Консерватори онлайнаар урлагийн бүтээлүүдээ толилуулна

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 03 сарын 25

Коронавируст халдварын цар тахал дэлхий нийтийг хамарч буй энэ цаг үед нийгмээрээ нэгдмэл хүчтэйгээр даван туулахад мэргэжлийн сургуулийн хувьд хувь нэмрээ оруулах болсон талаар Монгол Улсын Консерваторийн удирдлагууд Шадар сайд Ө.Энхтүвшинд танилцууллаа.

Тодруулбал, авъяаслаг багш, сурагчдынхаа онцгой бүтээлүүдийг цахимаар болон телевизээр өдөр бүр толилуулан соёл урлаг, сонгодог бүтээлүүдээр ард иргэдийн алжаал ядаргааг нь тайлах хүсэлтэй байгаагаа уламжилсан юм.

Мөн коронавируст халдварын эсрэг олон улсын хамтын ажиллагаатай Консерваториудтай хамтран World Music онлайн фестивалийг эхлүүлж байгаа юм байна.

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин ард иргэдийг соён гэгээрүүлэх санаачилга гаргасанд талархал илэрхийллээ.

Тэрээр "Өдөр бүр, бүх хэвлэлийн мэдээллийн хэрэгсэл, нийгмийн сүлжээгээр коронавируст халдварын талаар мэдээлэл цацагдаж байгаа нь нэг талаар ард иргэд "мэдээллийн дарангуйлал"-д өртөхөд хүргэж байна. Энэхүү "мэдээллийн дарангуйлал"-аас та бүхний санаачилсан урлагийн бүтээлүүд бага ч болов хөндийрүүлж чадна гэдэгт итгэлтэй байна" хэмээн онцлосон юм.

Уулзалтын үеэр Монгол Улсын Консерваторийн нийт багш ажилтан албан хаагчдын зүгээс Улсын Онцгой комисст таван сая төгрөгийн хандив өргөлөө гэж Монгол Улсын Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top