Энэ он гарсаар АИ-92 шатахуун 440 төгрөгөөр ХЯМДАРЧЭЭ

2020 оны 05 сарын 27

Ашигт малтмал, газрын тосны газраас шатахууны үнэ өнгөрсөн найман сарын хугацаанд тогтвортой байсан талаар мэдээлэв.

Тус газрын дэд дарга Ц.Эрдэнэбаяр  “Засгийн газрын  тогтоолоор дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ буурсантай холбоотойгоор бүх төрлийн шатахууны үнийг 300-400 төгрөгөөр буулгах,  урт хугацаанд үнийг тогтвортой байлгахаар заасан. Тогтоолыг хэрэгжүүлэхийн тулд АИ-92 шатахууны үнийг найман сарын хугацаанд тогтвортой байлгах ажлыг хийж гүйцэтгэж байгаа” гэлээ. 

Дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ буурсантай уялдан шатахууны импортын хилийн үнэ нэг тонн нь оны эхэнд 630-646 ам.доллар байсан бол энэ сард шатахууны хил үнэ өмнөх сартай харьцуулахад 98-158 ам.доллараар буурсан байна. Манай улсын шатахууны хэрэгцээний 95 хувийг хангадаг ОХУ-ын “Роснефть” компаниас манай улсад нийлүүлж буй хилийн үнэ ийнхүү буурчээ.

Улмаар шатахууны  компаниуд өнгөрсөн гуравдугаар сарын 18-наас эхлэн АИ-92 шатахууны үнийг 45-95 төгрөгөөр, дизелийн түлш 0-120 төгрөгөөр бууруулсан. Мөн одоогоос сарын өмнө  АИ-92 шатахуун 300 төгрөгөөр, дизелийн түлш 190-310 төгрөгөөр хямдарсан юм.

Хамгийн сүүлд энэ сарын 23-нд  АИ-92 шатахуун 80-100 төгрөгөөр, АИ-95  200 төгрөгөөр, дизелийн түлш 160 төгрөг буурчээ. Нийт дүнгээр А-80 шатахуун 380 төгрөг, АИ-92 475 төгрөг, АИ-95  440 төгрөг, дизелийн түлш 590 төгрөгөөр буурсан байна. Иргэдийн хэрэглээндээ хамгийн түгээмэл ашигладаг АИ-92 шатахууны дундаж үнэ Улаанбаатарт 1360 төгрөг байгаа бол дизель түлш 1990 төгрөг болж тогтворжсон байна.

Тэгвэл өчигдөр дэлхийн зах зээл дээр “Брент” төрлийн газрын тосны үнэ нэг баррель нь 35.77 ам.доллар ханштай байсан нь өнгөрсөн долоо хоногийн үзүүлэлттэй харьцуулахад 17.5 хувиар өссөн үзүүлэлт болж байгаа аж. Энэ он гарсаар газрын тосны үнэ 50 гаруй хувиар унасан нь дэлхий дахинд Ковид-19 цар тахалтай холбоотой хөл хорио, хилийн хориг зэрэг байдлаас үүдсэн. Харин ОПЕК+ орнууд өдрийн олборлолтоо энэ сарын 1-нээс  эхлэн 11 гаруй сая баррелиар бууруулах шийдвэр гаргасан болон зарим томоохон улс орнууд хоригийн горимоо цуцалсан нь “Брент” төрлийн газрын тосны үнэ ийн өсөхөд нөлөөлжээ.

Гадаадын зах зээл дээр зургаадугаар сараас үнэ нэмэгдэх хандлагатай байгаа ч Монголд АИ-92 бензиний үнэ тогтвортой байна гэдгийг энэхүү мэдээллийн үеэр өглөө. Засгийн газраас тогтоолын дагуу шатахуун импортлогч 22 аж ахуйн нэгжүүд 133 мянган тонны хэмжээний газрын тосны бүтээгдэхүүний компанийн нөөцийг бүрдүүлж байна. Одоогоор улсын хэмжээнд ердийн хэрэглээний 39 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байгаа бөгөөд үүнээс А-80 шатахуун 61, АИ-92  33, дизелийн түлш 40, ТС-1 буюу онгоцны түлш найм хоногийн нөөцтэй байгаа аж.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(103.57.95.238) 2020 оны 05 сарын 27

Сонгууль өнгөрөөл нэмийшд битгий хөөр

0  |  0
Top