ОЛОН ӨНГӨ: Нөхөрлөл

Автор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 19

Нөхөрлөл гэдэг дуудлага болгонд нь хариулах ёстой ажилтан, гуйсан бүхнийг биелүүлдэг шидтэн, өдөр бүхэн уулзаад байдаг албат, өглөг хандив өгөх ёстой нэгэн биш гэж бодно. Харин ч эсрэгээрээ нэгэндээ сэмэрсэн дээлний нөхөөс шиг дэм, сэтгэл зүйд зөвлөх эмч, урмаар тэтгэж, зэмлэлээр тордох багш, ухаанаар дэмжиж, сэтгэлээр түших хань шиг тийм байхыг найз гэнэ.

Сайхан, муухай дурсамжийн нэгдэл, салсан ч нийлдэг нэгэн хэсэг, тахийж ургавал дагаж ургах модод шиг цаанаасаа л нэг тохирсон тийм хүмүүс  бий.

Цайруулсан самрын хог салхинд хийсээд ялгарчихдаг шиг нөхөрлөл яг л тийм цаг хугацааны аясаар ялгардаг. Өндөр нам, царай зүс, хөрөнгө чинээ бүр хүйсээр хүртэл ангилагдахгүй. Инээхэд дурсагдаж, уйлахад үгүйлэх бодолд минь итгэлийн оршихуй, сэтгэлийн сувилал болж ирсэн тийм л хүмүүс.

Хүн амьтантай ч нөхөрлөж болно, хүүхэд хөгшин хүнтэй нөхөрлөж болно. Тогтоосон хязгаар, заагласан хил гэж байхгүй. Нэг л мэдэхэд нэгэндээ сүүгээр амласан мөөм ээж шиг, үнэнтэй нь зэмлэдэг загалмайлсан эцэг шиг, зулайгаа гишгэж төрсөн ах, эгч шиг нь, цусан холбоотой үеэл шиг болчихсон байдаг. Муухан хамаатанаас дээр гэдэг үг шиг. Миний мэдэх ахархан амьдралын бяцхан туршлагаас ийм л байна. Нөхөрлөл яг хайр шиг. Эцэст нь миний бодлоор нөхөрлөл амьдралд амсах ёстой амттан, алдааг дурсан инээлдэх оршил, амийг ч зориулж болохоор эрхэм, алтаар ч солих боломжгүй эрдэнэ билээ. 

О.ГАНЖАРГАЛ

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Theory(139.5.216.154) 2020 оны 05 сарын 20

Tuurga TG xairtai shu bro

0  |  0
Top