Дэлхий нийтийг цочирдуулаад байгаа шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах зорилгоор Монгол Улс өнөөдрөөс /2020.02.13/ гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдалд шилжлээ. Уг асуудлыг өчигдрийн /2020.02.12/ Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэж, шийдвэрлэсэн юм.
Энэ талаар Шадар сайд Ө.Энхтүвшин "Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд зарим шийдвэр гаргалаа. Тухайлбал, шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах зорилгоор засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг 2020 оны хоёрдугаар сарын 13-ны өдрөөс (өнөөдөр) гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт (хэсэгчилсэн) шилжүүлсүгэй гэсэн тогтоол гаргалаа. Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж байгаатай холбогдуулаад шинэ коронавирусийн халдвар, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах зорилгоор Улсын онцгой комиссын 2020 оны хоёрдугаар сарын 10-ны өдрийн шийдвэр, Ерөнхийлөгчийн мөн оны хоёрдугаар сарын 12-ны өдрийн 10 тоот зарлигийг үндэслэн хотол төгс хэмээх төмөр хулгана жилийн цагаан сарын баярыг нийтээр тэмдэглэхгүй байх нь зүйтэй гэж үзсүгэй гэсэн заалтыг тогтоолд орууллаа. Гамшгаас хамгаалах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4, 32 дугаар зүйлийн 32.1, 33 дугаар зүйлийн 33.1, 34 дүгээр зүйлийн 34.2-т заасан арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон төрийн захиргааны байгууллага, гамшгаас хамгаалах алба, хуулийн этгээдэд үүрэг болгосон заалтыг мөн оруулсан" гэв.
Түүнчлэн "Коронавирусийн тархалтын оргил үе болоогүй байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас ч тэгж хэлж байгаа. Оргил үе нь магадгүй энэ цагаан сарын өдрүүдэд таарч болзошгүй гэсэн урьдчилсан тандалтыг эрдэмтэд хийсэн байна. Нөгөөтэйгүүр нүүрсний тээврийг зогсоохтой холбогдуулаад би урьд нь хэлж байсан. БНХАУ-ын Өвөрмонголын өөртөө засах орны Баяннуур аймгийн Халиут хот гэж манай хилээс 120 км-ын цаана байгаа юм. Мөн 190 км зайтай өөр хот бий. Тэнд коронавирусийн халдвар бүртгэгдсэн. Гэтэл дахиад манайтай шууд залгаа Шинжаан-Уйгурын өөртөө засах оронд шинэ коронавирусийн халдвар бүртгэгдсэн гэдгийг зарлаж байна. Тийм учраас ийм арга хэмжээг Улсын онцгой комисс, Ерөнхийлөгч, Засгийн газраас тус тус гаргасан" хэмээн тодотгосон билээ.
Гамшгаас хамгаалах хууль: Өндөржүүлсэн бэлэн байдлын үед хэрхэн ажиллах вэ?
Монгол Улсын Гамшгаас хамгаалах тухай хуулийн Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг хангах хэсэг буюу 10.1-д Онцгой байдлын байгууллага, гамшгаас хамгаалах алба, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээд нь гамшгаас хамгаалах бэлэн байдлын дараах зэрэгтэй байна гэж заасан байдаг аж. Гамшгийн үеийг хуульд,
10.1.1. Өдөр тутмын бэлэн байдал
10.1.2. Өндөржүүлсэн бэлэн байдал
10.1.3. Бүх нийтийн бэлэн байдал хэмээн ангилахаар заажээ.
Харин өндөржүүлсэн бэлэн байдлын үед “Тодорхой нутаг дэвсгэр, объектод гамшгаас урьдчилан сэргийлэх, эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагааг хэрэгжүүлэх зорилгоор өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж дараах арга хэмжээг авна” гэж заажээ.
Гамшгаас хамгаалах хуульд
10.4.1. Гамшгийн зарлан мэдээллийн дохиог хүн амд хүргэх, гамшгаас хамгаалах төлөвлөгөөнд тодотгол хийх, хэрэгжүүлэх;
10.4.2. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг ажлын тусгай горимд шилжүүлэх;
10.4.3. Гамшгийн зарлан мэдээллийг хүн амд шуурхай, хүртээмжтэй хүргэх;
10.4.4. Хорио цээрийн дэглэм тогтоох, хүч хэрэгсэл, гамшгийн болон орон нутгийн нөөцийг дайчлах;
10.4.5. Гамшгийн нөөцийг улсын хэмжээнд Засгийн газрын шийдвэрээр, орон нутагт тухайн шатны Засаг даргын шийдвэрээр нэмэгдүүлж ажиллан гэж заасан байна.
Сэтгэгдэл ( 2 )
Маска нь олдохгуй хил зах юу л бна бух газар задгай байж ухсэн хатсаны чинь ендержуулсэн байдал оркууд нь гудамжинд нус цэрээ хаястай сенеж байсан монгол
Хилээ хаахгүй, Хүн амьтан олноороо цуглардаг Зах худалдааны төвүүдээ хаахгүй байж ямар Өндөржүүлсэн бэлэн байдал зарласан болох вэ дээ, Худлаа Сүр бадруулсан Үйл ажиллагаа болж байна ш дээ,