ОЛОН ӨНГӨ: Аавын дүү

Б.Төрбат | Zindaa.mn
2020 оны 02 сарын 20

Аав минь эхээс гурвуулаа. Миний аав нэгэн цагт хоёр сайхан дүүтэй, тэднээрээ гайхуулсан айлын том хүү явжээ. Явжээ... бичихэд хүртэл хэцүү үг юмсанж. Гэхдээ үүнээс илүү нь бид том дүүг нь амьдралдаа ганцхан удаа, бага дүүг нь амьдралдаа огт хараагүй өдийг хүрсэн явдал юм. Толгой дээрээ эрхлүүлж өсгөсөн том ахыгаа хорвоогоос буцахад нь хүртэл амьнаасаа ч илүү хайрлаж явдаг байсан хоёр дүүгийнх нь нэг нь ирээгүй гээд бод доо. Ирсэн нэг нь хэдхэн цаг болоод л буцаад явчихсан гэхээр одоог хэр нь гомдох, гайхах зэрэгцдэг л юм.

Аавгүй амьдралд үе үехэн хоёр дүүг нь боддог байв. Харин жаахан том болж, ухаан суусан хойноо өөр сэтгэлээр тэр хоёрыг хүлээдэг болсон. Тэдний төрхөөс аавынхаа царайг ганц ч болтугай харахыг хүссэндээ л тэр шүү дээ. Гэсэн ч тэд ирээгүй, бүр биднийг хайгаач үгүй.

Харин сүүлд аавын том дүү бидэнтэй уулзах хүслээ илэрхийлж, хүн амьтнаас биднийг сураглаж яваа сураг дуулдав. Биднийг байдаг гэдгийг одоо л мэдэж дээ... гэж бодоод шууд л дургүй хүрч билээ. Яагаад ч юм тэр хүнд хариу өгөөгүй, уулзах гэж хичээгээгүй юмдаг. Тэгсэн нэг өдөр эхнэрээ дагуулчихсан үүдээр ороод ирдэг байгаа. Аавтайгаа уулзаж байгаа юм шиг тэр мэдрэмж. Олон жил хүсэж, мөрөөдсөн эцгийнхээ дүр төрхийг харах шиг болсон тэр агшин.

Даан ч тэр хүн өөр зорилготой ирсэн. Түүнээс аавын дүү дахиж бидэн дээр ирээгүй ээ. Бид ч тэр хүн дээр очоогүй. Хожим сонсох нь ээ, аавтай минь уулзахаар тэнгэрийн орноо цахилан одсон гэнэ билээ. Түүний, бидний хувь заяа ийм л байж дээ, хөөрхий гэж одоо би өөрийгөө аргаддаг. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(192.82.74.178) 2020 оны 02 сарын 22

хөөрөг

0  |  0
иргэн(192.82.74.178) 2020 оны 02 сарын 22

хөөрөг л сонирхож ирээ биз, авгай нь хатгаа л.

0  |  0
Top