-Энгийн үед 20-30 хүнд үйлчилдэг байсан үнэт цаасны компанийн ачаалал нэмэгдэж өчигдөр гэхэд 100 гаруй хүнд үйлчилжээ. Харин “Эрдэнэс-Тавантолгой” компанийн зүгээс онлайнаар болон утсаар үйлчилгээ авахыг уриаллаа-
“Эрдэнэс-Тавантолгой” компаниас 1072 хувьцаа эзэмшигчдийн хувьцааны тоо ширхгээс хамаарч нэг бүрийн үнийг 90 төгрөгөөр бодож ногдол ашиг олгох шийдвэр гаргасан. Ногдол ашиг авах боломжтой иргэд брокер, дилерийн компанид хандаж үнэт цаасны данс нээлгэх шаардлагатай. Тиймээс үнэт цаасны компаниуд болон “Эрдэнэс-Тавантолгой” компанийн 1072 мэдээллийн төв, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвөөс энэ удаагийн сурвалжилгаа бэлтгэлээ. Эхлээд Сүхбаатарын талбайн зүүн талд байрлах “Ард секюритиз” ҮЦК ХХК-ийг зорилоо. 10 гаруй иргэн зөвхөн 1072 хувьцаатай холбогдох үйлчилгээг авч харагдана. “Үнэт цаасны данс нээлгэхэд гэрээ байгуулаад 10 мянган төгрөг төлж, иргэний үнэмлэхээ үзүүлэхэд болох юм байна. Банкнаас мөнгө авахад данс хэрэгтэй болдог. Үүнтэй адил ногдол ашиг авах, хувьцаагаа эргэлтэд оруулахад заавал үнэт цаасны данстай болох ёстойг ойлгож авлаа” хэмээн 50 эргэм насны амны хаалт зүүсэн ах хэлэв. “Ард секюритиз” компанийн брокер, дилерийн ажилтнаас 1072 хувьцааны үйлчилгээний талаар тодруулахад “Үнэт цаасны буюу брокер, дилерийн компаниуд нь иргэдийг Хөрөнгийн биржтэй холбодог. Хувьцаа, бонд худалдан авахад зуучилдаг мэргэжлийн байгууллага. Том хүн 10 мянган төгрөг, иргэний үнэмлэхтэйгээ, 2012 оны дөрөвдүгээр сараас өмнө төрсөн хүүхэд төрсний гэрчилгээ, эцэг, эхийн аль нэгний иргэний үнэмлэхтэй ирж гэрээ байгуулж данс нээлгэнэ. Үнэт цаасны компанийн ихэнх үйлчлүүлэгч өдөр тутам хувьцаа авч зардаг байнгын харилцагч байдаг. 1072 хувьцааны данс нээлгэх тухайд иргэд харьцангуй мэдээлэлтэй болсон” гэсэн юм.
Улс даяар өндөржүүлсэн бэлэн байдал зарласан онцгой нөхцөлд тохирох аппликейшн татаад гар утаснаасаа дээрх бүх үйлчилгээг авах боломж байгаа аж. Шууд онлайнаар гэрээ байгуулж хүсэлтээ баталгаажуулж хураамжаа төлөхөд л үнэт цаасны компани дээр биечлэн очсонтой адил үйлчилгээг авах юм. Онлайн үйлчилгээ нь хэрэглэхэд хялбар, зарим талаар асуудлыг хөнгөвчилдөг давуу талтай. Жишээлбэл, дэлхийн аль ч улсад байсан монголын компаниудын хувьцааг онлайнаар авч борлуулах боломжтой гэнэ. Үүний дараа Чингэлтэй дүүргийн Тамгын газрын байрны ойролцоох “Бумбат Алтай” ҮЦК ХХК-ийг зорилоо. Тус үнэт цаасны компанид өчигдөр 14:30 цагийн байдлаар 100 хүн үйлчлүүлсэн байна. Хэвийн өдрүүдэд 20-30 харилцагчид үйлчилдэг байсан нь “Эрдэнэс-Тавантолгой” компаниас мэдэгдэл хийсний дараа эрс өссөн гэнэ. Энэ талаар “Бумбат Алтай” компанийн брокер дилер Д.Сайнзаяа “Хувьцааны арилжаагаар үүсдэг хамгийн том давуу эрх бол тухайн хувьцаа эзэмшдэг компанийн үйл ажиллагаанд оролцож хувьцаа эзэмшигчийн хурлаар санал өгөх эрх үүсдэг байдал. Хоёрдугаарт, ханшийн зөрүүнээс ашиг олж болно. Гуравдугаарт, зарим компанийн хувьцааг худалдаж аваад ногдол ашиг олдог. Өнгөрсөн оны “Эрдэнэс-Тавантолгой” компанийн ашгаас иргэд ногдол ашиг авах гэж байна. Энэ жил ч гэсэн ашигтай ажиллавал дахин ногдол ашиг хуваах боломж үүсэх магадлалтай. Онлайнаар үнэт цаасны данс нээлгэхээс эхлээд үйлчилгээ авах боломжтой. Иргэд брокер дилерийн компаниа сонгоод тохирох аппликейшн суулгаж “Данс нээлгэх” гэсэн цэсийг сонгосноор үйлчилгээ авна. Гар утаснаасаа “Хувьцаа” аппликейшн татаж дансаа нээлгэж болно. Өөр нэг боломж нь манай компанийн фэйсбүүк хуудсанд байршуулсан QR кодыг уншуулаад брокер дилерүүд рүү шууд утсаар холбогдож дансаа нээлгэх, чатботоор холбогдох боломжтой. Төрийн үйлчилгээний төлбөр тооцоо хийдэг машинаар шуурхай үйлчлэх туршилтыг эхлүүлээд байгаа. Энэ туршилт амжилттай болсноор иргэний үнэмлэхтэйгээ очоод хуруугаа уншуулахад л үнэт цаасны данс нээлгэх боломжтой. Ихэвчлэн өмнө нь нээлгэсэн дансаа асууж сурсан иргэд үйлчлүүлж байна. “Цагаан сараас өмнө ногдол ашгаа авч болох уу. Ногдол ашгаа яаж авах вэ. Банкны дансны дугаараа өгөхөө мартсан байна. Бага насны хүүхдүүдээ яах вэ” гэж иргэд хамгийн их асуух юм” гэлээ.
2016 онд “Сайн” хувьцааг олгоход 300 мянган төгрөг авсан иргэд одоо 750 ширхэг хувьцаатай байгаа. Тэдний хувьд 66690 төгрөгийн ногдол ашиг авна. 1063 ширхэг хувьцаатай бол 95 мянган төгрөг, 1072 ширхэг хувьцаатай бол 96480 төгрөгийн ногдол ашиг авах юм байна. Иргэн та хэдэн ширхэг хувьцаатайгаа мэдчихвэл тухайн тоогоо 90 төгрөгөөр үржихэд нийт ногдол ашгийн хэмжээ гарах юм.
Үнэт цаасны компаниудаар үйлчлүүлж байгаа иргэдийн ихэнх нь тус компанидаа үнэт цаасны данс нээлгэсэн боловч мэдэхгүй зүйлээ эргэж асууж байгаа иргэд байлаа. Харин үйлчлүүлж байгаа иргэдийн 30 хувь нь шинээр үнэт цаасны данс нээлгэж байгаа гэнэ. “Эрдэнэс-Таван толгой” компанийн зүгээс “Ногдол ашгийг брокер дилерээр үү, арилжааны банкаар дамжуулж тараах уу” гэсэн албан ёсны шийдвэрийг хараахан гаргаагүй байгаа юм. Тиймээс “Эрдэнэс-Таван толгой” компанийн 1072 мэдээллийн төвд очлоо. Тус төвийн мэргэжилтнүүд иргэдийг зорьж ирж мэдээлэл авахаас илүү онлайн болон утсаар мэдээлэл авахыг уриалж байлаа. Учир нь, энгийн үед найман ажилтантай мэдээлэл хүлээн авч, утсанд дуудлага өгдөг байсан бол өндөржүүлсэн бэлэн байдал болон 1072 хувьцааны ногдол ашиг тараахтай холбоотойгоор нэмж 10 гаруй хүн дуудлага хүлээн авах үйл ажиллагаанд шинээр нэмэгдэж оролцох болжээ.
Өчигдөр 1072 мэдээллийн төвийн утсанд 2000-3000 дуудлага иржээ
Утсаар болон онлайнаар дуудлага хүлээн авах үйлчилгээний талаар 1072 мэдээллийн албаны менежер Э.Баатарцогт “1072 хувьцаа мэдээллийн төвийн байран дээр 15 ажилтан дуудлага хүлээн авах үйлчилгээ үзүүлнэ. Заавал биеэр ирж үйлчилгээ, мэдээлэл авна гэсэн хүмүүст зориулаад 10 брокерийн компанид дуудлагын ачааллаа шилжүүлэх байдлаар үйлчилгээнд зохицуулалт хийж байгаа. Дуудлагыг давхар шилжүүлснээр 20-30 ажилтныг нэмэгдүүлж ажиллуулна гэсэн үг. 1800-1072 дугаараар энгийн утасны тарифаар үйлчилгээ мэдээлэл өгч байна. "ETT" аппликейшн татсан иргэдэд хувьцааны тоо ширхэг шалгах, ногдол ашиг харах, компанийн тухай мэдээлэл авах гээд бүх төрлийн мэдээллийг гэрээсээ гарах шаардлагагүйгээр хүргэж байна. Нэмээд албаны ёсны цахим хуудас, фэйсбүүкээр дамжуулж мэдээлэл хүргэж байна. Хувьцааны данс нээлгээгүй 580 мянган иргэнээс 250 мянга нь хүүхэд, үлдсэн хэсэг нь гадаадад амьдарч байгаа иргэд юм. Хувьцааны дансыг зөвхөн 1072 хувьцааны данс гэж ойлгох иргэд байна. Гэвч тийм биш. Хувьцааны данс бол хөрөнгийн зах зээл дээр бусад хувьцаат компанийн хувьцааг авахад нээлттэй болсон насан туршдаа эзэмших данс юм. Төлөөлөн удирдах зөвлөлөөс ногдол ашгийг банкаар дамжуулах уу, брокер дилерийн компаниар дамжуулах уу гэсэн шийдвэрийг гаргана. Журмаараа брокер дилерийн компаниар дамжих ёстой. Гэхдээ тэдний ачаалал даах уу гэдэг асуудал яригдана. Нэг брокер дилерийн компани дээр 130-140 мянган иргэн хувьцааны дансаа нээлгэсэн байдаг. Ногдол ашгийг 2020 онд багтааж олгох нь тодорхой болсон” хэмээсэн юм.
Өчигдрийн байдлаар 1072 мэдээллийн төвийн 1800-1072 утсанд 2000-3000 дуудлага хүлээн авчээ. Дуудлага мэдээллийн ихэнхийг “Хувьцааны дансаа заавал нээлгэх шаардлагатай юу, ногдол ашиг нь яг хэзээ ямар дансанд орох вэ, арилжааны банкаар дамжуулж орох уу, үнэт цаасны компаниар дамжих уу. 1072 хувьцаатай бол 96 мянган төгрөг авах юм байна. Үүнээс бага хувьцаатай бол хэдийг авах вэ” гэсэн асуулт эзэлж байгаа аж. 750 ширхэг хувьцаатай 600 гаруй мянган иргэн, 741 ширхэг хувьцаатай 334 мянган иргэн, 1072 ширхэг хувьцаатай 1080000 иргэн, үлдсэн нь 1063 ширхэг хувьцаатай иргэд байгаа гэнэ. Тэгэхээр хэдэн ширхэг хувьцаанд хэдэн төгрөгийн ногдол ашиг авахыг жишээгээр тайлбарлая. 2016 онд “Сайн” хувьцааг олгоход 300 мянган төгрөг авсан иргэд одоо 750 ширхэг хувьцаатай байгаа. Тэдний хувьд 66690 төгрөгийн ногдол ашиг авна. 1063 ширхэг хувьцаатай бол 95 мянган төгрөг, 1072 ширхэг хувьцаатай бол 96480 төгрөгийн ногдол ашиг авах юм байна. Иргэн та хэдэн ширхэг хувьцаатайгаа мэдчихвэл тухайн тоогоо 90 төгрөгөөр үржихэд нийт ногдол ашгийн хэмжээ гарах юм.
Харилцагчдын үнэт цаасны данс төрийн хамгаалалтад байгаа
Ногдол ашгаа авахын тулд үнэт цаасны данс нээлгэх ёстой. Үнэт цаасны дансыг ногдол ашиг тараахаас өмнө хэзээ ч нээлгэж болох гэнэ. Үнэт цаасны компаниудын мэдээллийг нэгтгэж гаргадаг Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн ахлах ажилтан Т.Төгөлдөрөөс үнэт цаасны компаниудын талаар мэдээлэл тодрууллаа. Тэрбээр “Хөрөнгийн бирж болон манай төвд бүртгэлтэй 53 үнэт цаасны компани байгаа. Иргэд хаяг, байршил, үйлчилгээний чанарыг сонгоод үйлчлүүлж болно. Хувьцааны тоо ширхэг, үнэт цаасны данстай эсэхээ манай сайтаас шалгаж болно. Хувь хишиг хүртсэн гэж гарч байгаа иргэд хэрхэн хүртсэн бодолтыг “Эрдэнэс-Тавантолгойтой холбоотой нийтлэг асуулт хариулт” цэсийг сонгож харах боломжтой. Үнэт цаасны данс нээх системд хөгжүүлэлт хийгээд 2019 оны гуравдугаар сарын 11-нээс дансыг хүндрэлгүй шуурхай нээдэг болгосон байгаа. Брокерийн компанид биш төрийн байгууллага буюу Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвд данс нээлгэе гэж хандах иргэд олон байна. Гэвч брокерийн компани дээр нээлгэж байгаа данс Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвд давхар бүртгэгдэж баталгаажиж байгаа учраас олон данс нээлгэх шаардлага байхгүй. Үнэт цаасны компани татан буугдсан байсан ч харилцагчийн данс ямар нэг эрсдэлгүй төр хамгаалаад байж байгаа” гэсэн. Өнгөрсөн онд гэхэд 523 мянган иргэн үнэт цаасны данс нээлгэж байжээ. Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвд нийт 1.8 сая харилцагч “Үнэт цаасны данстай” хэмээн бүртгэгдсэн байна. Үнэт цаасны компани дээр очих боломжгүй болон утсаар холбогдож, онлайнаар данс нээлгэж, мэдээлал авах боломжгүй иргэд 158989 дугаарт регистрийн дугаараа латин үсгээр илгээснээр хувьцааны тоо ширхэг, үнэт цаасны данстай эсэх, данстай бол хаана данс нээлгэсэн, холбогдох хаяг, утас зэрэг мэдээллийг авах боломжтой юм.
Сэтгэгдэл ( 1 )
buun tsuglaan vsgehee boliochee,songuuliin shoy hiih gj,,