Нийслэлийн есөн дүүргийн хүнсний худалдаа, үйлдвэрлэл эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжид хоёрдугаар сарыг дуустал урьдчилан сэргийлэх хяналт, шалгалт хийж байгаа. Энэ талаар НМХГ-ын Хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч Л.Баясгалантай ярилцлаа.
-Нийслэлд нэгдүгээр сарын 20-ноос урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж байгаа. Шалгалт хэрхэн үргэлжилж байна вэ?
-МХЕГ-ын даргын баталсан удирдамжийн дагуу нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд урьдчилан сэргийлэх шалгалтууд хийж байгаа. Худалдааны төв, бөөний цэг, хүнсний дэлгүүр, мухлаг, хүнс, хоолны үйлдвэрлэл үйлчилгээний газар, ургамал, хорио цээр, мал эмнэлэг гээд нийт 312 объект шалгалтад хамрагдсан. Шалгалт хоёрдугаар сарыг дуустал үргэлжилнэ. Хүнсний бөөний худалдааны цэгүүдэд хадгалалтын хугацаа дууссан, хаяг шошгын зөрчилтэй буюу үйлдвэрлэсэн огноо, тэмдэглэгээ тодорхойгүй бүтээгдэхүүн нийтлэг худалдаж байна. Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулинд орос, англи, монгол хэл дээр хаяг, шошгын мэдээлэл байх ёстой боловч хятад, солонгос, герман хэл дээр мэдээллүүд байсан. Түргэн гэмтэх хадгалалтын горим шаарддаг бүтээгдэхүүнийг буруу хадгалсан зөрчил түгээмэл илэрлээ. Мэргэжлийн хяналтын байгууллагаас төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус, урьдчилан сэргийлэх хяналт, шалгалт, тандалт судалгаа, зөвлөн туслах ажлуудыг хуваарийн дагуу хийсээр байна. Зарим тохиолдолд эрсдэлд суурилсан хяналт шалгалтыг гомдол мэдээллийн дагуу явуулдаг.
-Зөрчлүүдэд ямар арга хэмжээ авсан бэ?
-Шалгалтаар нийт 743 зөрчил илэрснээс 67 хувийг нь арилгуулсан. Зөрчил гаргасан 35 аж ахуйн нэгж, 74 иргэнд 47 сая 950 мянган төгрөгийн торгуулийн арга хэмжээ ногдуулсан. Хадгалалтын хугацаа дууссан 27 нэр төрлийн 188 ширхэг бүтээгдэхүүнийг устгалд оруулсан. Хаяг, шошгын зөрчилтэй 24 нэр төрлийн 1162 ширхэг бүтээгдэхүүнд татан авалт хийлгэсэн. Үүнд, бууз, банш, ёотон, шоколад зэрэг дотоодын үйлдвэрийн бүтээгдэхүүн багтаж байна. Мэргэжлийн хяналтын байгууллагаас “24 цагийн дотор татан авалт хий. Эргэж судалгаа маягтын дагуу мэдээлэл өг” гэсэн шаардлага тавьдаг. Үйлдвэрүүд худалдаанаас татан авалт хийгээд, хаяг шошгын зөрчлөө арилгасны дараа мэргэжлийн хяналтын байгууллагад мэдээлж, дахин худалдаалдаг.
-Бууз баншны худалдаа ямар байна вэ?
-Бууз, баншийг ихэвчлэн иргэд хийж зардаг. Үйлдвэрүүд ч бий. Үйлдвэрлэсэн огноо, тэмдэглэгээгүй буузнуудыг савлаж зарж байна. Өөх тосны хэмжээ, уургийн агууламж зэрэг шошго дээрх тэжээллэг чанарын мэдээлэл нь лабораторид шинжлүүлэхэд өөр гарах зөрчлүүд илэрсэн.
-Эрүүл ахуйн хувьд хаана үйлдвэрлэл эрхэлж байх юм?
-Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулиар тухайн үйлдвэрийн байр стандарт, техникийн зохицуулалтад нийцсэн барилга, байгууламж агуулахтай байна. Зориулалтын тээврийн хэрэгсэл, мэргэшсэн болон мэргэжлийн хүний нөөцтэй байх ёстой. Эрүүл ахуйн зохистой дадлыг хэвшүүлсэн. Эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамрагдсан хүмүүс ажиллах ёстой. Зөвхөн бууз, баншны үйлдвэрлэл гэлтгүй үйлдвэрлэл эрхлэгч Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын тухай хуульд заасан шаардлагыг заавал биелүүлэх үүрэгтэй.
-Хувиараа үйлдвэрлэл явуулж байгаа иргэд дагаж мөрдөх үү?
-Тэгнэ. Иргэд үйлдвэрлэл эрхэлж болохгүй гэсэн юм байхгүй. Шаардлагаа биелүүлж чадаж байвал үйлдвэрлэл явуулах боломжтой. Харин гэртээ бүтээгдэхүүн хийсэн бол гэр бүлийнхээ хэрэгцээнд хэрэглэнэ. Нийтийн хэрэгцээнд гаргаж болохгүй. Зөрчлийн хуулиар хориотой. Арга хэмжээ тооцно.
-БНХАУ-ын Хунань мужид шувууны томуу гарсан тул гахай, тахианы мах, тэжээл, өндөг импортоор оруулахыг хориглосон. Тиймээс худалдан авалт багассан бололтой?
-Одоо худалдаанд байгаа импортын гахай, тахианы мах, өндөг зэргийг худалдан борлуулахыг хориглоогүй. Хилээр нэвтрүүлэхийг хориглосон. Мэргэжлийн хяналтын байгууллагаас эдгээр бүтээгдэхүүнд түүвэрчилсэн шинжилгээ хийдэг. Хэрвээ сорьц эерэг гарсан бол устгах арга хэмжээ авна. Байцаагчид гарал үүсэл, шинжилгээнд хамрагдсан эсэх, хаяг шошгын мэдээлэлд хяналт тавьж байгаа. Тиймээс итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээнд хамрагдсан, гарал үүсэл тодорхой бүтээгдэхүүнийг худалдаалж, худалдан авах ёстой.
-Түргэн гэмтэх бүтээгдэхүүнд юу юу ордог вэ. Худалдаж авахдаа юуг анхаарах вэ?
-Өндөг, лаазалсан хүнс, майонез, мөхөөлдөс, кремтэй бялуу жигнэмэг зэрэг түргэн гэмтэж, муудах бүтээгдэхүүнийг зориулалтын хөргөгч, хөлдөөгчөөс худалдаж авах хэрэгтэй. Мөн хөргөгч, хөлдөөгч хэдэн хэмд ажиллах байгааг анхаарах нь зүйтэй. Цаашлаад итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээнд хамрагдсан эсэхийг шаардаж үзэж болно. Хаяг, шошгын мэдээллийг заавал шалгах ёстой. Жишээлбэл, өндгийг хэдэн хэмд хадгалахаас хамаараад хадгалах хугацаа харилцан адилгүй. Зах, худалдааны төвүүдэд голдуу ил тавьж борлуулдаг. Ингэж хадгалсан өндөгний хадгалах хугацаа улам багасна.
-Сүү, цагаан идээний худалдаанд яаж хяналт тавьдаг вэ?
-Уламжлалт аргаар хийсэн цагаан идээнд гарал үүслийн бичиг шаардах эрхтэй. Үйлдвэрийн аргаар бэлтгэсэн сүүнд хаяг, шошгын мэдээлэл заавал байх ёстой. Мөн улирал тутам тогтмол шинжилгээнд хамрагддаг.
-Зарим савлагаатай сүүг худалдаж аваад хэрэглэж байхад гашилдаг. Энэ тохиолдолд хаана хандаж болох вэ?
-Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт хандаж, 7012-8012 утсанд мэдээлж болно. Гэхдээ иргэн ямар бүтээгдэхүүн хэрэглэх гэж байгаагаа эхнээсээ сайтар шалгаж авах ёстой. Ил задгай худалдаалж байгаа болон хаана, хэзээ үйлдвэрлэсэн нь тодорхойгүй бүтээгдэхүүнийг авч болохгүй.
-Жимс, жимсгэнэ, хатаасан жимсний тухайд?
-Жимс жимсгэнэ нь голдуу импортын бүтээгдэхүүн байдаг. Нэгдүгээрт, шинжилгээний бичиг, хоёрдугаарт, хэзээ савлагдсан аль улсын ямар соортын бүтээгдэхүүн болох нь чухал.
-Чанар, аюулгүй байдлын шаардлага хангаагүй бүтээгдэхүүн борлуулсан тохиолдолд ямар хариуцлага тооцдог вэ?
-Хувь хүнд 300 мянган төгрөгийн торгуулийн арга хэмжээ авч, учруулсан хохирол нөхөн төлбөрийг нь гаргуулдаг. Аж ахуйн нэгжид гурван сая төгрөгийн торгуулийн арга хэмжээ авч, хохирлыг нөхөн төлүүлдэг.
-Алдаагаа дахин дахин давтаад байгаа аж ахуйн нэгжид хэрхэн хариуцлага тооцох вэ?
-Байцаагчийн албан даалгаврыг биелүүлээгүй тохиолдолд үйл ажиллагааг нь зогсоох хүртэл хариуцлага тооцох боломжтой. Зөрчлийн шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу торгууль тавина. Хүнсний үйлдвэр, үйлчилгээ эрхэлж байгаа цэг болгон Засгийн газрын 311 дүгээр тогтоолын дагуу дотоод хяналтаа биелүүлэх үүрэгтэй. Иргэдэд стандартын шаардлага хангаагүй газраас бүтээгдэхүүн худалдаж авахгүй байхыг дахин анхааруулж байна.
Сэтгэгдэл ( 5 )
Naturiin zamd bdag hard rocktoi bairand uil ajillagaa hudaldaa erheldeg naran delguuriin jimsnii tasag n 15000r hudalddag bagts savalgaatai jims n naanaa tseverhen hirnee dotorh n hulhidaad ylzarsan muudsanaa hiiged booson bsan shuu ochij neg heruul hiih gesnee bolisoon muuhai l ym bna leee shuu naran delguur anhaaraarai!!!
Үхсэн мэдээлэл өгөөд арга хэмжээ авлаа гэж хэлчихээд мэдээлэл өгсөн хүнийхээ утас нэр нтрийг нь тухайн байгуудлагтаа өгчихсөн ч байх шиг тухайн мэдээлэл өгсөн хүнийхээ мэдээллийш нууцалдаггүй юмуу энэ чинь одоо
Ажил хийж бгаагаа дэлхийгээр нэг зарлаад байх нь зохимжгүй бна. Тухайлбал үс нь сэгсийчихсэн, бээлийгүй, амны хаалт хувцас хамгаалах хэрэгсэлгүйгээр дэлгүүр нийьийн хоолны газраар хяналт хийж бгаа зургаа юуг нь гайхуулж тавьдаг бнаа, тэрний оронд орчны аюулгүй байдлыг нь сэрэмжлүүлсэн мэдээ нийтэлж бвал зүгээр юм, та нараас өөр ажил хийдэг хүн бдаггүй юм шиг хаа яваа газраа селфидэж байхаа болио
Hi tengeriin thai hubai mujaas oruulj irdeg yum blee vnete olon gazar bgad zaisan nomingiin salbar yuh delguuriin urd
Хуц новшоо