Ё.Баатарбилэг: Сурагчдыг II улирлын дүнгээр нь тооцож, анги дэвшүүлнэ

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 04 сарын 14

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх цар тахлын үед сургууль, цэцэрлэгийн хөл хориог есдүгээр сарын 1-ний өдрийг хүртэл сунгах чиглэлийг өгсөн билээ. Энэ хүрээнд өнөөдөр /2020.04.14/ Улсын Онцгой комисс хаалттай хуралдлаа.

Тэгвэл хуралдаанаас сургууль, цэцэрлэгийн хөл хориог есдүгээр сарын 1-нийг хүртэл сунгах шийдвэрийг гаргасан байна.

Энэ талаар яг одоо Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг мэдээлэл хийж байна. Тэрбээр "Улсын онцгой комиссоор шийдвэр гаргалаа. Хичээл, сургалтын үйл ажиллагааг есдүгээр сарын 1-н хүртэл зогсоох шийдвэрийг гаргалаа. Харин зургадугаар сарын 1-н хүртэл теле хичээлийг явуулна. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын жилийн эцсийн дүнг хоёрдугаар улирлын дүнгээр тооцож, анги дэвшүүлнэ. Хүүхэд улираах асуудал гарахгүй. Цэцэрлэг, сургуулийн элсэлтийг наймдугаар сард зохион байгуулна. Аймаг, нийслэлийн Засаг дарга нарт албан бичиг хүргүүлсэн. Цэцэрлэг, сургуулийн халаалтыг дөрөвдүгээр сарын 15-наас зогсоох чиглэл өгсөн. Элсэлтийн ерөнхий шалгалтын хугацааг одоогийн байдлаар долдугаар сарын 2-5-нд зохион байгуулна. Харин долдугаар сарын 8, 9-ны өдөр их, дээд сургуулиуд цахимаар элсэлтээ авна. Монгол хэл, бичгийн шалгалт авдаг Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын тогтоолтой. Гэхдээ энэ жилийн хувьд өнжих нь зүйтэй гэж үзлээ. Энэ жил Монгол хэл, бичгийн шалгалт авахгүй бүх хүүхэд элсэлтийн ерөнхий шалгалтад орох эрхтэй. Есдүгээр анги төгсөж байгаа хүүхдүүдийг улаан шугамаар хасахгүй. Энэ мэт шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар баталгаажуулна. Улсын хэмжээнд 158 хувийн ерөнхий боловсролын сургууль бий. Төлбөр нь янз бүр. Манай яам төлөөлөлтэй нь уулзсан. Теле хичээлийнхээ хажуугаар нэмэлт хичээлээ явуулж байгаагаа хэлсэн. Эцэг, эхтэй байгуулсан гэрээнийхээ хүрээнд төлбөрийнхөө асуудлыг ярилцаж, гэрээгээ дүгнэж ажиллах нь зүйтэй. Төлбөрөө бүрэн авсан сургууль, цэцэрлэг цөөхөн байна. Маш өндөр төлбөртэй сургуулиуд эцэг эхээсээ санал асуулга явуулж байгаа юм байна. Нэгэнт хичээл сургалтын үйл ажиллагаагаа явуулж байгаа бол эцэг, эхтэйгээ тохиролцох хэрэгтэй" гэх тайлбарыг өглөө. 

БИЧЛЭГ ҮЗЭХ
 

 

ТАНИЛЦ: Онцгой комиссын өнөөдрийн хуралдаанаас гаргасан шийдвэрүүд 
 

  • Сургууль, цэцэрлэгийн хөл хориог ирэх есдүгээр сарын 1 хүртэл сунгалаа.
     
  • Төгсөх ангийн сурагчдаас Монгол хэл, бичгийн шалгалт авахгүй.
     
  • Теле хичээлийг зургадугаар сарын 1-ний өдөр хүртэл явуулна. 
     
  • Сурагчдын жилийн эцсийн дүнг хоёрдугаар улирлын дүнгээр нь тооцож, анги дэвшүүлнэ. 
     
  • Элсэлтийн ерөнхий шалгалтыг долдугаар сарын 2-5-ны өдөр зохион байгуулна. 
     
  • Их, дээд сургуулиуд элсэлтээ долдугаар сарын 8, 9-ний өдөр цахимаар явуулна.
     
  • Есдүгээр анги төгсөж байгаа сурагчдыг улаан шугамаар хасахгүй.
     
  • Эрээн, Замын-Үүдийн боомтоор Монгол Улсын 50 иргэнийг авчирна. 
     
  • Нийслэлийн 173 хорооны 1525 хэсгийн ахлагч цагдаагийн үүргийг давхар гүйцэтгэнэ. 
     
  • Дөрөвдүгээр сарын 15-наас эхэлж амны хаалт зүүгээгүй, олон нийтийн газарт шүлсээ хаясан иргэдэд хариуцлага тооцно. 
     
  • Онцгой нөхцөл үүссэн гэж үзвэл авто замын хөдөлгөөнийг хязгаарлана. 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(203.91.118.180) 2020 оны 04 сарын 15

их дээд болон мэргэжлийн сургууль яах вэ төлбөрөө төлсөн бол төгссөн диплом олгох уу\nтөгсгөх үү

0  |  0
боёо(64.119.18.101) 2020 оны 04 сарын 14

Гэрийнхээ ойролцоох дэлгүүр, хүүхдийн тоглоомын талбай зэрэг газраар хүүхдүүд маск зүүхгүй их явах юм. Хэлэхээр тоож байгаа ч юм алга. Иймээс сургууль цэцэрлэг хичээллэхгүй байгаа учраас багш нарыг гадуур эргүүлээр ажиллуулах хэрэгтэй.

0  |  0
Зочин(202.179.2.138) 2020 оны 04 сарын 14

5-р ангийн сурагчдын дүнг 2 улирлын дүнгээр гаргах юм бол лаборатор сургуулийн элсэлтийн шалгалтын шалгуур 90%-ийг бага зэрэг буулгах хэрэгтэй байна.(8-р ангиин хувьд 80%-ийг)

0  |  0
Top