Борооны дараах чийгний үнэр хичнээн сайхан билээ дээ. Хөрсөө түлхэн ургаж буй нялх ногооны үнэр хамар цоргиж, норсон далиа сэгсрэн жиргэх өхөөрдөм болжморын дуу үнэхээр сайхан. Шиврээ зөөлөн борооноор сэтгэлдээ элдвийг ургуулан бодолд дарагдан алхах гоё. Амраг хайрт, алиахан үрсээ бодолдоо тээж, тэдэндээ зориулан шүлгийн мөр бодож, олсон ганц мөртдөө олзуурхахын жаргалыг мэдэрнэ гэдэг тансагхан. Яг л ийм тавдугаар сарын борооноор хайрлаж дурласан түүнийхээ гарыг чангаар атгангаа, чамд зориулан “Хаврыг бэлэглэж байна.” гэж хэлэхэд минь баярлан хөөрсөндөө гараа алдлан гүйж явсныг нь бодох. Тавдугаар сард бороотой байх нь байгаль дэлхий цэцэглэхийн үндэс болдог бол сэтгэл зүрх минь догдлон дуу алдахын шалтгаан болдог оо.
Бороо, бороо ороорой
Оросын маамуу ирээрэй... гэсэн хүүхэд насны нандин мөчүүдээ үрсээрээ давтуулж, аз жаргалтай инээдийг нь сонсож суух аз жаргал минь билээ. Амьдралд минь жаргал бэлэглэгч тавдугаар сарын бороо.
Сэтгэгдэл ( 1 )
Сүржин нэртэй даржин нийтлэл. Зураг