ОЛОН ӨНГӨ: Амны хаалтыг нэвтрэх үнэмлэх шиг ашиглаж байна

Автор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 01

Дэлхий нийтэд тархаж байгаа цар тахлаас хамгаалах гэж бултаараа тэмцэж, олон улсад тэр чигээрээ хөл хорио тогтоон, хаяа хатавчаа битүүлж байгаа энэ үед бид ч чадлынхаа хэрээр тэмцэж байна. 

Болзошгүй өвчинтэй төрөл бүрийн аргаар тэмцэж байгаагийн нэгэн энгийн хэлбэр нь гараа ариутгах, ариун цэвэр сахих, амны хаалт зүүх юм. Юу юунаас чухал зүйл нь амны хаалт зүүж, нэг нэгэндээ амьсгалын замаар вирус тараахгүй байхыг чухалчлах гэдгийг сануулсаар. Монголчууд нэг үеэ бодвол амны хаалт зүүгээд сурч, бүр хэвшил болчихож гэх яриа хаа сайгүй. Нээрээ л гараад явахаар автобусны буудал, албан газар, орон сууцны хороолол, дэлгүүр хоршоо гээд хаа л бол хаа амны хаалттай хүмүүс холхиж, амны хаалтгүй нэгэн ихэд сондгой харагдах болжээ. Гэтэл энэ нь ихэнхдээ өнгөлөн далдлалт бололтой. Амны хаалтыг ёс төдий хэрэглэж байгаа нь цөөнгүй харагдана.

Өглөө ажилдаа явахаар автобусанд сууж байхад хаалгаар үсрэн орж ирсэн залуу амны хаалттай олон хүн харан зогтусаж, халаасаа ухан амны хаалт зүүж байна. Гурван буудал яваад буусан тэр залуу цонхоор харж байхад амныхаа хаалтыг мултлан халаасандаа хийснээр зам хөндлөн гарах аж. Энэ нөхрийн хувьд амны хаалт нь автобусны зорчих эрхийн карт шиг аж. Хэдэн буудал яваад буухад энэ үзэгдэл байнга давтагдана.

Эндээс нэгэн төрийн байгууллага орох шаардлагаар үүдэнд нь сууж ахуйд дотроос арваад хүн амны хаалттай гарч ирэн, үүдний харуул өнгөрч ахуйд амны хаалтаа аван, цээж дүүрэн амьсгалаад халаасалж байх жишээтэй. Гаднаас мөн тооны хүн үүдээр орж ирсэн даруйд халаасаа ухан амны хаалт гарган зүүгээд халуунаа үзүүлээд орж байна. Эдгээр нөхдийн хувьд амны хаалт нь нэвтрэх үнэмлэх бололтой. Бодоход шат өгсөөд амныхаа хаалтыг авч байгаа байх даа гэсэн шүү зүйл бодож суулаа.

Ингээд гараад алхаж байхад гудамжинд зөрөх хоёр хүн “Амны хаалтаа мартжээ. Одоо оруулахгүй дээ” гэхэд нөгөөх нь “Минийхийг зүүгээд орчих оо” гэх мэт яриа хөвөрнө. Ийнхүү нэгэн өдрийн хоёр цагийн дотор л дүр төрх иймэрхүү харагдана. Ерөөсөө амны хаалтыг бид нэвтрэх үнэмлэх шиг л ашиглаж байна уу даа.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Дарь(66.181.189.111) 2020 оны 05 сарын 01

Тэр нь хамгийн зөв.

0  |  0
Top