БНСУ-д Монгол Улсын хоёр иргэн Covid-19 вирусийн халдвар авсан гэх мэдээлэл өчигдөр /2020.03.14/ Өмнөд Солонгосын хэвлэлүүдэд гарсан билээ.
Энэ талаар Эрүүл мэндийн яам болон Гадаад харилцааны яамнаас албан ёсны мэдээлэл өглөө. (2020.03.14)
Гадаад харилцааны яамны консулын газрын захирал Л.Мөнхтүшиг
-Өчигдөр БНСУ-ын хэвлэлээр гарсан гэх мэдээллийг шалгасан. Юуны өмнө та бүхэнд мэдэгдэхэд манай Улсын иргэн эрүүл саруул байгаа гэдгийг хэлмээр байна.
Өмнөд Солонгосын хэвлэлээр хэрэгслээр мэдээлэл цацагдсан даруй Сөүл дэх Монгол Улсын Элчин сайдын яам тус улсын Гадаад хэргийн яамнаас тодруулахад Монгол Улсын хоёр иргэн халдвар авсан тухай дэлгэрэнгүй мэдээлэл байгаагүй тул Халдварт өвчин судлалын төвөөс тодруулахыг зөвлөсөн. Ингээд ЭСЯ-аараа дамжуулан албан ёсны мэдээлэл авахаар ажиллаж, тодорхой бөгөөд албан ёсны мэдээлэл авлаа.
Манай улсын 28 настай иргэн Өмнөд Солонгосын Дэгү хотод байхдаа хоёрдугаар сарын 23-нд ханиадны шинж тэмдэг илэрсэн тул дүүргийн эмнэлэгт хандсан байна. Шинжилгээ өгөөд хоёрдугаар сарын 27-ны өдөр эерэг буюу халдварын шинжтэй нь тогтоогдсон. Гэхдээ тухайн иргэний вирусыг тоолоход маш бага хэмжээтэй байсан тул эмчилгээ хийгээд, гэрт нь тусгаарласан байна. Улмаар гуравдугаар сарын 6, 7-ны өдөр хоёр удаа дахин шинжилгээ хийлгэхэд сөрөг буюу халдваргүй болох нь баталгаажсан байна.
Өчигдөр Өмнөд Солонгост хоёр монгол иргэн халдвар авлаа гэсэн мэдээлэл зарим хэвлэл болон олон нийтийн сүлжээнд тарсан. Хоёр тохиолдол гэж яриад байгаагийн нэг нь БНСУ-д Covid-19 вирусийн халдвар авсан нь өмнө бүртгэгдсэн манай улсын иргэн (Элэгний хурц өрөвслийн улмаас нас барсан тухай эмнэлгийн албан ёсны дүгнэлттэй) байсан нь тогтоогдсон.
Иймд Олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр эх сурвалж нь тодорхойгүй, харилцан зөрүүтэй мэдээллүүд ихээр явж байгаа учир иргэдийг эдгээр мэдээллийг сайтар нягтлах, төөрөгдөхгүй байх, хэвлэлүүд зөвхөн албан ёсны эх сурвалжаас мэдээлэл авахыг зөвлөж байна.
Улсын Онцгой комиссын мэдэгдэл:
БНСУ-д одоогоор халдварлаж өвдсөн монгол хүн байхгүй. Монгол 28 настай эмэгтэй хоёрдугаар 23-нд ханиадны шинж илэрч, эмнэлэгт үзүүлэхэд ямар нэгэн эмчилгээ хийлгэх, эмнэлэгт хэвтэх хэрэггүй гэжээ.
Улмаар гуравдугаар сарын 6, 7-нд хоёр удаа дахин шинжилгээ өгөхөд сөрөг гарч, хорио нь цуцлагдсан. БНСУ-д өөр монгол иргэн халдвар аваагүй.
ГХЯ албан ёсоор БНСУ-ын талаас мэдээллийг нягталж ажилласан болно.
БНСУ-д буй манай улсын 48200 орчим иргэн Сovid-19 халдвар аваагүй болно.