Өрхийн сарын дундаж орлого 173 мянган төгрөгөөр өсжээ

Ө.Уранзаяа | Zindaa.mn
2020 оны 02 сарын 17

Монгол Улсын 2020 оны нэгдүгээр сарын нийгмийн салбарын статистик үзүүлэлтийг Үндэсний статистикийн хорооны Тооцооны шинжилгээ судалгааны газрын ахлах статистикч Н.Өлзийханд танилцууллаа. Тус газраас нэгдүгээр сарын нийгэм, эдийн засгийн үзүүлэлтийг танилцуулах хэвлэлийн бага хурлыг онлайнаар зохион байгуулж байгаа юм.

Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгааны 2019 оны дөрөвдүгээр улирлын дүнгээр өрхийн сарын дундаж нийт орлого 1.4 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 173.2 мянган төгрөгөөр өсжээ. 

Өрхийн сарын дундаж орлогын 91.7 хувийг мөнгөн орлого, 4.4 хувийг бусдаас үнэгүй авсан хүнсний болон хүнсний бус бүтээгдэхүүн, 3.9 хувийг өөрийн аж ахуйгаас хэрэглэсэн хүнсний бүтээгдэхүүн эзэлж байна. 

Өрхийн сарын дундаж мөнгөн орлогыг бүтцээр нь авч үзэхэд, цалин хөлсний орлого 54.4 хувь, тэтгэвэр, тэтгэмжийн орлого 18.3 хувь, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн орлого 10.5 хувь, бусад орлого 9.5 хувь, хөдөө аж ахуйн бус үйлдвэрлэл, үйлчилгээний орлого 7.3 хувийг тус тус эзэлж байна.

ХӨДӨЛМӨРИЙН НАСНЫ ХҮН АМЫН ТАЛААС ИЛҮҮ НЬ АЖИЛТАЙ БАЙНА

Ажиллах хүчний судалгааны 2019 оны дөрөвдүгээр улирлын дүнгээр Монгол Улсын хэмжээнд 15 ба түүнээс дээш насны нийт хүн амын 1.3 сая нь ажиллах хүч байна. Ажиллах хүчний оролцооны түвшин 60.7 хувьд хүрчээ. Хүйсээр авч үзвэл, эрэгтэйчүүдийнх 69 хувь, эмэгтэйчүүдийнх 53.2 хувь ажиллах хүчинд оролцож байгаа аж. Хөдөлмөр эрхлэлтийн түвшин 55.7 хувь байгаа юм. 2019 оны дөрөвдүгээр улирлын байдлаар ажилгүйдлийн түвшин 8.1 хувьтай байна.

НЭГДҮГЭЭР САРД БҮРТГҮҮЛСЭН 300 ИРГЭН АЖИЛТАЙ БОЛЖЭЭ

Аймаг, нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад 2020 оны нэгдүгээр сарын эцэст ажилгүй 6.3 мянган иргэн шинээр бүртгүүлж, бүртгэлтэй байсан 1.1 мянган иргэн ажилд зуучлагдан орж, 5.3 мянган иргэн ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагдсан байна. Үүнээс Улаанбаатар хотод 2020 оны нэгдүгээр сард нийт 2.5 мянган иргэн нийслэл, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад шинээр бүртгүүлж, бүртгэлтэй байсан 300 иргэн ажилд зуучлагдан оржээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
b(59.153.113.167) 2020 оны 02 сарын 17

bvv zal

0  |  0
Top