Хулгана жилд хүйтэн, бадгана өвчин гарах магадлалтай

Админ | Zindaa.mn
2020 оны 03 сарын 04

Гандантэгчэнлин хийдийн хувраг зурхайч Д.Цогтбаатараас “Цагаан хулгана” жилийн ерөнхий төлөвийн тухай ярилцлаа.


- Зурхайд цагаан хулгана жилийн төлөв хэрхэн буусан бол?  

-Монгол тооллоор 2020 он бол XVII жарны “Хотол төгс” хэмээх төмөр хулгана жил гарч байна. Монгол тоолол нь жар, жаран жилээр тоологддог бөгөөд энэ жил 34 дэх буюу цагаан хулгана жил гарч байна гэсэн үг. Ер нь монголчуудын уламжлалт ёсонд тухайн жилийг шинждэг хэд хэдэн зурлагыг гаргадаг. Тодруулбал, хаан гараг, эзэн гараг, цасан чихэр амт, түшмэл гараг, боовны үр, шороон үхрийн зурлага гэх мэт олон зурлагаар шинждэг. Бид ихэвчлэн шороон үхрийн зурлагаар жилийнхээ ноён нуруу, төлөв байдлыг шинждэг. Тэгвэл энэ жилийн шороон үхэр болон үхэр хариулагчийг дүрсэлбэл, үхрийн толгой цагаан, бие, омруу, өвчүү, туурай, цулбуур хөх, эвэр, чих, сүүл улаан, дөрвөн шийр, ходоод ногт шар, амаа ангайж, сүүлээ зүүн тийш шарвасан байна. Харин үхэр хариулагчийн царай шар, малгайгаа зүүн гартаа барьсан, дээл ногоон, бүс цагаан, гэзэг үсээ баруун чихний ар, зүүн чихний урдуур сүлжиж унжуулсан, хөх гутал өмссөн, мяндсаар томсон, бургасан улаан шилбүүр барьж, хүч чадал их, хүүхэд үхрийн өмнө яаравчлан гүйж явна гэж дүрслэгдсэн байгаа.

Энэхүү зураглалыг үзэхэд нялхаст буюу түмэн олонд сайн, өвгөдөд буюу өндөр дээд суудалтанд дунд, залууст буюу дунд суудалтанд дорой хэмээсэн үг. Энэ жил төрийн цааз хуулийн хэрэгжилт сайжирч, улс орон амар түвшин болно. Залуу хүний ажил үйлс бүтэмжтэй, үр ач дэлгэрэх сайн байх нь. Харин иргэдийн амьдрал дунд, хямрал тэмцэл их байх нигууртай байна. Эрүүл мэндийн тухайд хүйтэн, лусын бадгана чанарын өвчин гарах магадлалтай бол цаг уурын хувьд жил ба улирлын эхэн, өндөр уулын бүс, зун, намрын гарц арвин, тариа, хүнсний ногооны ургац сайн гэсэн жилийн зурлага буусан. 

-Тэгвэл төмөр хулгана жилд онцгой засал номыг ямар житнүүд хийлгэх вэ?

-Зурхайн зурлага гэдэг нь таван махбодийн онолд суурилдаг шинжлэх ухаан юм. Тиймээс тухайн төрсөн хүний жилийг огторгуйд ургасан жилийн махбодьтой уялдуулж шинждэг. Хулгана жилтэй хүмүүс буюу жил орсон 13, 25, 37, 49, 61, 73, 85, 97 настай хүмүүсийн жил орж байгаа. Түүнээс гадна Морь жилтэй хүмүүсийн “Дүнсэр” буюу “их харш” жил орж байгаа учир харш жилийн заслыг хийлгэх хэрэгтэй. Түүнээс гадна тахиа, могой жилтэй хүмүүс “шишид” буюу “бага харш” жил орж байгаа учир мөн л ном уншуулах шаардлагатай. Мөн энэ жил эрэгтэй долоон улаан мэнгэтэй, эмэгтэйчүүд нь найман цагаан мэнгэтэй хүмүүс тусгай засал хийлгэнэ. Үүнийг “есөн нүдний засал” гэх бөгөөд хий насаар тооцох бөгөөд 9, 18, 27, 36, 45, 54, 63, 72, 81 гэх мэт настай хүний мэнгэ голлож байгаа учир засал хийлгэх ёстой юм. гэхдээ зөвхөн харш жилтэй болон жил орогсод засал хийлгэдэггүй. Ивээл жилтэнгүүд ч засал хийлгэх хэрэгтэй байдаг. Тодруулбал, луу, бич жилтний “түнсүм” буюу “ивээл” жилийн засал хийлгэнэ. Мөн үхэр, туулай, могой, хонь, тахиа, гахай жилтэн суудлын өнцгийн засал хийлгэнэ.  

-Хүмүүс засал номоо хийлгэхдээ шинийн 15-ны дотор хийлгэх ёстой гэдэг. Гэтэл ийм тогтсон ёс байхгүй шүү дээ?

-Тогтсон ёс байхгүй л дээ. Өвлийн адаг сар буюу үхэр сарын шинийн 15-аас хойш. Нэг ёсондоо сар хуучирснаас хойш буюу хоёрдугаар сарын 10-аас хойш засал номоо хийлгэж болдог. Хүмүүсийн хэлж байгаачлан шинийн 15-ны дотор засал номоо уншуулна гэсэн ойлголт нь туйлширсан үзэл л дээ. Гэхдээ хаврын тэргүүн сарын шинийн 1-15-ны хооронд бурхан багшийн их дүйцэн өдөр болдог. Энэ өдрүүдэд хүмүүс хойдын буянд зориулсан номнууд уншуулах, мөн айл өрхийн жилийн ноён нуруугаа даатгаж, тэр жилдээ амь нас баттай, эрүүл мэнд, гадна дотны атаа жөтөө үгүй, бодсон санасан ажил үйлс нь ном ёсоор бүтэмжтэй байх, айл гэр төвшин амгалан байхыг тухайд Гандан хийдэд байдаг зуун зуун жил монголчуудын шүтэж ирсэн ариун нандин бурхан шүтээндээ даатгал авралыг одуулж ном бичүүлж уншуулах хэрэгтэй. Тодруулбал, Алтангаанжуур, Сундуй, Цэвэгмэдийн чого, Улаан юм, Доржзодва, Жадамба, Алтангэрэл, Заслын 8 ном, гурван гүрэм, мөнхийн хуралд даган баяс. Тэгээд жилийн засал номоо хаврын тэргүүн сардаа багтаад хийлгэчихээд болно.

-Цагаан сарын баярыг цуцлах шийдвэрийг гаргачихлаа л даа. Тэгэхээр бид нар хэзээ баярлаж болох вэ. Цагаан сарын өвчний дэгдэлт багассан үед тэмдэглэж, нэг ёсондоо хойшлуулж болдог юм болов уу?  

-Болохгүй л дээ. Бид чинь төрт улсад амьдарч байгаа учир төрийнхөө хууль цаазыг хүндэтгэх л ёстой. Гэхдээ өргөн хэмжээний золголт хийхгүй байх. Монгол уламжлалаараа хаврын тэргүүн сарын шинийн 1-нд залуучууд нь ахмадууддаа хүндэтгэл үзүүлж, цусан төрөлтнүүд өөр хоорондоо золголтоо хийх хэрэгтэй болов уу гэж бодож байна. Нэгэнт дэлхий нийтээр анхаарч, онц байдал зарласан энэ үед уламжлалт ёсоо дагахаар туйлшрахгүй, эрүүл мэндээ бодож, цомхон тэмдэглэх хэрэгтэй. 

-Төрөл төрөгсөдтэйгөө золгоно гэхээр бие биедээ өвчин халдаахгүйн тулд яаж золгох ёстой вэ?

-Угаас монгол ёсонд тохой түшиж золгодог шүү дээ. Орчин үед л гар барьдаг болоод байгаа болохоос ийм жаяг байгаагүй юм. Үе тэнгийн хүмүүс ч бие биенийхээ тохойг түшиж, зөрүүлж золгодог. Харин энэ үед хүүхэд багачуудыг хацар дээр нь үнэсэлгүй, духан дээр нь үнэрлэх хэрэгтэй.

Ц.Дуламсүрэн

Эх сурвалж: Gandan.mn

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(202.9.46.22) 2020 оны 03 сарын 05

лам нар энэ мэт толгой эргүүлсэн юм ярихаа болих хэрэгтэй. Итгэдэг хүн ховор болсон\n\n

0  |  0
Kkk(98.253.30.34) 2020 оны 03 сарын 05

Zag huiten uu

0  |  0
Зочин(122.201.22.115) 2020 оны 03 сарын 04

Худлаа шаа псдаа мунхруулж мөнгө авахгэжийнэ одоо наад лалард итгэдэг үе өнгөрсөн тэрний оронд ариун цэвэр сайн сахь гэвэл үгийг чинь сонсоно.

0  |  0
Хаха(103.229.122.179) 2020 оны 03 сарын 04

Худлаа хуц

2  |  0
onodor nastan(182.160.33.134) 2020 оны 03 сарын 04

sain saihan jjil garsaan.

0  |  0
Top