ОЛОН ӨНГӨ: Илчлэлт

Автор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 27

Он жил, сар өдрөөр ой ухаан, зүрх сэтгэлд уяатай байдаг үнэт зүйл хүн бүхэнд байдаг. Хүний нүдэнд өртөмгүй ялих шалихгүй эмзэглэл хөндүүр, хэн дуртай нь мэдрээд байхгүй хэтийдсэн их догдлол хөөр, хэний ч хараагүй салхины өнгө, хэний ч мэдрээгүй сарны нулимс гээд хүн бүхний мэдрэмж өөр. Хэзээ цагийн өглөг буян, эсвээс үйлийн үрээр хэн нь юуг илүүтэй мэдэрч, бүтээх вэ гэдэг л сонин. Бүтээнэ гэдэг амьдрахын утга учир мэт. Бүтээхүйн өмнө бүхий л мэдрэмж сэтгэлд ураг шиг бүрэлдэж, амин цохилго нь тэмтрэгдэж эхэлдэг.

Орчлонгоос хахь ондоо, зэргэлдээ ертөнц хийгээд үхэл, амьдрал, сайн муу, сайхан, муухай юуг ч бүтээсэн хүн түүнийг сэтгэлдээ л тээж төрүүлдэг нь жам ёс. Цаасан дээр шүлэг болон буух, зотон дээр зураг болон амилах, төгөлдөр хуурын товчлуур дээр аялгуу болж эгшиглэх хүртлээ бүтээхүй гэдэг мөнөөх сэтгэлийн тээш дотоод ертөнцөд хүйн холбоотой оршсоор байдаг. Шинэхэн номоо гар дээрээ имэрч, шинэхэн зургаа үзэсгэлэнд дэлгэж, шинэхэн бүтээл бүхнээ бодит ертөнцийн нэг хэсэг болгосныхоо дараа л амаржсан эх шиг амсхийж, амьсгаа уужуухан авч тайтгардаг. Тиймээс бүтээгч бүхэн хүн төрөлхтөнд өөрийн чинад нууцаа дэлгэж, өөрийгөө илчилж байна гэсэн үг. Хэрэв энэ илчлэлтээс эмээж байгаа бол та бүтээж чадахгүй. Уран бүтээл гэдэг хязгааргүй эрх чөлөө дундах нисэлт учраас тэр нислэгээс шүүрсэн үнэт зүйлээ чандлан ураг адил бүрэлдүүлэх нь таны л хэрэг.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top