[ТОЙРОГ 76] Орхон аймгийг төлөөлсөн ГУРВАН ӨӨР “өнгө”

Автор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 20

"Өглөөний сонин”, Zindaa.mn сайт хамтран сонгогчдын боловсролд зориулан бэлтгэж буй "ТОЙРОГ 76" цуврал үргэлжилж байна

Орхон аймгийн сонгогчдийн хувьд 1996 оныг эс тооцвол МАН-д илүү хандаж ирсэн байдаг. Улаанбаатар, Эрдэнэт, Дарханаас бусад тойрогт ер нь “нутгийн хүү” гэсэн тодотгол гол оноо болдог. Тийм ч болохоор УИХ-д аль нэг аймгаас хэдэнтээ сонгогдож тухайн тойргийн иргэд өөрөөс нь уйдаж эхэлснийг мэдэрсэн аливаа улстөрчийн сонголт нь хот суурин газар байдаг юм. Энэ жишгээр Эрдэнэт хотыг багтаасан Орхон аймаг тойргоо сольсон депутатуудын бай болох тохиолдол ихтэй. Ингээд өнгөрсөн 30 орчим жилд тус аймгаас ямар хүмүүс сонгогдож байсныг товчхон танилцуулъя. 1992 оны сонгуулиар өнөөгийн МАН тухайн үеийн МАХН-аас нэр дэвшсэн Ж.Дэлгэрцэцэг, Ш.Чунаг нар ялалт байгуулжээ. Харин 1996 онд АН-аас нэр дэвшсэн Л.Лувсан-Очир, Д.Энхтайван нар сонгогдсон юм. 2000 онд МАН-ын нэр дэвшигч Ё.Баярсайхан, Ц.Ням-Осор нар олонхийн санал авсан байдаг. 2004 онд Ё.Баярсайхан, Г.Адъяа нар ялжээ. Тэгвэл 2008 оны УИХ-ын сонгуулиар МАН-аас нэр дэвшсэн Д.Дамба-Очир,  АН-аас нэр дэвшсэн Д.Одхүү нар парламентад сонгогдож байлаа. Мөн 2012 онд МАН-ын О.Содбилэг олонхийн санал авсан бол 2016 онд дахин улирсан билээ. 2016 онд нэг завсарласан Д.Дамба-Очир дахин УИХ-д сонгогдсон бол тухайн жил МАХН-аас нэр дэвшсэн О.Баасанхүү парламентад улираад байгаа билээ. Харин тэд өнгөрсөн дөрвөн жилд улс төрийн хувьд өөр өөр үзэл бодлын шатаар явсныг ч дурдах нь зөв байх


Дөчинзургаадугаар тойрог: О.Содбилэг

УИХ-ын гишүүн О.Содбилэг өнөө жилийн УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвшихгүй нь нэгэнт тодорхой болоод байгаа. Тэрбээр хэдэн өдрийн өмнө нэр дэвшээгүй шалтгаанаа өөрийн цахим хуудсандаа бичсэн байна лээ. Тодруулбал, “Олон сонгогчид, сэтгүүлчид миний нэр дэвших талаар асууж сураглацгааж байгаа учир мэдээлэл өгье. Би дөрвөн жил завсарлах болсноо жилийн өмнө шийдэж, У.Хүрэлсүх даргад 2019 оны есдүгээр сард Эрдэнэт хотод ажил хэргээр очиход нь хэлсэн. Би улс төрд 25 насандаа орж, УИХ-ын гишүүнээр сүүлийн найман жил ажиллахдаа чадах бүхнийг цааргалахгүй хийж, ёс суртахууны болон хуулийн зөрчил доголдол гаргаагүй ажилласан. Цаашид би улам ихийг хийж бүтээхийн төлөө энэхүү шийдвэрийг гаргасан ба хүмүүсийн сайн сайхны төлөө зогсохгүй ажилласаар байх болно” гэсэн байв. Өнгөн талдаа ийм тайлбар хийсэн хэдий ч хөшигний ард арай өөр шивнээ явж байгаа. Тодруулбал, өнгөрсөн дөрвөн жилд МАН дотроо хагаралдаж нэг Засгийн газраа огцруулсан. Дараагийн Засгийн газрыг ч огцруулах оролдлого гарсан юм. Энэ бүх үйл явдлын дунд О.Содбилэг гэдэг хүн “32”-ын гэх тодотголтой талд явж байлаа. Ирэх сард болох сонгуулийн тойрогт өрсөлдөх хүмүүсийн нэрсийг харж байхад ерөнхийдөө М.Энхболдын талыг эргэлтгүй барьсан хүмүүсийг нэр дэвшүүлэхээс татгалзсан байна лээ. Тэдний дунд зайлшгүй орох хүн бол О.Содбилэг билээ. Гэхдээ сонгууль дөхсөн энэ өдрүүдэд намын дотоод зөрчил хурц ч бай, зөөлөн ч бай нуух нь зүйн хэрэг. Тэртэй тэргүй энэ намын өнгөн дээр л албан тушаал хашиж, улс орны төлөө хийж чадах зүйлсээрээ дэм болох хүмүүс хойно. 

УИХ-ын гишүүн О.Содбилэгийн хувьд өнгөрсөн дөрвөн жилд “шинэ цэрэг” байсангүй. Тэрбээр 2016 онд хоёрдахь удаагаа сонгогдсоны дараа Төрийн ордны хоёрдугаар давхрын нэгэн умгар өрөөнд төвхнөсөн юм. Уг нь бол тухайн жилийн сонгуулийн дүнгээр парламентад 42 шинэ гишүүн сонгогдсон гэхээр “хал цэрэг”-үүд өөрсдийн дуртай өрөөгөө сонгож болох бүрэн эрхтэй байлаа. Тэрбээр УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга болох хүртлээ тэр өрөөнд суусан. Учир нь уг өрөө түүний аав, ээж нь УИХ-ын гишүүн байхдаа сууж байсан өрөө аж. Ерөөсөө Монголын нэн шинэ түүхэнд буюу 1992 оноос хойш нэг гэр бүлийн тэр тусмаа ээж, аав, хүү гурав хууль тогтоох дээд байгууллагад сонгогдсон удаа үүнээс өөр байхгүй. Өнөөгийн парламентад УИХ-ын гишүүн Б.Наранхүү, Б.Саранчимэг гэсэн эгч дүү хоёр зэрэгцэн суугаа нь магадгүй түүнтэй ойртох үзүүлэлт байх. Энэ түүхийг дурдсан нь ямар нэг байдлаар буруутгах, харлуулах гэсэн агуулга үгүй юм. Аль ч улсад төрд үе дамжин зүтгэсэн жишээ өчнөөн л байдаг.

Түүний хувьд хэвлэлд хаалттай гишүүн гэдэг ангилалд орно. Ер нь ахуй амьдрал, албан тушаалын аливаа асуудалтай хүн хэвлэлээс дөлөөд байдаг талтай. Харин  О.Содбилэг гишүүний хувьд зүгээр л зан нь тэр. Найман жил УИХ-д суусан хэр нь сонин хэвлэлд яриа өгөөгүй, телевизийн хэлэлцүүлэгт ороогүй хүн өөр бараг байхгүй байх аа. Хамтран зүтгэгчид хийгээд намын нөхөд нь түүнийг “чимээгүй хөдөлмөрч” гэж ярих нь бий. Улстөрд ийм имиж зохих эсэхийг мэдэхгүй юм. Гэхдээ буурьтай улстөрчийн имижийг бол бүрдүүлсэн шүү.

Дөчиндолоодугаар тойрог: О.Баасанхүү

“Одоо О.Баасанхүү гишүүн үг хэлнэ” энэ бол УИХ-ын дарга асан М.Энхболдын хамгийн олон удаа хэлсэн үг юм гэнэ лээ. Богино онигоо маягийн зүйл л дээ. Гэхдээ өнгөрсөн дөрвөн жилд тэр үнэхээр содон байлаа. Парламентад есхөн суудалтай болтлоо ялагдсан АН-ынхан хуучин том буйрныхаа голд дипломат өнцөг бариад сууж байхад МАХН-ыг төлөөлсөн О.Баасанхүү шалтаг болгон дээр эрх баригчдыг шүүмжилж байсан юм. Үнэндээ УИХ-д нэг нам 65 суудал авна гэдэг хууль тогтоох дээд байгууллагыг бараг тавилттай жүжиг маягийн зүйл болгодог аж. Энэ дунд цөөнхийн үгийг хэлэх нь хууль гаргахаас илүү ач холбогдолтой ажил болж таарна. О.Баасанхүү хэмээх энэ шавилхан эрийн улс төрд орсон түүх Намбарын Энхбаяр гэдэг хүнтэй салшгүй холбоотой. Намтрыг нь харахад О.Баасанхүү гишүүн Төрийн захиргаа, удирдлагын хөгжлийн институтад багшаар ажиллаж, “Дэлгэрэнгүй хууль” ТББ-ыг байгуулж явжээ. Мөн 2000-2010 онд "Advocates International" олон улсын байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч, 2008-2012 онд Монгол Улс дахь Япон улсын Элчин сайдын яаманд хуулийн зөвлөх хийж байсан байх юм. Харин 2012 оны сонгууль холимог тогтолцоогоор болоход МАХН-ын нэрсийн жагсаалтаар парламентад сонгогдсон. Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн нэгэнтээ хэлснээр “Н.Энхбаярын оймсонд хавчуулагдаж УИХ-д орж ирсэн” хүн. 2012-2016 онд УИХ-д суухдаа богино хугацаанд боловч УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга, УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлгийн даргаар ажилласан. Ингээд 2016 оны сонгууль болоход МАХН-аас ганцаараа Эрдэнэтэд ялалт байгуулж УИХ-д хоёр дахь удаагаа ирээд байгаа юм. АН-ын төр барьж байсан нүүрэн дээр Худалдаа хөгжлийн банкныхан Эрдэнэтийн 49 хувийг оросуудаас авсан нь түүнд ялалт байгуулах боломж гаргасан ч гэдэг.

Харин хувь заяаны шоглоом гэх үү. Тэрбээр саяхан АН-ыг сонгож байгаагаа мэдэгдсэн. Үндэсний бодлогын хороонд нь сонгогдож ирэх зургаадугаар сард АН-аас Орхон аймагт нэр дэвших нь тодорхой болоод байгаа. Сонгууль дөхсөн энэ өдрүүдэд түүний Б.Хурц, Т.Бадамжунай нартай ярилцаж буй гэх бичлэг ч гарч ирээд байна. Ойрын өдрүүдэд иймэрхүү зүйлийг Монголын ард түмэн нэлээд үзнэ дээ. Эргээд сэдэв рүүгээ ороход О.Баасанхүү гишүүн АН-д элссэн нь тохиолдлын хэрэг биш. Тэрбээр хоёр дахь удаагаа УИХ-д сонгогдсоныхоо дараа бяр нь амтагдсан уу яасан мэдэхгүй. Ямар ч байсан Н.Энхбаяраас МАХН-ын даргын албан тушаалыг авах гэж оролдсон. Үүр шөнөөр Төрийн ордонд хурал хуй хийсэн гээд яриад байвал их юм бий. Тэр оролдлого нь бүтэлгүйтсэний дараагаас МАХН-ын гишүүн нэртэй бие даагч маягийн хүн болчихсон юм. Харин түүнтэй адил АН-ын гишүүн болчихоод байгаа бие даагч С.Жавхлангаас ялгаатай нь Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг дэмжээгүй. Байнга эсрэг талд үгээ хэлж ирсэн. Энэ өнцгөөс харах юм бол АН-д элссэнийг нь гайхаад байх юм байхгүй.

Тэрбээр, өнгөрсөн дөрвөн жилд МАХН-ыг төлөөлж УИХ-д ганцаараа суусан ч ганцаардсанаа гайхаж явсан удаа байхгүй. Харин ч хуулийн төслүүд санаачилсан тоогоороо толгой цохино. Ер нь хуульч мэргэжилтэй хүмүүс хууль тогтоох дээд байгууллагад сонгогдохоороо илүү идэвхтэй ажиллаж байгаа нь анзаарагддаг. Тэр жишгээр л явсан гэсэн үг.

Дөчиннаймдугаар тойрог: Д.Дамба-Очир

УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир бас тойроггүй үлдчихээд байгаа. Уг нь бол тэрбээр У.Хүрэлсүхийн талд зогсож байсан хүн шүү дээ. Магадгүй өнгөрсөн дөрвөн жилийн хамгийн дуулиантай явдлуудын нэг болох ХХААХҮЯ-ны харъяа Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас төрийн өндөр албан тушаалтнууд зээл авсан асуудалтай холбоотой байх. Аливаа төрлийн бизнес барьцаагаа тавиад шударгаар зээл авсан бол хууль зөрчсөн асуудал биш л дээ. Гэхдээ төрийн өндөр албан тушаалтнууд нөлөөлсөн байж болзошгүй гэдгээрээ энэ өндрөө авчихсан юм. Ерөнхий сайд У.Хүрэлсүх нэгэнтээ “60 тэрбум”, “ЖДҮ”-гийн асуудалд холбогдсон хүмүүсийг нэр дэвшүүлэхгүй гэж зарлаж байсан. Өнөөдөр МАН-аас нэр дэвшихээр тодроод байгаа хүмүүсийн нэрсийг харж байхад тэрбээр хэлсэндээ хүрсэн бололтой. Д.Дамба-Очирын хувьд улс төрд шинэ хүн биш. Өмнө нь 2008 онд Эрдэнэтээс сонгогдож УИХ-д сууж байлаа. 2012 оны сонгуулиар элдэв будлиан гүйчихсэн болохоос биш ялчихсан хүн гэж намынхан нь ярьдаг. Ямар ч байсан тэрбээр 2016 оны УИХ-ын ээлжит сонгуулиар Эрдэнэтийн итгэлийг дахин авч чадсан. Гэхдээ өнгөрсөн дөрвөн жилд чамгүй хэл ам түүнийг ороосон юм. Зарим нь ч зүгээр гүжир гүтгэлэг л дээ. Тэр янз бүрийн мэдээлэл гарах бүрт түүнд ирээд наалдчихдаг нэг асуудал бол Лүнгийн зам.

Тэрбээр 2017 онд УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны даргаар сонгогдож байлаа. Мөн Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг шалгах ажлын хэсгийн ахлагчаар ч томилогдсон. Гэвч учир битүүлэг байдлаар тус ажлын хэсгийн ахлагчаас бууж оронд нь УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва томилогдож байлаа. Сүүлд Ажлын хэсгийн дүгнэлтийг УИХ-аар ороогүй байхад Оюутолгойн талд өгсөн асуудалд орооцолдож байсан санагдаж байна. Ерөнхийдөө “Рио Тинто”-гийн хүн гэх хардлага явдаг. Өнгөц харахад өнөөдөр тэрбээр буруутай мэт байгаа. Гэхдээ үнэндээ ганц валют оруулдаг, улсад үр шим нь ирдэг томоохон төслийг оролдох нь ашигтай юу гэсэн асуулт гарна. УИХ-аас ажлын хэсэг ажиллуулж улмаар тогтоол ч гарсан. Тухайн үед Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг шалгах ажлын хэсгийг дэмжих УИХ-ын лобби бүлэг ч байгуулагдаж байлаа. Өнгөрсөн хугацаанд энэ гэрээг хийсэн хүмүүсийг хараасан, гадаадын хөрөнгө оруулалтыг хөөж туусан болгон “од” болж УИХ-д хүртэл заларч байв. Тийм ч болохоор 42 гишүүн анх удаагаа сонгогдсон өнөөгийн парламентад энэ асуудал босож ирэхэд дэмжээд гүйх хүн олон олдсон юм. Ямар улстөрч олны анхааралд орохоос буцах билээ дээ. Үр дүнд нь коронавирусний нөлөөгөөр дэлхий дахинд эдийн засгийн хямрал нүүрлэхэд бэлэн болчихсон байхад Оюутолгойн ирээдүй бүрхэг байдалтай болчихсон. Энэ өнцгөөс харах юм бол Д.Дамба-Очир гишүүнийг буруу талд зогсож байсан эсэхийг шүүхэд арай эрт байна.

Д.Дамба-Очир гишүүний хувьд өнгөрсөн дөрвөн жилд цөөнгүй хуулийн төсөл санаачилж ажиллажээ. Тухайлбал, УИХ-аар орж батлагдаад байгаа Хөдөлмөрийн тухай хууль, Эрүүл мэндийн тухай хууль, Сэргээгдэх эрчим хүчний тухай хууль, Үндсэн хууль, Эрүүгийн хууль, Хот, суурины ус хангамж, Ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөд түүний гар орсон юм. Түүнчлэн Сурагчдын үдийн цайг үдийн хоол болгох тухай хуулийн өөрчлөлт, жижиг, дунд үйлдвэрлэгчдийг дэмжсэн итгэлийн зээлийн хуулийн боловсруулалт дээр ч тэрбээр ажил­ласныг дурдах хэрэгтэй. 2016 онд МАН эдийн засгийн хувьд тун хүнд нөхцөлтэй улс орныг хүлээж авсан юм. Тухайн үед Засгийн газраас өр­гөн мэдүүлсэн Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах хөтөлбөр батлах тухай тогтоолын төслийн хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийн ахлагчаар Д.Дамба-Очир ажиллаж байлаа.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Mariane(156.0.213.4) 2020 оны 12 сарын 14

Сайн байцгаана уу хатагтай нар аа\nНамайг Мме Мариане ДУМОУЛИН гэдэг, би санхүүгийн чиглэлээр мэргэшсэн, томоохон санхүүгийн байгууллагыг төлөөлдөг.\nТанд зээл хэрэгтэй юу? Хэрэв хариулт нь тийм бол\nЗээлийг буцааж өгөх боломжтой бүх хүмүүст санал болгож байна.\nБид 5,000-5,000,000 еврогийн хооронд санал болгож байна\nМанай зээлийн хүү жилд 2% байдаг.\nБид танд тодорхой чиглэлээр туслах болно.\n* Хувийн зээл\n* Хөрөнгө оруулалтын зээл\n* Авто зээл\n* Моргежийн зээл\n* Бусад чиглэлүүд .....\nБидэнтэй имэйлээр холбогдоорой: marianedumoulin20@gmail.com\nwhatsapp: 0033 7 52 43 26 19

0  |  0
Mariane(156.0.213.4) 2020 оны 12 сарын 14

Сайн байцгаана уу хатагтай нар аа\nНамайг Мме Мариане ДУМОУЛИН гэдэг, би санхүүгийн чиглэлээр мэргэшсэн, томоохон санхүүгийн байгууллагыг төлөөлдөг.\nТанд зээл хэрэгтэй юу? Хэрэв хариулт нь тийм бол\nЗээлийг буцааж өгөх боломжтой бүх хүмүүст санал болгож байна.\nБид 5,000-5,000,000 еврогийн хооронд санал болгож байна\nМанай зээлийн хүү жилд 2% байдаг.\nБид танд тодорхой чиглэлээр туслах болно.\n* Хувийн зээл\n* Хөрөнгө оруулалтын зээл\n* Авто зээл\n* Моргежийн зээл\n* Бусад чиглэлүүд .....\nБидэнтэй имэйлээр холбогдоорой: marianedumoulin20@gmail.com\nwhatsapp: 0033 7 52 43 26 19

0  |  0
сонголт(103.212.118.184) 2020 оны 05 сарын 20

Яадагч байсан ”Баасанхүү”гээ дэмжээрэй. хХний хуучин дээлийн шинэ гэж өвгөдийн сургаал үг бий. ЖДҮ-чин,тендэрчидээс арай дээр, гар нь бага бохирдсон байх магадлалтай

0  |  0
зочин(192.82.78.116) 2020 оны 05 сарын 20

Хагартлаа баяжсан нөхдүүд цадахгүй бол дэлбэрнээээ!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!\n

0  |  0
Top