Тэмдэглэлт баяр ёслолоор хүнсний бүтээгдэхүүний үнэ нэмэгддэг нь жам болоод удаж буй. Тэр тусам жимс жимсгэнийн үнэ тэнгэрт хадна гээч. Ойрын хугацаанд олон нийтийг хамарсан баярын өдөр тохиогоогүй ч ойр дотнын хүмүүсийнхээ төрсөн өдрөөр баярын ширээ засах хэрэг гардаг л байх. Хамгийн түрүүнд арааны шүлс асгаруулам өнгө алагласан амтат жимс баярын ширээг бахдалтай чимдэг билээ. Жимсний үнэ махны үнээс огцом нэмэгдсэн ярианы сэжүүрээс атган жимс худалдаалдаг томоохон захуудаар явсан юм.
“Бөмбөгөр” худалдааны төв хамгийн сүүлд сар шинийн өмнө болон коронавирусний тохиолдол Монголд анх бүртгэгдэхэд хөл гишгэх зайгүй болсныг санаж байна. Одоо бол ажин түжин. Хүний анхдагч хэрэгцээ бол хоол хүнс учраас өдөр тутмынхаа хүнсийг цуглуулж яваа залуу хос, настай эмээ, тэтгэврийн өвөө, ачаа үүрэгчид, орлогын үүд нээх даллага авах лам мэт арц хүж уугиулах лангууны худалдагчид гээд цомхон дүр зураг угтав. Цар тахлын улмаас худалдаа эрхлэгчдийн амьжиргааны гол эх үүсвэр зогсонги байдалд орж, эдийн засгийн хүндрэл үүсээд байгаа. Худалдагч нар “Миний дүү юу авах вэ, хямдруулаад ав” гээд урдуур, хойгуур явах хүн бүрийг алдалгүй шалгааж, юу юугүй тороо шүүрч сандаргана.
Баярын ширээний гол чимэг болсон исгэлэн жимс, амтат тоор хараа булааж, шинэ жилийг санагдуулам мандарины үнэр сэнхийв.
Орос мандарин нэг килограмм нь 12 мянган төгрөг болж өсжээ. Яагаад ийн өссөнийг шалгаахад “Оросоос үнэтэй ирж байгаа. Өвөл гардаг жижиг мандарины улирал нь дууссан учир том мандарин худалдаалагдаж байна. Мандарин авмаар байгаа бол хятад мандарин 4500 төгрөгийн үнэтэй шүү дээ” гэлээ. Гадил 6000, усан үзэм 14-15 мянга, тоор 9000, хан боргоцой 5000, польш алим 6000, хятад алим 5000, америк алим 10 мянга орос алим 7000, нимбэг 9000 төгрөгийн үнэ ханштай байлаа. “Хөл хорио тогтоож, худалдан авалт буурсан тул түрээслэгчдийнхээ түрээсийг 20-30 хувиар буруулсан. Манайх сардаа 600 мянган төгрөгийн түрээс төлдөг. Сүүлийн хоёр сарын түрээсээ өгч чадаагүй л байна. Энэ сараас орлого эрх биш дээрдэж байгаа тул түрээсээ төлнө дөө” хэмээн худалдагч эгч санаа алдлаа.
Даруухан баярын даржин ширээ засахад 50 мянган төгрөг арай чүү л хүрэх ажээ. Хэдэн төгрөгийн арай татууг нь бодоод “Барс” зах руу явлаа.
“Барс” захын үүдээр хөлтэй нь хөлхөж, хөлгүй нь мөлхөж байдаг боловч аанай л нам гүмхэн байв. Хайрцаг, хайрцаг жимс зөөх эрс жимсний мухлагуудаар орж гарч, илжирч ялзарсан жимснүүдийг эргүүлээд агуулах руу зөөх ажээ. Орос, Хятад, Турк жимс өөр өөрийн лангууг эзлэн ярайна. Худалдагч нар тооны машинаараа орлого зарлагаа бодож, эсвэл утсаар яриад бараагаа зарах юм сан гэж нэг их түвдсэн шинжгүй сууцгаана. Алимын үнэ асуутал хэдэн хайрцгийг авах юм бэ гэж даналзах жишээний. Жимс жимсгэнэ худалдаалдаг бүхий л хүмүүс эндээс бараагаа татдаг болохоор аргагүй ч юм уу даа. Орос мандарин 8000-8500 байгаа нь “Бөмбөгөр”-ийн үнээс даруй дөрвөөс таван мянган төгрөгөөр хямд байгаад олзуурхав. Хятад мандарин 3500, слив 8000, лийр 7500, гадил 4500, киви 5500, апилсин 5500-6000, хан боргоцой 3500, усан үзэм 11-12 мянга, тоор 7000, хятад алим 3500, 5000 польш алим, орос алим 6500, америк алим 7500, Ховд аймгаас ирсэн тарвас 12 мянга амтат гуа нэг килограмм нь 3800 төгрөгийн үнэтэй байлаа. Харин эндээс төлөвлөсөн төсөвтөө тааруулж жимсний төрөл бүрээс нь сорчилж болмоор санагдав. Жимс худалдан авч буй хөл хүнд эмэгтэй “Манай гэр хажууханд байдаг. Би жирэмсэн болохоор ч тэр юм уу исгэлэн жимс идмээр санагдаад өдөр бүр наашаа гүйдэг болсон. Өмнө нь би килограммаар жимс авчихдаг байсан бол жимсний үнэ нэмэгдсэнээр ширхэг ширхгээр нь граммлаж авдаг болжээ” гэлээ.
Үүнийг өлгөж авсан худалдагч ах “Цаанаасаа үнэтэй орж ирээд байгаа юм чинь бид үнээ нэмэхээс өөр аргагүй шүү дээ. Тэгээд ч жимс гэдэг чинь тансаг хэрэглээндээ тооцогдоно. Хэр барагтай айл өдөр бүр жимс идээд байж чаддаггүй, баяр ёслолоор л юу юм гэхээс. Манай монголчууд мах, гурилаа яая гэж байгаа энэ үед жимсний худалдаа эрхлэгчид үнэндээ хямарч байна” гэж цухалдангуй өгүүлэв.
Жигмэд, Тогмид хоёр жимсэнд хамт явжээ гэдэг дуу байдаг даа. Үл таних хөл хүнд эмэгтэй бид хоёр жимсний мухлагаас загнуулсан хүүхэд шиг нэг нь жимстэй, нэг нь жимсгүй урамгүйхэн гарлаа. Жимсний худалдаа эрхлэгчид бухимдахын бас нэг шалтгаан нь хадгалалт, тээвэрлэлтийн асуудал. Тусгай зориулалтын хайрцгаас худалдан авагчийн гар дээр гялгар тор руу шилжинэ. Жимс жимсгэнэ хамгийн амархан мууддаг болоод ч тэр үү бүхий л мухлагууд харанхуй, сэрүүн байх ажээ. Хайрцаглан өрсөн жимс хотын зах, өнцөг булан руу ачигдан түгээгддэг болохоор ачигчид л зогсоо зайгүй ажиллана. Тор гэснээс тортой холбоотой нэгэн жишээ дурадахад Кени улс гялгар уут импортолсон тохиолдолд 40000 ам.доллароор торгох эсвэл дөрвөн жил хүртэлх хугацаанд хорих хуультай болсон гэдэг. Дэлхий дээрх хамгийн хатуу шийтгэл гэгдэх энэхүү хуулиас болж чавга, амтат нишингэ, хатаасан жим зэргийг гялгар уутанд хийж зарсан жимсний худалдаачин гурван эр Найробигийн шоронд хоригджээ. Цагдаа нар худалдаачдаас 500 гялгар уут хураан авсан аж. Гэтэл манай улсад хатаасан жимсийг төрөл бүрээр нь ангилан гялгар уутанд хийж худалдаалдаг төдийгүй гялгар торыг өдөр тутмын хэрэглээндээ өргөн ашигладаг.
Сониуч зан хөдлөөд Улсын их дэлгүүрийг зорив. Хамгийн өндөр өртөгтэй, халаас зузаан хүмүүс үйлчлүүлдэг гэгдэх энэ дэлгүүрийн жимсний үнийг сонирхов. Гадил 5450, усан үзэм 15 мянга, хятад алим 4500, америк алим 10400, бельги алим 8000, орос алим 5900, итали алим 12 мянга, хан боргоцой 7800, лийр 5900, орос мандарин 15 мянга, киви 7800, хятад гүзээлзгэнэ 7000, слив 11000 байгаа нь дор хаяж гурваас таван мянган төгрөгөөр үнэтэй аж. Улсын их дэлгүүрт үнийг нь тоосон шинжгүй тэрэг тэргээр худалдан авалт хийх нэгэн байхад “Барс” зах дээр алим ширхгээр авч хорхойгоо дарах хөл хүнд эмэгтэй ч байх л юм. Баян, ядуугийн ялгаа жимсний тасагт хүртэл ажиглагдана. Махны үнэ нэг килограмм нь 10-11 мянган төгрөг байгаа энэ үед махнаасаа давсан үнэтэй мандарин тэргүүтэй жимснүүдийг худалдан авах чадалгүй айл өрх мянга мянгаараа бий.
Сэтгэгдэл ( 4 )
Холоос алим зөөж байхаар хажууд байгаа Оросоос зөөвөл зардал бага баймаар юм\n
АВАХ МӨНГӨ БАЙХГҮЙ ХҮМҮҮС ТАНСАГЛАХАА БАЙСАН. ОДОО ТЭГЭЭД ЯЛЗРААД ХӨӨРХИ Й МУУ НАЙЙМАЧИД МААНЬ ЯАНА ДАА
Oros hyatad polish.ital l gene ene hul horiotoi hil haasan ved haaguuraa orj irdeg um zarim em hil haasan geed tadarsan bna sh dee tegeed yag ital polish oros n vnen um uu batalgaa bna u vnee nemeh arga n um uu hen medlee
Ene haanaas orj irdeg n todorhoigui jimsnuudee zugeer l heseg hereglhee l bolichihgui iy daa manaihan. Ingej uilan duugrah ymar shaardlga bnaa.