Тусгай хамгаалалттай газар нутгийг сэндийчиж буй “СТРАТО” компанийг нутгийн иргэд эсэргүүцэж байна

Автор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 04

ТВ8 телевизийн “Экологийн цаг” нэвтрүүлэг говийн гурван аймгийн долоон сумын 13 багийн нутгаар дамжин 430 км шороон замаар хүнд даацын машинаар нүүрсний тээвэр хийж, байгаль орчинд хор хохирол учруулж буй “СТРАТО” ХХК-тай холбоотой цуврал сурвалжилгуудыг хүргэсэн. “Экологийн цаг” нэвтрүүлэг энэ удаагийн дугаартаа “СТРАТО” компанийн хууль бус үйл ажиллагааг нэн даруй зогсоох, нөхцөл байдал ямар байгаа, байгаль орчинд хэрхэн нөлөөлөж байгаа зэрэг асуудлаар хэлэлцүүлэг өрнүүллээ. 

Хэлэлцүүлэгт “Хил хязгааргүй алхам” ТББ-ын тэргүүн Баярсайхан, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уугуул, тээврийн жолооч Адьяасүрэн, Ганбаатар, Дунд говь аймгийн Их говийн дархан цаазат газрын мэргэжилтэн Гэрэлмаа нар оролцлоо.


Монгол Улсад мөрдөгдөж буй хууль тогтоомжийг зөрчин үйл ажиллагаа явуулж байгаа “СТРАТО” компанийн тухай мэдээлэл анх жилийн өмнө “Хил хязгааргүй алхам” ТББ байгууллагынханд иржээ. Өнгөрсөн 2019 оны гуравдугаар сард УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар говийн иргэдийг оролцуулсан хэлэлцүүлэг зохион байгуулахад ч энэ тухай анх хөндөж, асуудал дэвшүүлж байж. “Хил хязгааргүй алхам” ТББ-д энэ мэтчилэн мэдээлэл ирсээр байсан тул газар дээр нь очиж үүссэн нөхцөл байдалтай танилцахаар болсон аж. Улмаар 2019 оны тавдугаар сарын 16-23-ны хооронд газар дээр нь очиход зарим зүйлс тодорхой болжээ.

“Нөхцөл байдалтай танилцаж, хэлэлцүүлэг зохион байгуулахад Монгол Улсад мөрдөгдөж буй зарим хууль тогтоомжийг зөрчсөн нь харагдсан. 2018 оны ЗГ-ын 379 тогтоолд “Хүнд даацын машинаар тээвэрлэлт хийхдээ хатуу хатуу хучилттай зам тавьсан байх шаардлагатай гэдгийг зөрчсөн байдаг юм. Энэ мэтчилэн хууль зөрчсөн үйлдэл байсан учраас 13 яам, агентлагийн газарт албан бичиг өгсөн. “СТРАТО” компанид ч бид албан бичиг өгсөн юм” гэж “Хил хязгааргүй алхам” ТББ-ын тэргүүн Н.Баярсайхан ярилаа.

Энэ мэтчилэн тэмцэх, хууль, шүүхийн байгууллагаар явах гэтэл өмгөөлөгчид энэ хэргийг авахгүй гэсээр байж. Учир нь ашиг сонирхлын зөрчил байгаа болохоор өмгөөлөхгүй гэж мэлзсээр байжээ. Тусыг эс олж, асуудал шийдэгдэхгүй болсон тул хэвлэл мэдээллээр бодит байдлыг хөндье гэж бодон “Экологийн цаг” нэвтрүүлэгт ханджээ. Сүүлийн үед нутгийн иргэд, хариуцлагатай сэтгүүл зүйн тэмцлийг хэн нэгний оноо авах хэрэгсэл, ашиг хонжоо хайсан үйлдэл гэж ойлгуулах нэг хэсэг хүмүүс бий болсон тул иргэний нийгмийн байгууллагууд энэ асуудлыг битгий улстөржүүлээч гэж хүсэж байгаагаа уламжилсан юм.

Байгаль экологийн тэнцвэрийг алдагдуулж байгаа шороон замын тээврийг яг халуун цэгт нь ажиллаж байгаа жолооч нар ч эсэргүүцэж байна. Тэд нутгийн байгалийг сүйтгэнэ, экологийн тэнцвэрийг алдагдуулна гэж үзэж байгаагаа зоригтой мэдэгдэж байгаа юм.

“Шороон замын тээвэр үндсээрээ буруу. “СТРАТО” компани үнэхээр тээвэр хийх гэж байгаа бол хатуу хучилттай зам тавих шаардлагатай. Хэрэв шороон замаар тээвэр хийх л юм бол байгалийн тэнцвэр алдагдана. Яг одоо Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Бэрх багийн нутагт энэ компани гурван эгнээ шороон зам тавьчихсан байгаа” гэж Өмнөговь аймгийн Цогтцэцийн сумын уугуул, тээврийн жолооч Б.Адьяасүрэн ярьсан юм.

Говийн хөрс эмзэг тул олон салаа сайжруулсан гэж хэлж байгаа шороон зам тоос шороо босгож эрүүл орчинд амьдрах эрхийг ноцтой зөрчиж байгааг нутгийн иргэд анхааруулж байна. Хэдийгээр стандартын дагуу зам тавьсан, 13 эгнээ замтай гэж компанийн зүгээс мэдээдэг ч бодит байдал дээрээ өөр гэдгийг нутгийн иргэд, тээврийн жолоочид ч батлан хэлж байгаа юм.

“Яг ачаатай тээвэр хийхэд л машинуудын замаар явдаг. Явахдаа машин тэрэг саатсан зэрэг техникийн шалтгаанаар тойроод гарах зам зөндөө бий. Ачаагаа буулгаад эргэхэд түйрэнтэй, цөмөрсөн зам бол тойроод л явдаг. Говийн хөрс маш эмзэг учраас байгаль орчны нөхцөл хүндэрч байгаа юм” гэж Өмнөговь аймгийн Цогтцэцийн сумын уугуул, тээврийн жолооч Ж.Ганбаатар ярьсан юм.

Тээвэрчдийн зүгээс ердөө нэг юм л хүсэж байгаа. Энэ нь хатуу хучилттай болох. Эмзэг агаад сувд мэт говийн үзэмжийг тээврийн тэрэгний дугуйгаар талхлахгүй, нутгийн зон олны амьдрах эрхийг зөрчихгүй байх нь л тэдний хүсэл. Чанар, стандартад нийцсэн, хууль тогтоомжоо мөрдсөн хатуу хучилттай зам тавих нь ашиг олох гэж буй компанид ч, амьдран суух эрхийнхээ төлөө тэмцэж буй нутгийн иргэдэд ч хэрэгтэй гэж тээвэрчид учирлаж байна.

Говь нутгийн хөрсийг сэндийлж, байгалийн тэнцвэрийг алдагдуулж байгаагаас гадна хууль зөрчин, ашгаа бодсон харалган үйлдлийн хар гайгаар Эх газрын чулууны байгалийн цогцолборт газрын элэг, бөөрийг эмтэлж байгаа гэх сэтгэл эмзэглэм баримт бий. Яг дархан газрын нутгаар дайрч байгааг хамгаалалтын газрын захиргаанаас мэджээ. Мэдээд нутгийн удирдлагууддаа ч хандаж. Улмаар нутгийн удирдлагууд Зам тээврийн хөгжлийн яаманд тусгай хамгаалалтын хилээс “СТРАТО” компанийн тээврийн замыг гаргаж өгөхийг хүссэн албан бичиг явуулсан. Үүний дагуу Зам тээврийн хөгжлийн яамнаас тус тээврийн замыг тусгай хамгаалалтын хилийн зурвасын гадна гаргаж, шинж маршрут баталсан боловч компани үүнийг үл анзаарчээ.

“Шинэ маршрут баталсан ч “СТРАТО” компани үүнийг үл хэрэгсэн тээвэр үйлдсээр байгаа. Дундговь аймагт байдаг хоёр ч тусгай хамгаалалттай газар нутгаар “СТРАТО” компанийн тээврийн зам дайрч өнгөрдөг” гэж Эх газрын чулуу байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны ахлах мэргэжилтэн Н.Гэрэлмаа ярьсан юм.

Дархан газрын хэвлийг сэндийлж буй компанийн тээвэр 2019 онд бага зэрэг л байж. Хорио цээрийн дэглэмийн үед тээвэрлэлтийн хэмжээ нэмэгдэж олон эгнээ зам үүссэн гэдгийг Их говийн дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа учирлаж байна. Хэдийгээр хуулиар дархалсан газар хэдий ч хамгаалалтын захиргаа том толгойт компанийг хориглож хүчрээгүй аж.


Дундговь аймгийн Говь-Угтаал, Баянжаргалан сумдын нутагт орших Их газрын чулуун уул нь Монголын их боржин бүсийн хамгийн их хэмжээтэй хэсэг юм. Хурц шовх оргил, үлдэц бүхий хадан цохио бүхий байгалийн үзэмж төгс энэ газрыг хамгаалах зорилгоор 2003 онд УИх-ын 30 дугаар тогтоолоор улсын тусгай хамгаалалтад авсан байдаг. Мандалговиос зүүн урагш 80 километрт энэ газар оршдог. Их газрын чулуу нь хойш урагшаа чиглэлтэй 20 км орчим үргэлжилсэн хоёр хэсгээс тогтдог. Хамгийн өндөр цэг нь 1706 м өндөр Ерлөг уул.

Их газрын чулуу уул, Ерлөг уул, Баян-Уул, Майхан уул зэрэг гол нуруудад уулын туруутан аргаль, янгирын гол тархалт бөгөөд Тогоо тахил, үүдэн ус зэрэг газруудаар тал хээрийн туруутан болох цагаан зээр элбэг тохиолдоно. Түүнээс гадна 20 гаруй төрлийн ан амьтан энэ орчимд нутагладаг. Цогцолборт газрын урд хилийн орчмоор аргаль, янгир нь Зүүнсайхан, Баруунсайхан, Дундсайхан, Тэвшийн хяр, Үүдийн хярд гүйдэллэн идээшилдэг. Хойд хэсэгтээ Их газрын чулуу уул, Баян уул, Ерлөг уулсын хооронд нүүдэллэх агаад энэ нь Бага газрын чулуу, Засгийн ус зэрэг газруудыг холбодог экологийн коридор нутаг юм. Их газрын чулууны байгалийн цогцолборт газарт 34 овог, 97 төрөл, 156 үйлийн ургамал ургадаг. 142 зүйлийн бэлчээр тэжээлийн ургамал, 53 зүйл эмийн ургамал, долоон зүйл ховор ургамал, найман зүйл ховордож болзошгүй, зургаан зүйл Монголын унаган ургамал, 22 зүйл Азийн завсрын ургамал, дөрвөн зүйл эртний цөлийн үлдэц, нэг зүйл голын татмын ойн үлдэц ургамалтай. Байгаль эхээс заяасан үзэсгэлэн төгс энэ газрыг хамгаалах нь та бидний үүрэг. Энэ үүрэг тоолсон мөнгө, хөөсөн ашиг бол хэн нэгэн компанийн дансанд орох ёсгүй.


Зам тээврийн хөгжлийн яам Их газрын чулуу болон Загийн усны хоолой зэрэг улсын тусгай хамгаалалттай газар нутгийн дундуур тээврийн замын чиглэлийг баталсан ч компани үүнийг хэрэгжүүлээгүй байна. Түүгээр ч үл барам Загийн усны хоолой тусгай хамгаалалттай газрын тэхий дундуур, Их газрын чулуу байгалийн цогцолбор газрын баруун бөөрөөр нь хөндлөн гараад одоог хүртэл тээвэр хийж байгааг “Хил хязгааргүй алхам” ТББ-ын тэргүүн Н.Баярсайхан хэлж байсан юм. Тусгай хамгаалалттай газар нутагт тээвэр хийх нь бүү хэл хөлөөрөө өшиглөх ч эрх байхгүй. Гэтэл хууль дээгүүр давж гишгэсэн компани тээвэр хийгээд, хөрсийг нь сэндийлсээр өдийтэй золгожээ.

“Эхлээд хатуу хучилттай замаа тавиад дараа нь нүүрсний тээврээ хийх ёстой. Засгийн газрын тогтоол ч, олон улсын стандарт ч ийм л байдаг. Гэтэл энэ компани эдгээрийг зөрчиж байгаа. Зөвшөөрсөн маршрутаар дур мэдэн хууль бус замаар хууль бус орлого олж байгаа хэрэг. Үүнийг улсын орлого болгох ёстой. Гэвч би өмнө нь ингэж хэлж байгаагүй. Үүнийг Эрүү болон Зөрчлийн хуулиар шийтгэх ёстой. Яамд өөр хоорондоо уялдаатай ажилладаг бол хууль зөрчсөн асуудал шуурхай арга хэмжээ авах ёстой” гэж “Хил хязгааргүй алхам”  ТББ-ын тэргүүн Н.Баярсайхан ярилаа.

Ийнхүү говийн иргэд хууль ёсны төлөө, байгаль эхийнхээ төлөө тэмцэж байна. Улсын хууль зөрчиж, тусгай хамгаалалттай бүс нутгаар хууль бус тээвэр хийж буйг ч эсэргүүцэж байгаа. Гэхдээ компанийн зүгээс, зарим нэг хүмүүс үүнийг улстөржилт гэж харж буй. Гэхдээ ямар ч тохиолдолд улстөржихгүй сэдэв гэж бий. Энэ бол эх байгаль. Үүнийг мөхөс би бус тэндхийн иргэд, халуун цэгт амьдралаа залгуулж буй тээвэрчид хэлж байна. Жил гаруй хууль зөрчөөж хорио цээрийн дэглэмийн үеэр тусгай хамгаалалттай газар нутгийг сэндийчиж байна. Үүнийг зогсоох хүч нь гагцхүү нутгийн иргэд билээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Тпр(202.126.88.203) 2020 оны 04 сарын 05

Мандахбаяр новш сонгуульд ялах гэж хамаг ажил самарч байна даа новшийн ац

0  |  0
irgen(31.165.215.200) 2020 оны 04 сарын 04

nutgiin irged temzeed baina, mongoliin tor yagaad duugai suuna ve?????

0  |  0
Top