Хүүхдийн баярыг тэмдэглэх УДИРДАМЖ баталжээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 05 сарын 26

Улсын онцгой комиссийн өргөтгөсөн хурал өчигдөр болж, коронавируст халдварын эрсдэлийн үнэлгээгээр Монгол Улс өндөр эрсдэлтэй гэсэн дүгнэлт гарсан тул хөл хориог зургаадугаар сарын 30 хүртэл сунгах санал гаргасныг комиссын гишүүдийн 100 хувийн саналаар дэмжсэн. Тэгвэл “Ковид-19” халдварт цар тахал гарсан энэ үед Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын А/130 тоот тушаал гарч, Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу зургаадугаар сарын 1-нийг “Хүүхэд гэр бүлдээ жаргалтай” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэх удирдамжийг баталлаа.

Дээрх удирдамжийн хүрээнд Ковид-19 цар тахалын үед гэр бүлийн бүх гишүүдийн үүрэг хариуцлагыг нэмэх, гэр бүл дэх хүүхэд, хөгжил хамгааллыг сайжруулах, хүүхдэд ээлтэй гэр бүлийн орчинг нэмэгдүүлэх, дэмжих, тэгш оролцоог хангах хүрээнд Хүүхдийн эрхийг хамгаалах олон улсын өдрийг “Хүүхэд гэр бүлдээ жаргалтай” уриан дор гэр гэртээ тэмдэглэн өнгөрүүлэх уриалгыг гаргаж байгаа юм.

Хүүхдийн эрхийн хамгаалах олон улсын өдрийг угтан Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас олон арга хэмжээг зохион байгуулжээ. Тухайлбал, эрсдэлт нөхцөлд байгаа хүүхэд болон гэр бүлд шууд болон шууд бус дэмжлэг үзүүлэх, Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулиудын эцэг эх асран хамгаалагчийн үүрэг хариуцлагатай холбоотой зүйл заалтыг танилцуулах мөн байгууллагын Эцэг, эхийн зөвлөлийн үйл ажиллагааг идэвхижүүлэх зэрэг арга хэмжээг авч байгаа юм.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(103.14.38.142) 2020 оны 05 сарын 26

Гэр гэртээ л хүүхдийн баяр тэмдэглэсэн нь дээр ш дээ.

0  |  0
Top