдийн товыг хойшлуулж, цуцлахыг уриалав.

Сингапур Улсын хувьд олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр цацагдаж буй хуурамч мэдээлэлд иргэдээ автахгүй байх, Эрүүл мэндийн яамнаас гаргаж буй албан ёсны мэдээлэл, заавар, зөвлөгөөг дагахыг уриалж байгаа бөгөөд Дипломат төлөөлөгчийн газруудыг мөн өөрийн улсын иргэддээ уриалахыг хүсэлт болгожээ. Өвчний дэгдэлтийн хариу урвалын системийн байдлын хэмжээ (DORSCON Level) “Улбар шар”-д шилжсэнтэй холбогдуулж олон нийтийн дунд үймээн үүсч, дэлгүүрүүдэд хүнсний болон ахуйн хэрэглээний өдөр тутмын бүтээгдэхүүний хомсдол үүссэн нь олон нийтийн хэтрүүлгээс шалтгаалсан зүйл хэмээн тайлбарлаж, эдгээр төрлийн бүтээгдэхүүний нөөц хангалттай байгааг мэдэгдэв. Засгийн газраас өрх бүрт үнэ төлбөргүй тарааж буй амны хаалтыг гадаад улсын иргэд ч авах боломжтой бөгөөд оршин сууж буй албан ёсны хаягийг нотлох аливаа төрлийн баримт бичгээ үзүүлж авах боломжтой юм байна.

Бүгд Найрамдах Сингапур Улсын Засгийн газраас шинэ төрлийн коронавирусын тархалтаас “нэг алхмын өмнө” байх бодлого баримтлан ажиллаж, халдварын тархалтын гинжин холбоог нарийвчлан шалгаж тархалтыг барьж, зогсоох арга хэмжээг авахаар ажиллаж байгаа бөгөөд эмнэлгийн үйлчилгээ, нөөц бололцоог үр дүнтэй ашиглахад анхаарч байгаа ажээ. Түүнчлэн нөхцөл байдлын талаарх мэдээллийг олон нийтэд бодит, ил тод, шуурхай байдлаар хүргэхэд онцгой анхаарал хандуулан ажиллаж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top