ТВ8 телевизийн "Экологийн цаг" нэвтрүүлэг байгаль орчны жам ёсны тэнцвэрт байдлыг үгүй хийж буй аливаа хууль бус үйлдлийг зөвтгөх үндэслэл нь эдийн засгийн ҮР АШИГ БИШ гэдгийг харуулсан нэгэн шинэ дугаараа хүргэлээ. Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Билгэх багийн нутагт нүүрс тээвэрлэж байгаа хүнд даацын автомашинууд говийн хөрсийг сүйтгэж, хүн, малын амьдрах орчныг үгүй хийж буйг газар дээр нь очиж, сурвалжилжээ.
“Страто” ХХК Тавантолгой ордын нүүрсийг Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын хоёрдугаар багийн нутагт байрлах нүүрс угаах үйлдвэртээ хүргэхийн тулд говийн гурван аймгийн долоон сумын 13 багийн нутгаар дамжин 430 км шороон замаар хүнд даацын машинаар тээвэр хийж байгаа нь тэдгээр аймаг, сумдын байгаль орчинд ихээхэн эрсдэл үүсгээд буйг өмнө нь нийтэлж, нэвтрүүлж байсан. Үүний улмаас 220 шахам өрхийн 1600 гаруй хүн, 20-иод мянган мал тоосонд нь амьдарч байна гэсэн мэдээллийг хүргэж байсан. Тэгвэл “Экологийн цаг”-ийн сэтгүүлчдийн баг үүссэн нөхцөл байдлыг газар дээрээс нь сурвалжилж, мэдээлэл бэлтгэжээ. Энэ нь тулгамдсан асуудлуудаас хол хөндий байдаг төр, засгийн холбогдох байгууллагуудад хүрч, хийх ёстой ажлыг нь, шийдлийг нь ойртуулж өгч буй хэрэг юм.
Нэвтрүүлгийн сурвалжлах баг “Страто” ХХК-ийн үйл ажиллагаанаас болон ихээхэн хохирол үзэж буй долоон сумын нэг болох Цогтцэций сумын ард иргэд болоод орон нутгийн удирдлагуудтай уулзаж, асуудал бэрхшээлийнх нь талаар ярилцжээ. Тус сумын малчин, гурван үеэрээ алдарт уяач А.Гантөмөр гуай “Уул уурхайн баялагтай байх сайхан ч зөв зүйтэй ашиглах ёстой. Нүүрсний тээвэр хийж эхэлснээс хойш мал тоос шороотой ургамал идээд, өнгө зүс нь муудаад, нөлөөлж байна. Нөлөөлөхгүй байх аргагүй. Сайжруулсан зам гэж та нараар хулхидуулахгүй гэж бид бүхэн хэлж байгаа. Манай Цэцийд замбараагүйн зуд хэцүүдсэн. Мал бэлчээрлэх нөхцөлгүй. Мал бэлчээрлэх газар нь нутгийн зүүн хойд хэсэг. Гэтэл ингээд нэг компани нүүрс зөөгөөд, бас төмөр зам барина гээд хэд хэд хуваагаад хаячихлаа. Энэ асуудлуудыг шийдэх хэмжээний хоёр сайдыг л шийдвэр гаргах байх гэж хүлээж байна” гэсэн юм.
Мөн Цогтцэций сумын малчин н.Мөнхжаргал “Нүүрсний тээврийн машинууд ноднин хавраас явж эхэлсэн. Хаа сайгүй зам гаргачихсан, машины тоонууд нь ч, тоос нь ч нэмэгдээд, та нарыг хорьсон хориогүй тээвэр хийнэ гээд маш хэцүү байна” хэмээн ярив.
Энэ л нутагтаа мэндэлж, энэ л нутагтаа өсөж өндийсөн бусад малчид үүсээд буй асуудлын тухай өгүүлснийг хүргэе.
Цогтцэций сумын Билгэх багийн малчин Б.Чулуунцэцэг: Зам замбараагүй болсон
Бид энэ нүүрс тээвэрлэлийг эсэргүүцдэг. Жолооч нар хаа дуртай газраараа явж байна. Бэлчээр, усыг сүйтгэж, хог хаяж байна. Хүн, малын уушги тоосоор амьсгалж байна. Мал гаргахад зарим малын гэдэс дотор цээжиндээ наалдсан гарч ирж байгаа. Өмнө нь зүгээр байсан. Тоосжилттой холбоотой болов уу гэж бодож байна. Нүүрсний машин хоёр тийшээ бөөн бөөнөөрөө явж байна. Бид бүхэнтэй хамгийн ойр байдаг хүн багийн засаг дарга учраас багийн даргадаа л хэлдэг. Хэл ам хийж байгаад маршрут гаргаад зам хуссан ч түүгээрээ явахгүй байна. Дуртай газраараа явж байна. Зам замбараагүй болсон.
Билгэх багийн залуу малчин Ж.Тайван: Тэмцээд хүч хүрэхгүй байна
Хатуу хучилттай замтай болгоод тээвэрлэлт хийнэ гэсэн ч тэгээгүй. Өнгөн хөрсийг нь хуулаад сул хөрсөн дээр яваад баллаад хаясан. Тийм сул хөрсийг гаргачихаар жижиг машин явах аргагүй болж байна. Өөрсдийнх нь том машин хүртэл сул хөрсөн дээр тулаад явах аргагүй болохоор хажуугаар нь өөр зам гаргаад давхиад байдаг. Хүнд даацын машин нэг удаа явчихаар нь тэр зам болж үлдээд, бусад машинууд нь тэр гаргасан замаар нь давхисаар байгаад, манай энэ нутагт хэдэн зуун метр газарт ч замтай болчихов доо. Дуртай газраараа зам гаргаад давхиад байгаа жолооч нарт хэлэхээр төөрөөд гэхчлэн зүйл хэлдэг. Тэмцээд хүч хүрэхгүй байна.
Билгэх багийн малчин Х.Ангараг: Нүүрсний тээврийн тоос 20-30 км газарт тархаж байна
Үндсэн хуульд заасан эрүүл, аюулгүй орчинд амьдрах Монгол хүний эрх зөрчигдөж байна. “Страто” компани сайжруулсан зам тавина гэж анх мэдэгдсэн. Сайжруулсан зам нэртэй ийм хуссан замаар явахгүй ээ. Малчид сум орныхоо удирдлагадаа, баг, сумын засаг даргадаа хэлдэг. Манай удирдлагууд болохоор дээшээ хэлдэг ярьдаг газраа хэлж байна. Бидний мэдэл хүрэхгүй байна гэдэг. Нүүрс тээвэрлэсэн машинууд цагаан сарын өмнө яваад л байсан. Дараа нь бүр их явж байна. Хаа дуртай газраараа явж, тоос нь 20-30 км газарт тархаж байна. “Страто”-гийн нүүрс тээвэрлээд байгаа энэ зам дагуу малчин бидний малаа маллах ганц боломжтой бүс нутаг байсан юм, уг нь. Одоо ан амьтан байх нь байтугай бидний мал бэлчээрлэх боломжгүй болж байна.
Цогтцэций сумын малчин Т.Жаргал: Арван хэдэн салаа замаар нүүрс тээвэрлэж байна
Найм, есөн жилийн амьдралаа зориулж бууц барьсан юм. Энэ бууцан дээрээ байж байгаад л хойч насандаа очих байлгүй дээ. Уг нь энэ замаар Чойрын түлшний л тээвэр явдаг байсан. Ноднингоос нүүрс тээвэрлэлт яваад байна. Энэ учир холбогдлоор малын бэлчээргүй болж малын уушгинд тоос сөрөг нөлөө үзүүлж байна. Ямаа гаргахад уушги, хавиргандаа наалдацтай байх болсон. Ер нь манай нутагт уул уурхайн нөлөө их бий. Салхи баруун урдаасаа байдаг учраас тоосжилтод илүү өртдөг. Хоёр машин яваад өнгөрөхөд л маш их тоос болж байна. Манай энэ хэсэг нам дор газар. Салхи багатай үед маш их тоос гарч, тогтож байна
Нүүрс тээвэрлэж байгаа жолооч нар нь бид улсын ажил хийж байгаа гэж дайрдаг. Уг нь замыг биднээс ухаантай улсууд л хийсэн баймаар юм. Гэтэл өнгөн хөрсийг нь аваад хаячихаар тоосжилт улам их үүсэж байна. “Страто” компани хэдхэн сарын дараа асфальтан зам тавина гэсэн, тавиагүй. Машинууд манай бууцны хажуугаар ч явна. Арван хэдэн салаа зам болгочихсон. Малын бэлчээр маш багасаж байна. Арга ядаад хэдэн жолооч нартай л үзэх юм. Нүүрсний тээврийн машины араас мотоциклиороо хөөцөлдөөд л шаардлага тавьдаг. Хэдэн дарга нарын амыг таглачихаар өөр хаашаа хандах вэ дээ.
* * *
“Экологийн цаг” нэвтрүүлгээр тус сумын малчин иргэд 2019 оны хавар шороон замаар нүүрс тээвэрлэж байгаа хүнд даацын автомашины жолооч нартай хэрхэн тэмцэж буйг баримтжуулсан бичлэгийг Билгэх багийн малчин Т.Жаргалын хувийн архиваас авч үзүүлснийг тодотгоё. Нутгийн иргэд нүүрсний машинуудын улмаас сум оронд нь тулгамдаад буй эрсдэлийн эсрэг зөвхөн өнөөдөр ярьж байгаа хэрэг биш. Эхнээсээ л тэмцжээ. Гэвч өнөөдрийн байдлаар тэд дийлдээд байна. Цогтцэций сумын удирдлагууд ч “Страто” компанийн хууль бус үйлдлийг зогсоохын тулд ажиллаж өдийг хүрсэн ч хүч бяр нь хүрэхгүй байгаа тухайгаа хэлж байна. Тэдний үгийг хүргэе.
Билгэх багийн засаг дарга Х.Шархүү: Нутаг орон хэдэн хэсэг хэрчигдлээ
Нүүрсний тээвэрлэлт манай багийн нутаг дээгүүр 50 км газар үргэлжилдэг. Хуссан зам дээрээ дэвсэнэ гээд хаа дуртай газраасаа зөвшөөрөл авахгүйгээр хөрс шороо хуулж авдаг. Манай энэ хавьд гэхэд зүүн тийшээ 3-4 газар ухсан байгаа. Уг нь манай нутаг мал аж ахуй таван төрлөөр өсгөхөд байгалийн нөхцөл бүрдсэн нутаг. Гэтэл ингээд “Страто” нүүрс тээвэрлээд, Ханги-Мандалын төмөр зам гээд гурав хуваачихсан. Нутаг орон хэдэн хэсэг хэрчигдээд зэрлэг ан амьтан байх боломжгүй. Малчид байнга утсаар ярьж, гомдлоо хэлдэг. Маршрутын гээд гаргасан замаар явдаг уу гэвэл үгүй. Би өөрийн эрх хэмжээнд л ажлаа хийж байна. Шат шатны байгууллага, мэргэжилтнүүд ирж энэ нөхцөл байдалтай танилцахгүй бол бид эндээ хэчнээн хэлж, яриад нөлөөлөл нь бага байна.
Цогтцэций сумын засаг дарга О.Бадарч: Тэд үнэхээр бяртай, аархуу байна
Сайжруулсан замаар нүүрс тээвэрлэнэ гэж худлаа. Зам тавигдахгүй бол явуулахгүй. Өнгөрсөн жил явуулахгүй гээд явчихсан л даа. Би бизнесийг эсэргүүцээгүй. Би ямар дүгнэлт хийж байгаа вэ гэхээр надад, энэ нутгийн иргэдэд, байгаль орчин энэ сүйрлийн эсрэг тэд үнэхээр бяртай, аархуу, аварга байна.
Өмнөговь аймгийн Цогтцэций сумын ИТХ-ын дарга Г.Бацмаа: Мал, малчин хоёроо авч үлдэх ёстой
2019 оны хавар Билгэх багийн чиглэлд шороон замаар нүүрс тээвэрлэж, бэлчээр, нутаг сүйтгэж байна гэсэн мэдээлэл иргэдээс их ирсний дагуу ИТХ-аас Ажлын хэсэг байгуулж, хурлын төлөөлөгчид, тэргүүлэгчдийг аваад газар дээр нь очиж үзсэн юм. 2019 оны тавдугаар сарын 6-нд дөрвөн багийн хурал зарлаж, сумын ИТХ-ыг нээлттэй хийсэн. Хуралд УИХ-ын гишүүн Л.Энхболд, аймгийн ИТХ-ын дарга Х.Сугир, орон нутгийн удирдлагууд оролцсон. ИТХ-ын тэргүүлэгчид шороон замаар нүүрс тээвэрлэхтэй холбоотой асуудлаар иргэдийн саналыг авсан. Оролцогчид бүгд саналаа хэлсэн. Хурлын тэмдэглэл, малчдын захидал, албан бичгийг Ерөнхий сайдад, УИХ-ын гишүүн Л.Энхболдолд тус тус хүргүүлсэн.
Малчид уг асуудлаар 2019 оноос хойш санал бодлоо хэлээд, илэрхийлээд, гарын үсгээ зурлаа. Хурлаа хийлэээ. Сум орон нутгийн зүгээс хүсэл шаардлагыг хүргүүлсэн боловч байдал хэвээрээ байна. Манайх хамгийн цөөхөн мал, малчинтай сум. Уул уурхайг хөгжүүлж байгаа ч мал, малчин хоёроо авч үлдэх ёстой. Бид үүнийг зогсоохын төлөө л явж байгаа.
* * *
“Страто” ХХК-ийн үйл ажиллагаанаас болон хохирол үзэж буй Цогтцэций сумын малчид, орон нутгийн удирдлагууд ийнхүү “Экологийн цаг” нэвтрүүлгээр үгээ дайлаа. Уул уурхайн салбар, тэрдундаа Тавантолгой орд газар Монголын эдийн засагт үлэмж нөлөөтэйг хаа хаанаа мэдэж байгаа. Түүнчлэн нөөцөөрөө дэлхийн хэмжээний том орд болох нь баталгаажсан Тавантолгойд “Эрдэнэс-Тавантолгой”, “Энержи Ресурс”, орон нутгийн “Тавантолгой” гэсэн гурван гол тоглогч буюу төсөл хэрэгжүүлэгч бий. Эдгээр компаниудын төсөл хөтөлбөр эдийн засгийн агуулгаараа ашигтай хэрэгжиж байгаа ч байгаль, экологийн тэнцвэрт байдалд сөргөөр нөлөөлж буй баримт, жишээнүүд олон. “Эрдэнэс-Тавантолгой”, “Тавантолгой” компаниудын хоёр уурхай хатуу хучилттай зам байхгүй тул 10 гаруй км газар шороогоор явж авто замтай холбогдох хүртэл их хэмжээнд тоос үүсгэдэг гэдгийг орон нутгийнхан хэлдэг. Тэгвэл "СТРАТО" компани Тавантолгойн ордын нүүрсийг Говь-Сүмбэр аймгийн Шивээговь суман дахь боловсруулах үйлдвэртээ хүргэхийн тулд үүнээс 40 дахин урт замд ИХ ТООС үүсгэж байна.
Тэгэхээр “Страто” гэдэг компанид давуу эрх олгож, гурван аймгийн долоон суманд байгаль орчны ноцтой хохирол учруулан, хүн, малын амьдрах орчныг үгүй хийж буй энэ үйл явцыг төр, засаг анхаарах шаардлагатайг “Экологийн цаг” санууллаа.
Сэтгэгдэл ( 1 )
TSAGDAAGIN BAIGUULLAGIN HUN NASAND HUREEGUI HUUHED URUU TATAJ MASHINAARAA OLON UDAA AVAJ YAVAJ OROLDSON BAINADA ODOO YAAH VE??