ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан яаралтай цахим хурал хийж, чиглэл өглөө
Маргааш өдөр Хэнтий Сүхбаатар, Говьсүмбэр, Дорноговийн нутгаар, Төв, Дундговийн зүүн хэсгээр салхи секундэд 26-28 метр, зарим үед 34 секунд хүрч, хүчтэй салхи салхилж шороон шуурга шуурна.
Төв аймаг, Хэнтий аймгийн хойд хэсгээр хүчтэй цасан шуурга шуурна. Бусад аймгийн нутгаар Өвөрхангай, Өмнөговь, Дорнодын нутгаар, Дундговь аймгийн баруун хэсгээр салхи секундэд 16-18 метр, зарим үед 24 метр секунд хүртэл хүчтэй шороон шуурга шуурна.
Энэ сарын 14-15-ны хооронд шилжих шөнө төвийн аймгуудын хойд хэсгээр, 15-нд төв, говь, зүүн аймгуудын нутгаар, 16, 17-нд нутгийн зүүн хагаст, тэр дундаа Хэнтий аймгийн нутгаар нойтон цас орж хүчтэй шороон болон цасан шуурга шуурч эрс хүйтрэхийг Онцгой байдлын ерөнхий газар, Ус цаг уур орчны шинжилгээний газраас онцгойлон анхаарууллаа.
Энэхүү үзэгдэл 2008 оны тавдугаар сарын 26-27-нд болсон цаг агаарын гамшигт үзэгдэлтэй төстэй байгааг мэргэжлийн байгууллага анхааруулж байна.
Тухайн үед Хэнтий, Дорноговь, Сүхбаатар аймгийн нутгаар салхи секундэд 28, зарим үед 34 метр хүрч, Хэнтий аймгийн нутгаар цасан болон шороон шуурганы үзэгдэл, Дорноговь, Сүхбаатар, Дундговь, Өмнөговь аймгийн нутгаар хүчтэй салхи, шороон шуурганы гамшигт үзэгдэл ажиглагдсан ба 52 хүний амь нас эрсдэж, 324 мянган орчим мал хорогдож, эрчим хүчний олон шон олноор унаж, 100 гаруй гэр, байшингийн дээвэр нурж байжээ.
Ирэх өдрүүдийн үзэгдэл тухайн үеийнхтэй ижилхэн байна. Тиймээс зүүн гурван аймгийн нутгаар 16,17-нд үргэлжлэх хүчтэй салхи шороон шуурганд бэлтгэлтэй байж, байгалийн элдэв гамшгаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж, ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан зарим аймаг сумдын удирдлагуудтай яаралтай цахим хурал хийлээ.
ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан “Цаг агаарын аюулт үзэгдэл, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн тулд иргэд цаг агаарын мэдээллийг тогтмол сонсож, бусдад дамжуулах, ажил амьдралдаа дагаж мөрдөхийг анхааруулж байна. Энэ сарын 15,16-ны өдрүүдэд малаа холын бэлчээрт гаргахгүй байх, хүнс тэжээлээ хангалттай нөөцлөх, хүүхэд багачуудыг гэрт нь харгалзах хүнгүй орхихгүй, малд явуулахгүй байхыг сайтар анхаарах хэрэгтэй. Хүндэтгэн үзэх шалтгаанаар зайлшгүй замд гарч байгаа бол автомашиныхаа бүрэн бүтэн байдлыг хангах, бензин шатахуунаа нөөцлөх, дулаан хувцаслахыг анхааруулж байна. Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалж аймаг орон нутгийн зам, давааг хаах арга хэмжээ авч болзошгүй. Тиймээс иргэд та бүхэн энэхүү шийдвэрийг дагаж, анхаарал болгоомжтой байхыг анхааруулж байна" гээд аймаг, сумдын удирдлагуудад иргэд, малчдад сэрэмжлүүлэг хүргэх, аюулт үзэгдлээс сэргийлэх ажлыг яаралтай зохион байгуулж ажиллахыг үүрэг болголоо.
Сэтгэгдэл ( 0 )