Иргэний нийгмийн байгууллагууд Мандал-Овоо суманд ажиллана

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 04 сарын 12

“Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга” ТББ-ын санаачилгаар бусад иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран “Байгаль эх- хариуцлагатай уул уурхай” үндэсний хэлэлцүүлгийг өнгөрсөн онд орон даяар зохион байгуулсан билээ. Энэ хүрээнд орон нутагт хариуцлагагүй уул уурхай хэрхэн байгаль орчныг сүйтгэж, экологид нөхөж баршгүй хохирол учруулж байгааг олон нийтэд ил гаргасан. Тухайлбал, Өмнөговь аймгийн Баяндалай сумын нутаг дахь Аргалантын ар гэх газарт манган олборлохыг орон нутгийн иргэд эсэргүүцэж байгааг тухайн үед ТВ8 телевиз, Zindaa.mn сайт, "Өглөөний сонин" нийтлэл нэвтрүүлэг бэлтгэж, бодит байдлыг олон нийтэд мэдээлж байсан. Харамсалтай нь, өнөөдрийг хүртэл байдал дээрдсэнгүй, Өмнөговь аймгийн Баяндалай суманд газрын ховор элемент манганы уурхай нээхээр дайрч байгааг нутгийн иргэд мэдээллээ. 

Тиймээс “Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга” ТББ, “Эрс шинэчлэл хөдөлгөөн” ТББ, “Экологийн цаг” нэвтрүүлгийн багийнхан бодит байдалтай танилцаж, мэдээлэл хүргэхээр 2020.04.12, 13-нд Өмнөговь аймгийн Баяндалай суманд дахин ажиллахаар болжээ.

Түүнчлэн Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын малчдаас “Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга” ТББ-д өргөдөл ирүүлсэн байна. Тиймээс орон нутагт ажиллаж буй “Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга” ТББ-ынхан болон "Экологийн цаг" нэвтрүүлгийн хамт олон 2020.04.13, 14-нд мөн Мандал-Овоо суманд ажиллаж, иргэдийн байр суурийг хуваалцаж, бодит байдлыг сурвалжлан хүргэхээ мэдэгджээ.

Өргөдлийн утга:

Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын 26 га талбай жоншны “А” лиценз олгогдсон байна. Энэхүү “А” лиценз нь хэдэн онд, хэрхэн олгогдсон талаар нутгийн малчин иргэд бид ямар ч мэдээлэлгүй байсан ба өнгөрсөн 2019 оны намраас эхлэн ухаж, ачсан машинтай нэг бус удаа таарсан. 07-94 ӨМҮ дугаартай хүнд даацын машинтай хэд хэдэн удаа таарсан. 2020.03.23-ны өдөр зөвшөөрөл авсан гэх компанийн захирал Баттулга /хоёр хүний хамт/ гэдэг хүн ойр хавийн малчидтай уулзаж, олборлолтыг эхлүүлэх талаараа ярьж ирсэн. Тухайн компанийн нэр нь бидний сонссоноор “Лиги Даймонд” гэсэн. Ямар нэгэн баримт бичигт, зөвшөөрөл үзүүлээгүй. Нутгийн малчид бид гэнэт ийм зүйлтэй тулгарч өсөхөөсөө өтлөхөө хүртэл хэдэн үеэрээ амьдарч, нутаглаж ирсэн газар нутгаа ухуулж, сийчүүлэх нь бидний хувьд маш харамсалтай бөгөөд яагаад ч байж боломгүй зүйл юм. Ингэж ухуулсаар улсын эдийн засагт ямар ч ашиггүй бөгөөд энэхүү 26 га талбайн орчмын нөлөөллийн бүсэд 20 орчим малчин өрх, 10.000 гаруй малын бэлчээр устаж, доройтох, тоосжилт үүсэх, бэлчээргүйдэх зэрэг маш олон сөрөг үр дагавар үүсэх эрсдэлтэй болоод байна.

Мандал-Овоо сумын Баян хошуу багийн малчид бидний хувьд энэхүү лицензийг цуцлуулах, газар нутгаа эрүүл саруул, онгон дагшин хэвээр нь авч үлдэх чин хүсэлтэй бөгөөд харин ч хашаажуулалт хийж, малын тэжээл, овъёос, эрдэнэшиш, ногоон өвс тариалахаар ярилцаж байна. Мөн олон үеэрээ тахиж шүтэж ирсэн тахилтат Хайрханаа тусгай хамгаалалтад оруулах хүсэлт гаргах болно.

Цаашдаа нутаг орныхоо төлөө тууштай тэмцэл өрнүүлж, жоншны “А” лицензийг цуцлуулах хүсэлтэй тул та бүхнийг малчид биднийг дэмжиж, хамтран ажиллахыг хүсэж байна.

Та бүхнийг хүндэтгэсэн: Мандал Овоо сумын Баянхошуу багийн малчин Р.Ганбилэг, Т.Тогоо

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top