ӨГЛӨӨНИЙ МЭНД!

2020 оны 04 сарын 01

Өнөөдөр 2020.04.01. Энэ оны 91 дэх өдөр бол он дуусахад 275 хоног үлдээд байна. Монгол эх оронд маань нар 06 цаг 30 минутад мандлаа. 19 цаг 22 минутад жаргана.

Улаанбаатар хотод багавтар үүлтэй. Өдөртөө 8 хэм, шөнөдөө -8 хэмийн хүйтэн. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Олон улсын инээдмийн баярын өдөр. Мөн Олон улсын шувуудын өдөр тохиож байна. Японд Хаврын бүжгийн өдөр бол Иранд Исламын бүгд найрамдах Иран улсын өдөр, Тайландад Төрийн албаны, ӨАБНУ-д Гэр бүлийн өдөр болж байна.

Өнөөдөр “Авьяаслаг Британичууд” нэвтрүүлгийн ялагч Сюзан Бойл, Финландын 43 дахь Ерөнхий сайд Александер Стабб, Америкийн сагсан бөмбөгч Робин Лопез, Брүүк Лопез, Олимпын алт, мөнгө, хүрэл медальт, дэлхийн дөрвөн удаагийн болон Европын аварга Нидерландын гүйлтийн тэшүүрч Ян Блокхуйзен, Олимпын хошой, тив, дэлхийн аварга Хятадын гимнастикч Денг Линлин зэрэг алдартан өнөөдөр төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр дэлхийн түүхэнд болсон онцлох үйл явдлуудаас дурдвал:

1939 оны энэ өдөр Испанид Бүгд найрамдах засаглалын цэргүүд бууж өгснийг удирдагч Франциско Франко зарласнаар Испанийн иргэний дайн эцэслэжээ.

1970 - АНУ-ын Ерөнхийлөгч Ричард Никсон Тамхины олон нийтийн хяналтын тухай хуульд гарын үсэг зурснаар телевиз, радиогоор тамхины үйлдвэрлэлийг сурталчлах, реклам явуулах зэргийг хориглов.

1976 - Америкийн иргэн Стив Жобс, Стив Возниак, Рональ Вэйн нар АНУ-ын Калифорниа мужийн Купертино хотод “Apple” компанийг байгуулжээ.

2001 - Нидерландад ижил хүйстний гэрлэлтийг хуульчилжээ.

2004 - Технологийн алдарт “Google” компани цахим шуудангийн үйлчилгээ үзүүлэх “Gmail” программыг олон нийтэд танилцуулав.

Энэ өдөр үс засуулбал нас уртасна гэж дорнын зурхайд өгүүлжээ. Өнөөдөр бар жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол могой, морь жилтнүүд үйл хэрэгтээ анхаарал болгоомжтой хандаарай . Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай юм. Энэ өдөр лус тахих, хүүхэд үрчилж авах, гэр, байшингийн суурь тавихад сайн. Харин нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэлд оролцох, архи уух, тамхи татахыг цээрлэ. Хол газар явах бол хойд зүгт мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажил үйлст тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top