Монголчууд бид эрт дээр үеэс уул овоо тахих, ихэс дээдэст мандал өргөх баяр наадам хийж, сайн морьдынхоо шандас хурдыг сорин уралдсаар ирсэн. Он цагийн уртад эрийн гурван наадам болгон баяр цэнгэлийн манлай ардын хувьсгалын үндэсний их баяр наадамд зургаан насны морьд уралдуулдаг байснаа 1990-ээд оны сүүлчээр Монголын морин спорт уяачдын холбоо байгуулагдаж, Монголын хамгийн хурдан морьдыг шалгаруулах санаачлан шигшмэл хурдан морьдын уралдаан (Их хурд) наадмыг гурван жилд нэг удаагийн давтамжтайгаар сайхан уралдаан зохион байгуулж, эмх цэгцтэй үйл ажиллагаа явуулж байлаа. Харин сүүлийн үед хөрөнгөжсөн хүмүүс Засгийн газарт нөлөөлж, Засгийн газрын шийдвэрээр бүсийн уралдаан гэгчийг зохион байгуулж, энэ уралдаан цаашдаа аймаг сум, багийн уралдаан болон хавтгайрлаа. Ардчилсан хувьсгал гэгч ялсны дараа бүх үйлдвэрээ зогсоогоод ажилгүй болцгоож, ядуурсан хүмүүсийн сэтгэл санааг аргацаахын тулд баяр наадам хийж архидуулах, үүгээрээ далимдуулан сонгогчдод бэлэг сэлт шагнал өгч, наадам хийх, аймаг сумын баруун зүүн бүсийн уралдаан, ААНБ-ууд сургууль, цэцэрлэг сум, байгуулагдсаны болон өвгөд хөгшдийн насны ой, зэрэг баяр наадмуудад морь уралдуулдаг урд өмнө нь байгаагүй нэгэн жишиг тогтоод удаж байна.
Газрын баялаг эрдэс түүхий эдийг олборлож, хөрөнгөжсөн цөөн тооны баячууд моринд хорхойсон орж, Улсын алдар цолтой уяачдад шавь орж, зүүн зүгээс адууны шилмэл хурдыг мөнгөөр зодон худалдан авч, өв соёлоо дээдлэгч нэрийн дор хурдан морины уралдаан замбараагаа алдлаа. Орчин цагийн хурдан морины уралдаан нь мэргэжлийн спортын хэв маягийг олж, Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт Өлзийт хороолол гэж баячуудын морь уях бэлтгэл ажил хийх түшиц газар болсныг буруутгах аргагүй. Бай шагнал нь өндөрсгөж байгаа ч улс орны ард иргэдийн амьдралын төвшинд сайнаар нөлөөлж чадахгүй зөвхөн шинэ цагийн баячуудын хоорондоо өрсөлдөх талбар болж, морь уях наадах гэдэг олныг хамарсан ажил төрөл алдагдуулсан олон нийтээрээ архидан согтуурах явдал ихээр ажиглагдах боллоо.
Өвгөд дээдсийн морь уяа уралдуулах эрдэм ухааныг түгээн дэлгэрүүлэхээс өмнө гадаадын хөгжингүй орны мал эмнэлгийн байгууллагын шинжлэх ухааны дэвшил, хүч чадал хурдыг нэмэгдүүлэх сэргээшийг эм тариа манайд нэвтрэн мөн үйлдвэр угшил сайжруулах нэрийн дор Монгол адууны эрс тэс байгалийн зохицолгоотой уялдсан тэсвэр хатуужил алдагдан шинэ цагийн Монгол адуу гэгч бий болов. Тэдгээртэй өрсөлдөх эгэл жирийн уяачид Улсынхаа баяр наадамд уралдах сонирхолгүй болж, Улсын баяр наадамд уралддаг морьдын тоо эрс цөөрч үзэгч олон багасаж, зөвхөн шинэ цагийн баячуудын зугаа цэнгэлийн баяр наадам болон хувирчээ. Ер нь морь уралдуулснаар эдийн засгийг сэргээн ядуурлыг бууруулахад хувь нэмэр болохгүй, ач холбогдол багатай гэдэг нь ойлгомжтой. Иймд Засгийн газрын шийдвэрээр бүсийн хурдан морины уралдаан гэгчийг түр хугацаагаар зогсоож, морь уралдуулахыг хязгаарлан үүний оронд байгаль цаг уурт ээлтэй хүн төрөлхтний амьдрах орчны цэвэр агаарын эх үүсвэр болсон мод тарих, ойжуулах хөдөлгөөн өрнүүлэх хэрэгтэй байна. Ногоон байгууламж байгаль эх дэлхийгээ хайрлан экологийн тэнцвэр алдагдаж буй өнөө үед манай дэлхийн цэвэр агаарын хомсдол бий болж, энэ зөрчлийг арилгахын тулд морь уралдуулахаа болиулж, мод тарих хөдөлгөөнийг орон нутгийн төр, олон нийтийн байгууллага санаачилга гарган далайцтай ажлыг өрнүүлье.
2019 оны намар дэлхийн хүн төрөлхтний амьсгалах эх үүсвэр болсон Африкийн Амазонк ширэнгэн ой шатаж, аюулын харанга дэлдэж, ой модныхоо 30 хувийг шатааж, хүн төрөлхтний амьсгалах хүчил төрөгч цэвэр агаар тэр хэмжээгээр хомсдолоо. Мөн Австрали тивд шатаж буй ойн түймэр 10 гаруй сая га газрыг хамарч, тэрбум шахуу ан амьтан өвс, ургамал сүйрлээ. Энэ аюулт үзэгдлийн хор хөнөөлөөс ангижрахын тулд ганц гарц нь мод тарьж ойжуулах гэдгийг Дэлхийн цаг уурын өөрчлөлтийн асуудлаар хуралдсан эрдэмтэн мэргэд үзэж, 1 их наяд модыг тарьж ойжуулах шаардлагатай байна гэж хүн төрөлхтөнд уриаллаа. Манай орны нийт газар нутгийн 10-аад хувийг ой мод эзэлдэг боловч тэдгээрийн хэрэглээ өдрөөс өдөрт ихсэж, нөхөн сэргээх үйл ажиллагааг эрчимтэй хийж, цаг уурын уур амьсгалын өөрчлөлтийн талаар Монголчууд бид эх орныхоо өнцөг булан бүрт мод тарьж ойжуулах ажлыг хийх хэрэгтэй байна. Монгол орны өргөн уудам газар нутагт мод тарьж ойжуулалтыг цаг алдалгүй эрчимтэй зохион байгуулах нь ирээдүйн хойч үеийнхэндээ үлдээж буй эрхэм баялаг юм. Бидний хувьд мод тарих ойжуулах давагдашгүй хэцүү ажил биш элдэв янзын техник технологи машин техник хүн хүч шаардагдахгүй зүгээр л шинжлэх ухааны үндэслэлтэй зөв зохион байгуулж, гарын дор хийж чадах хялбархан ажил, ургуулан арчилж, тордолтыг 1-2 жил сэтгэл гаргахад бүтэх асуудал. Манай орны аймаг, хотын Их дээд сургууль төгсөгчид, анги хамт олноороо мод тарьж ойжуулах ажлын бэлтгэл ажлыг орон нутгийн мэргэжлийн болон төрийн байгууллага зохион байгуулах энгийн бөгөөд хялбар ажил хэрэгжинэ.
Монгол орны газар тариалан эрхэлдэг тариаланчид хөрсний эвдрэлтэй тэмцэхэд тариалангийн талбайн эргэн тойрон мод тарих ургуулах хөрсийг гэмтээдэг салхи шуурганаас хамгаалдаг технологи байдгийг бүгд мэднэ. Сүүлийн үед тариалан талбайгаа хашаажуулж тариан талбайд мал сүрэг орох эрсдэлээс хамгаалж байна. Сум орон нутгаас энэ хашаажуулалтын дотор талд мод тарих ойжуулах асуудлыг мэргэжлийн байгууллагуудтай хамтран хөдөлмөр эрхлэх, ажлын байрыг нэмэгдүүлэхтэй хослуулан зөв зохион байгуулбал үр дүнгээ өгмөөр санагдана. Мөн бичил уурхайчин хувиараа газрын хэвлийн баялаг олборлож, ашиг хүртэгсэд нөхөн сэргээх үйл ажиллагааны төлөвлөлтөд БОАЖЯ, Ашигт малтмалын хэрэглэх газар хамтран мод тарих, ойжуулахыг төрийн бодлогын хэмжээнд зохицуулахад мод тарьж ойжуулах, ажилд ч тус нэмрээ өгч ахиц гарна. Бид байгалийн баялаг газрын хэвлийн ашигт малтмалыг олборлон хэчнээн ихээр үрэн таран хийж байгаач эргээд нөхөгддөггүй шүү дээ. Гагцхүү мод тарьж ойжуулах нь 10, 20 жилийн дараа хүмүүсийн хэрэгцээг хангах боломж бүрдэн баялаг бий болно. Мод тарьсны тухайн газар нутагт оршин суудаг ахмад, өндөр настнуудад арчилгааг нь хариуцуулахад тэд баярлан хөөрч, үнэнчээр зүтгэн хийх ажилтай болж, өдөр шөнөгүй зүтгэнэ дээ. Мод тарьж ойжуулах нөр их ажлыг монгол түмэн найрсгаар хүлээн авч, дэлгэрүүлэх болтугай.
Д.Өлзийтогтох
Сэтгэгдэл ( 0 )