Монгол цэргийн нэгдсэн холбооноос өнөөдөр /2020.05.06/ албан ёсны харилцаа бүхий ОХУ-ын бүх Оросын ахмад дайчдын “Дайчин нөхөрлөл” олон нийтийн байгууллагын анд нөхдөдөө чин сэтгэлийн хандив өргөлөө. 20 мянган ширхэг амны хаалт гардуулах ёслолын ажиллагаа ОХУ-ын Элчин сайдын яаманд болов.
Арга хэмжээнд ОХУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд И.К.Азизов, агаарын цэргийн атташе, хурандаа П.Г.Анисов, Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх, МЦНХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Тогоо, Ерөнхий сайдын зөвлөх, тус холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Б.Энх-Амгалан, МЦНХ-ны ажлын албаны зөвлөх Д.Ганбаатар, ГХЯ-ны хөрш орны газрын зөвлөх Цэрэнжигмэд, А.Ананд нар болон бусад хүмүүс оролцлоо.
“COVID-19” цар тахал дэлхий дахиныг нөмрөөд байгаа өнөө үед түүхийн ямар ч цаг үед, ямар ч зовлон бэрхшээлийг хамтдаа ялж ирсэн баялаг уламжлалтай ард түмний хувьд Монгол цэргийн нэгдсэн холбооноос зорилго нэгт анд нөхдөдөө чин сэтгэлийн хандив өргөж байгаад ОХУ-ын ЭСЯ-ны бие бүрэлдэхүүн, нийт Оросын иргэд, “Дайчин нөхөрлөл” байгууллагын зорилго нэгт ахан дүүс баяртай байгааг Элчин сайд И.К.Азизов мэдэгдсэн юм.
МЦНХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Тогоо “Бидний хандивыг халуун дотноор хүлээж авсан Та бүхэнд баярласнаа илэрхийлж, хамтын хүчин чармайлтаараа аюулт тахлыг амжилттай сөрөн зогсож, гарз хохирол багатайгаар даван туулахын ерөөлийг өргөн барья” гэлээ.
Сэтгэгдэл ( 0 )