Дуучин Анугийн "Тод гэрэлтэх бүсгүй" номын нээлт боллоо

2020 оны 05 сарын 18

Хүмүүнлэгийн элч, алдарт эх, дуучин Ч.Уранхолбоо “ТОД ГЭРЭЛТЭХ БҮСГҮЙ” номын нээлтээ өнөөдөр хийлээ.

Ээжүүдэд зориулсан влог хөтлөгч, соёл урлагийн төдийгүй нийгмийн салбарт манлайлагч бүсгүй Ч.Уранхолбоо нь Философийн ухааны доктор Г.Уянга, Б.Нарантунгалаг нартай хамтран энэхүү номоо хоёр жилийн хугацаанд бүтээсэн билээ.

Номын зохиогч Ч.Уранхолбоо “Хүнд нөхцөлд байгаа хүүхдүүд, олон мянган өрх толгойлсон ээж нарын дуу хоолой болж энэхүү номоо бичихийг хүссэн. Олон талын судалгаа, тоо баримт, онол, туршлага, бодит амьдралаас сэдэвлэн бичсэн учраас энэ ном таны найз, зөвлөгч, аав, ээж шиг тань байх болно. Бид үргэлжлүүлээд охиддоо зориулсан ном гаргахаар шамдаж байгаа” гэв.

Тус номын өмнөтгөлд Зууны манлай дуучин, Гавьяат жүжигчин Б.Сарантуяа, Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг гээд Монголын сор болсон тод гэрэлтсэн бүсгүйчүүд мялаалга үг хайрлажээ. Номын нээлтэд Гавьяат жүжигчин Б.Сарантуяа баяр хүргэхээр ирсэн юм. Тэрбээр “Монгол бүсгүйчүүд жаргалтай үедээ сонор сэрэмжтэй, зовлонтой үедээ хат тэвчээртэй байдаг. Ану маань монгол бүсгүйчүүдээ байлдан дагуулж байдагт бахархаж байна. “Гала” хамтлагт байхаас нь л мэднэ. Тэр үеийн залуус хүүхдүүдийн дунд содон өнгө төрх, давтагдашгүй үйл явдал болж байсан. Одоо таван хүүхдийн ээж болчихсон гялалзаж, нийгмийнхээ төлөө ихийг бүтээж яваад нь баяр хүргэе. Хаана ч байсан гадаад, дотоод талаасаа гялалзаж байдаг хөдөлмөрч, дайчин чанар нь миний сэтгэлийг булаадаг. Энэ чанар дээрээ нийгэмдээ сайн сайхныг түгээж, дуу хоолой нь болж яваад нь баяртай байна” гэлээ.

Номын зохиогч, философийн ухааны доктор Б.Нарантунгалаг “Зүрх сэтгэлээ шингээн бичсэн номыг маань залуус уншаасай гэж хүсэж байна. Улс орны гол үндэс нь гэр бүл бол түүнийг авч яваа хатан ухаан нь эмэгтэйчүүд юм гэдгийг хөндөхийг зорьсон” гэсэн бол Номын зохиогч, философийн ухааны доктор Ч.Уянга “Нэрээсээ эхлээд л эмэгтэйчүүдийг үргэлж тодоос тод гэрэлтээсэй гэж бодсон. Эмэгтэй хүн амьдралыг гэрэлтүүлэх заяанд төрсөн учраас ямар ч үед гэрлээ бөхөөхгүй, асааж яваасай. Өөртөө шаардлага тавьж, хөгжүүлж байгаасай. Гэр бүлээ зөв сонгож, үр хүүхдийнхээ өмнө зөв үлгэрлээсэй. Охид залуус ирээдүйд өөрийгөө бэлдээсэй гээд олон талын асуудлыг хөндсөн” гэлээ.

Нийгэмд хэрэгцээтэй байгаа асуудлуудыг тал талаас нь судалгаа, тоо баримттай сөхөж, гэр бүлийн төлөвлөлт, үр хүүхдийн хүмүүжил, залуусын амьдралын боловсролд хувь нэмэр болохуйц энэхүү ном олон хүнд гэрэл түгээrж, тодоос тод гэрэлтүүлэх болтугай.

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top