ӨГЛӨӨНИЙ МЭНД!

2020 оны 03 сарын 24

Өнөөдөр 2020.03.24. Энэ оны 83 дахь өдөр бол он дуусахад 283 хоног үлдээд байна. Монгол эх оронд маань нар 06 цаг 46 минутад мандлаа. 19 цаг 10 минутад жаргана.

Улаанбаатар хотод ялимгүй хуртай. Өдөртөө 10 хэм, шөнөдөө 0 хэмийн хүйтэн. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Дэлхийн сүрьеэ өвчинтэй тэмцэх өдөр. Угандад өнөөдөр Мод тарих үндэсний өдөр бол Аргентинд Хууль, шударга ёсны өдөр юм.

Өнөөдөр Америкийн жүжигчин Рональд Ли Эрми, Питер Жейкобсон, Лара Флинн Бойл, Жим Парсонс, Жессика Честейн, Английн жүжигчин Патрик Малахайд, Францын жүжигчин Жан-Кристоф Буве, Испанийн жүжигчин Мария Вальверде зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлуудаас дурдвал:

1955 оны энэ өдөр БНХАУ-ын Төмөр замын яам Жинин-Улаанбаатарыг холбосон төмөр зам болон ЗХУ, БНМАУ-ын олон улсын шууд ачаа тээвэр ашиглалтад ороход бэлэн болжээ. Хятадын төмөр зам ачаа тээвэр зохицуулах комисс байгуулж, мэргэжлийн хяналт шалгалт хийх хоблогдох нэгж байгууллагын бэлтгэл ажлыг гүйцэтгэн, мөн жилдээ багтаан олон улсын ачаа тээвэрлэлт ашиглалтад орох тухай баталгаа өгсөн байна.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлуудаас дурдвал:

1934 - АНУ-ын Конгресс Филиппин улсыг автономит эрхтэй болгожээ.

1965 - Сансрын "Рейнжер 9" хөлгийн нислэгийг телевизээр шууд дамжуулав.

2003 - Арабын лигийн орнуудын хуралдаанаар Иракт явуулж байгаа АНУ, Их Британийн цэргийн ажиллагааг хууль бус гэж үзжээ.

2008 - Бутан улс ардчилсан засаглалтай болж, түүхэндээ анх удаа парламентын сонгууль зохион байгуулав.

Энэ өдөр үс засуулбал эрлэг лугаа учирна гэж дорнын зурхайд өгүүлжээ. Өнөөдөр морь, нохой жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин бич, тахиа жилтнүүд аливаа үйлд хянамгай хандаарай. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой юм.

Энэ өдөр ан гөрөө хийх, мал адгуус муулах, хараал жатгыг буцаах, өглөг өгөх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, гэр, байшингийн суурь тавихад сайн. Харин золиг гаргах, бомбын үйл, бэрийн үйлд таагүй. Хол газар явах бол хойд зүгт мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажил үйлст тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top