Загнах гэдэг болзошгүй зүйлээс урьдчилан сэргийлэх нэг төрлийн арга мэт. Цөөн үгээр бол ширүүн зөвлөгөө. Тэрнээс бороо зогссоны дараа шүхрээ дэлгэхгүй яасан юм гээд бол нэмэргүй.
Итгэл, бардам зан, зоригоо аль хэдийн дэнслүүлчхээд байхад араас нэмж гишгэлэх гэсний хэрэггүй шүү дээ.
Арга мухардах хүн залбираад бүтэхгүй бол хүсээгүй зүйлээ ч хийх үе гардаг. Дараа хийсэн зүйлээ булзааруулах гэж арга зохиох нь элбэг. Хүн болгон алдаж, шаналж, шархлаж, хохирдог. Зарим нь зүгээр сайн тэвчиж нуудаг хэрэг.
Хэлэх үг байхгүй бол зэрвэсхэн өнгөрөх бүхэнд хошуу дүрж байхаар, зураг шиг холоос хараад өнгөрөх нь заримдаа хэн хэндээ амар байдаг.
Юмс өөрчлөгдөхийг яагаад заавал хүлээх ёстой гэж. Уул зурчхаад нар мандахыг хүлээж байхаар ямар нэг зүйлээр нар зурах хэрэгтэй биш гэж үү. Залуу насны алдаа чимэг болдог гэдэг. Зүгээр л аль зүгээс мандуулж зурахаа шийдсэн бол тэр зүгрүүгээ алхах хэрэгтэй. Дурсамжаас урсах нулимс илүү үнэ цэнэтэйгээр гялалздаг. Алдаа ч мөн адил яг одон шиг сэтгэлд гялалздаг байх. Залуу насны бүх зүйлс гялалзах ёстой.
О.ГАНЖАРГАЛ
Сэтгэгдэл ( 0 )