СУРВАЛЖИЛГА: Иргэд төрийн шийдвэрийг УХАМСАРТАЙ БИЕЛҮҮЛЛЭЭ

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 02

Өнгөрсөн жилийн цагаан сарын шинийн нэгний үдээс хойш зурагтаас Баянхошуу өгсөх замд гурван цаг түгжирснийг тодхон санаж байна. Жил жилийн энэ өдрөөр угаас түгжрэх ёстой юм шиг бэлтгэлтэй байдаг байлаа. Тэгвэл 2020 оны Цагаан сар онцгой содон болж өнгөрлөө.

Шинийн нэгний өглөө Нисэх, Яармаг орчимд лав түгжрэл байсангүй. Айлчлан золгодог тэмдэглэлт баяраар айл бүхний гадна машин зогсдог жишиг цөөрчээ.

Уул овоонд гарахыг хориглосон учраас “Чингис хаан” нисэх онгоцны буудал, “Буянт-Ухаа I” хорооллын дунд цэцэрлэгт хүрээлэн баригдаж байгаа том талбайд нар мандахыг харах гэсэн хүмүүс цөөн тоогоор цугласан байлаа. Хоорондоо зай барьж зогсоно. Хоёр алгаа дэлгэж залбирна. Сүү, тавагтай идээний дээжээс өргөнө. Гэр бүлийн хүрээнд ёс болгон цагаан сарыг тэмдэглэж байгаа аж.

“Эргүүл” гэсэн улаан өнгийн бүчлүүртэй хувцас өмссөн хоёр, гурван алба хаагч “Буянт-Ухаа” хорооллын иргэдийг “Маскаа зүүгээрэй” хэмээн сануулж байна. Маск зүүгээгүй бол байрнаас гаргахгүй гэр рүү нь буцааж оруулж маск зүүхийг шаардана. Эргүүлийн хэлснээр хүмүүс бодсоноос илүү хариуцлагатай санамжийг биелүүлж байгаа гэнэ. Нутгийн захиргааны албан хаагчид хуваарийн дагуу эргүүлээр ажиллахдаа зөвлөмж, мэдээллийг иргэдэд хүргэх үүрэг авчээ. Захиргааны болон нийслэлийн өмчит аж ахуйн нэгж байгууллагын нийт 10 мянга гаруй албан хаагч өндөржүүлсэн бэлэн байдалд сар шинийн өдрүүдэд ажиллалаа.

Шинэ төрлийн коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор сар шинийн эхний дөрвөн өдөр нийтийн тээврийн үйлчилгээг бүрэн зогсоосон. Энэ өдрүүдэд тусгай үүрэг гүйцэтгэж байгаа төрийн албан хаагчдыг цөөн тооны дунд оврын автобусаар өглөө орой тодорхой чиглэлд явуулж байснаас бусдаар нийслэлийнхэн тодорхой хэмжээнд хөл хорионд орсон байлаа. Гадуур алхаж яваа хүмүүс хаа нэгтээ харагдана. Дээл, малгай өмсчихөөд маск зүүсэн содон харагдах хувцаслалт энэ жилийн сар шинийн гангараа болжээ. Иргэд гарч орохдоо гар угааж, гэрээ цэвэрлэж агаар оруулахаа ч мартсангүй.

Оюутан, сурагчдад хөл хорио тогтоосон хугацаанд гадуур явах, гарах хүүхэд ховордсон. Сар шинийн өдрүүдэд ч гадуур яваа хүүхэд ховор байлаа. Бар, цэнгээний газрууд, караоке, фитнесс, саун, иог, цэнгээнт бүжиг, дэн буудал, амралтын газар, цанын бааз, зах, худалдааны төв, сүм, хийд ажилласангүй.

Коронавирусний халдвар эрчимжиж байгаа учраас хөл хорионы хугацаа ч сунгагдаж нийтийн тээврийн үйлчилгээг тусгай хуваарьт шилжүүлж, өглөө 07:00 -10:00, орой 17:00-21:00 цагт иргэдэд үйлчлэх боллоо.

Ийнхүү нийслэлд нийтийн тээврийн хөдөлгөөнийг хязгаарласнаас гадна битүүний өглөөний 08:00 цагаас эхлэн 21 аймаг, нийслэл хотоос орох, гарах тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг бүрэн хориглосон. Тодруулбал, “Эмээлт”, “Шинэ 22-ын товчоо”, “Өлзийт”, “Баянзүрхийн товчоо”, “Ар гүнтийн пост”, “Туул тосгон-Био”, “361 гарам” гээд хотоос орох, гарах бүх хөдөлгөөнийг хязгаарлаж, мэргэжлийн хяналт, онцгой, цагдаа, эмнэлгийн байгууллагын алба хаагчид бэлэн байдалд ажилласан юм.

Шалган нэвтрүүлэх товчоодод шинэ коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор анхааруулсан самбар байршуулжээ.

Самбарт “Зорчигч, иргэдийн анхааралд, эрүүл мэндийн хяналт хийгдэж байна. Бүх зорчигчийн халууныг хэмжиж байгаа тул тайван хүлээцтэй хандаж дэмжин ажиллана уу. Та халуурсан, ханиаж найтаасан, амьсгалахад хүндрэлтэй байгаа, өвчлөл гарсан бүс нутагт зорчсон бол хяналтын эмчид одоо мэдэгдэнэ үү” гэж бичжээ. Энэ мэт зааврын дагуу “Эрүүл мэндийн хяналт” гэсэн бичигтэй улаан өмсгөлтэй алба хаагчид иргэдийг шалгаж нэвтрүүлж байлаа.

Хан-Уул, Сонгинохайрхан, Налайх дүүргийн алслагдсан хэсэг Туул тосгон, Био комбинат, Өлзийт хороолол, 361 гарамд амьдардаг иргэдийн хувьд цагдаагийн алба хаагч зөвшөөрвөл бичиг баримтаа шалгуулж товчоодоор нэвтрэх гэнэ. Цагдаагийн алба хаагчийн хэлж буйгаар “Жолоочийн тус газарт оршин суудаг болохыг тодорхойлсон бичиг баримт, тээврийн хэрэгслийн гэрчилгээн дээрх бүртгэлийн хаяг таарч байгаа эсэхийг шалгаж байна” гэлээ. Харин шаардлагатай тохиолдолд зорчих гэж байгаа газрын албан байгууллагад ажилладаг болохоо нотолсон ажлын үнэмлэх, томилолт зэргийг биедээ авч явахыг цагдаагийн байгууллагаас сануулж байлаа.

Хулгайн замаар зорчих гэж оролдсон болон бичиг баримтын зөрчилтэй иргэдийг нэвтрүүлэхгүй шууд буцаасан юм. Нийслэлийн Цагдаагийн удирдах газраас шалган нэвтрүүлэх найман товчоогоос гадна иргэдийн зорчих магадлалтай шороон замын 14 цэгт түр постыг байгуулж, улсын хэмжээнд нийт 336 хяналтын цэг байгуулжээ.

Аюулт өвчин тархахаас урьдчилан сэргийлэх зорилгоор авч хэрэгжүүлж байгаа төр засгийн шийдвэрт иргэд хүндэтгэлтэй хандаж байгааг алба хаагчид онцолсон юм. Шинийн дөрөвнөөс эхлэн НҮБ-ын Шилжилт хөдөлгөөний байгууллага, НЗДТГ хамтран 80 гаруй улсад онц байдлын үед ашигладаг “DTM” асуумж аргачлалыг нийслэлийн шалган нэвтрүүлэх товчоодоор орж, гарч байгаа автомашинтай зорчигчдоос авч хэрэгжүүлж байгаа гэнэ. Энэ талаар НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс тодруулахад “Иргэдээс хаанаас ирж байгаа, хаана очих тухай мэдээллийг асуумж хэлбэрээр авч, авто машин  тус бүрд зорчигчийн тооноос хамаарч 10-30 секундэд багтаан асуумж авна.

Цуглуулсан мэдээллийг нэгтгэж, цахим хэлбэрт шилжүүлж дата сан үүсгэх юм. Аливаа эрсдэл гарсан тохиолдолд тухайн мэдээлэлд тулгуурлан эрсдэлийг бууруулахад ашиглах зорилготой” хэмээлээ. Улс оронд хэсэгчилсэн байдлаар өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, тодорхой хэмжээнд хөл хорио тогтоосон өдрүүд үргэлжилж, монголчууд цагаан сараа цомхон тэмдэглэлээ.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
бизнес (66.181.166.134) 2020 оны 03 сарын 02

одоо дарга нар авлига авахаа больж, бизнесээсээ татгалзаад зөвхөн ажилдаа анхаарлаа төвлөрүүлдэг болчихвол Монгол Улс хөгжихөд тун ойрхон бна. Баяжъя гэвэл бизнесээ хийцгээ, битгий төр рүү зүтгэ. УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр шиг төрийн ажил, бизнес хоёрыг 20 жилийн хослуулдаг хүмүүс дахин бүү гарч ирээсэй

0  |  0
зочин(202.9.46.126) 2020 оны 03 сарын 03

дэмжиж байна, цаашид ч энэ соёлоо хадгалая

2  |  0
Su ah(202.179.24.254) 2020 оны 03 сарын 03

Коронагаас айж дэг журамтай байгаа нь сайгаалтай. Гэхдээ цаашдаа амьдралдаа хэрэгжүүлж хариуцлага дэг журамтай болцгооё найзуудаа

2  |  0
Top