У.Хүрэлсүх: Коронавирусээс хамгаалах чиглэлд 200 тэрбум төгрөг гаргаж байна

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 03 сарын 27


Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ард иргэд болон аж ахуйн нэгжүүдэд хандаж Төрийн ордонд мэдэгдэл, мэдээлэл хийж байна.

Тэрбээр "Дэлхий нийтийн хэмжээнд коронавирус дэгдээд багагүй хугацааг үдлээ. Нийт 23970 хүн энэ өвчнөөр нас барсан байна. Манай улсад 11 тохиолдол бүртгэгдсэн, биеийн байдал нь тогтвортой байна. Засгийн газраас барьж байгаа хоёр чиглэл бий. Нэг нь Монгол хүний эрүүл мэнд, амь насыг хамгаалах. Хоёрт, эдийн засгийн хүнрэлийг давж гарах чиглэлээр яамдад үүрэг өгсөн. Тодорхой хэмжээнд арга хэмжээ авч ажилласны үр дүнд өнөөдөр коронавирус хяналтад байна.

Монгол Улсын Засгийн газар 10, Улсын онцгой комисс 14 удаа коронавирусний халдварын хүрээнд хуралдсан. Шаардлагатай арга хэмжээг нь авч ажиллалаа" хэмээн мэдээллийнхээ эхэнд онцоллоо. 

Түүнчлэн "Цагийн байдал хүндрээгүй, нөхцөл байдал хяналтад байна. Гэхдээ сонор сэрэмжтэй байх нь эрхэм зорилго болж байна. Ард иргэд амар амгалан, эрүүл энх байх ёстой. Бид цөөхүүлээ. Цөөхөн хүн ам энэ өвчнөөр өвчилвөл ямар аюул дэгдэхийг бүгд мэдэж байгаа. Коронавирус дэгдсэнээс хойш Засгийн газар, Эрүүл мэндийн яамнаас тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүлсэн. Ажлаа улам сайжруулах ёстой. Энэ өвчинтэй тэмцэхийн тулд олон байгууллага, ард түмэнтэйгээ Монгол Улсын Засгийн газар хамтарч ажиллалаа. Нийт 17 тэрбум төгрөгийг Засгийн газраас гаргасан. Нэмж 20.6 тэрбум төгрөгийн санхүүжилтийг давхар шийдвэрлэлээ. Цаашид 159 тэрбум төгрөгийн санхүүжилтийг эрүүл мэндийн салбарт хийхээр төлөвлөж байна. Энэхүү мөнгөний эх үүсвэрийг олсон. Өөрөөр хэлбэл, ард түмнийхээ эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр Засгийн газраас 200 тэрбум төгрөгийг гаргаж байна гэж ойлгож болно" гэв. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top