Хаяа хярхаггүй тэнүүн талаар салхи татуулах шувуу шиг харцага, шонхрын далавч шүргэн алдан, хан тэнгэрийн хэвлийд хүрэн алдан ниссээр Хөгнө Хан уулын үзүүрт Хадагт хошуунаа дөрөө мултлав. Булган аймгийн Рашаант сумын нутагт орших энэхүү байгалийн үзэсгэлэнт, түүхэн дурсгалт газар нь дотоод, гадаадын аялагч, жуулчид зорин очдог газрын нэг. Манай улсад өөр, өөрийн домог түүхтэй олон газар бий.
Монголчууд сүсэглэн залбирч хадаг уяж, архи, дарс, торго дурдан, цайны идээ, будаа тариа, мөнгө төгрөг өргөж хүсэл бүхнээ шивнэн шившдэг. Хадагт хошуу нь хадган цэнхэр дээлтэй эмэгтэй дүртэй лус савдагтай тул эмэгтэй хүн, хүүхдэд ээлтэй бөгөөд сүсэглэж мөргөсөн хүнд үрийн заяа хайрлаж, хүсэл бүхнийг нь биелүүлдэг гэдэг. Хүслээ шивнэсэн улс лус савдагт өргөл барьц өргөж, эмэгтэй хүний дээл, хадаг яндар үлдээсэн нь салхи шороотой хутгалдаж газраар хөглөрнө. Нутаг орны засаг захиргаа сэмэрч гандсан хадаг яндар, салбарч хуучирсан хувцас хунарыг нь цэвэрлэж, байгаль орчноо хайрлан хамгаалах тал дээр анхаарвал сайн сан.
Шувууд жиргэлдэж, жирх гүйлдсэн энэхүү газарт будаа цагаа, ааруул хурууд өргөвөл илүү буян болно доо гэж бодогдож байлаа. Хөх тэнгэрт, Хөгнө Хан, Хадагт хошуундаа хүсэл бүхнээ цацал юунд нь шингээн цагаан сүүгээ өргөвэй.
Сэтгэгдэл ( 1 )
Munhagchuud ihdeed baigaly delhiig bohirduulj hanahgui baigaag anhaarch arga hemjee abmaar yumaa.